Зургийн тайлбар: 2022 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрөөс эхэлсэн жагсаал Сүхбаатарын талбайд эхэлж, олон хоног үргэлжилж бөгөөд эрх баригчид эцэст нь албадан тараасан юм.
Нүүрсний хулгай гэх монголчуудын баялгийг цөлмөсөн дуулиант хэргийг шударгаар шийдэхийг жагсагчид шаардаж, хэдэн их наядын нүүрс хулгайлсан хулгайчдын нэрсээ жагсагчид зарлахыг шаардсан юм. Жагсагчдын тавьсан шаардлагыг дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр ч удаа гарч ирж, эцэстээ хэлэлцээрт орсноор олон хоног үргэлжилсэн жагсаал тарж байв.
Тэгвэл яг нэг жилийн өмнө нүүрсчдийнхээ нэрсийг зарлахыг шаардсан жагсаал энэ жил дахин давтагдах нь хэмээх яриа олон нийтийн дунд ил, далд яригдаж эхэлжээ. Энэ жагсаалаас хойш ямар үр дүн гарав, нүүрсний хулгайчидтайгаа эрх баригчид хэрхэн тэмцэн, хэн хэнд хариуцлага тооцож, шударга ёсыг тогтоосон бэ.
Ердөө долоо хоногийн дараа алдарт нүүрсний хулгайн асуудалтай холбоотой нүүрсний сонсгол товлогдоод буй.
Тодруулбал, арванхоёрдугаар сарын 4-ний өдөр УИХ-аас томилогдсон гишүүдээс бүрдсэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж, гардаж зохион байгуулна.
Өнгөрсөн жилээс эхэлсэн нүүрсний хулгайн хэргийн сонсгол дуншиж дуншиж, энэ удаад олон нийтэд нээлттэйгээр сонсгол зохион байгуулагдах гэж байна. Гэхдээ олон нийтийн хүсч буй сонсгол болно гэдэг эргэлзээ дагуулсаар буй. Анх зарлагдахдаа олон улстөрчийн нэрс, хамаарал бүхий компани, холбоо сүлбээтэй, бүхэн бүтэн нүүрсний бүлэглэл байна гэж зарлаж байсан бол одоо хоёрхон буруутантай шүүх хурал шүүх дээр элдэв шалтаг, шалтгаанаар хойшилсоор өдийг хүрч буй. Том эхэлсэн, том дугарсан шигээ нүүрсний гэх хэрэг байгаагүй нь үнэн. Бүтэн жил орчмын хугацаанд хуулийн байгууллага шалгаж, шалгаж УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгойн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг болон тэдэнтэй хамт цөөн хэдэн хүмүүсийг шүүх хурал үргэлжилж буй. Гэхдээ шүүх хурал ямар нэг шалтгаантайгаар хойшилсоор, тодорхой шийдвэрт хүрэхгүй байсаар өнөөдөртэй золгож байгааг олон нийт мэдэж буй.
Нүүрсний сонсголтой зэрэгцээд улс төрийн халуурал Сүхбаатарын талбайд үргэлжлэх нь гэсэн яриа улс төрийн хүрээнд гараад удав. Нүүрснийхэн нь мөнгө тарааж жагсаал, цуглаан зохион байгуулах нь тодорхой болж, бэлтгэлдээ гарсан гэх. Үүнтэй зэрэгцээд Ардчилсан нам доторх асуудал ч хурцдах төлөвтэй хэмээн улс төрийн цаг агаар шинжээчид тайлбарлаж сууна. Үндсэндээ Нүүрсний сонсголд хүч өгөх жагсаал гэж тодорхойлох нь ч байна. Улс төрийн цаг агаарын төлөв уншигчдын хэлж буйгаар экс Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй хүмүүс намынхаа удирдлагыг гартаа авах санаархал нь жагсаалтай ч зэрэгцэх эсвэл жагсаалтай зэрэгцэн явах сценаритай гэнэ. Ингэж дүгнэж болох ч үйл явц өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд улс төрд “эргэн ирэлт” хийхээр удаан хугацаанд бэлтгэсэн бөгөөд саяхан болж өнгөрсөн нийслэлийн Ардчилсан намын сонгуулиар өөрийгөө ил гаргасан гэх яриа Ардчилсан нам дотор гарсан. Учир нь нийслэлийн Ардчилсан намын даргад М.Тулгат, Д.Батцогт нарын хооронд л тулаан үргэлжилж, Д.Батцогт ялалт байгуулж, нийслэлийн Ардчилсан намын дарга болсон. Д.Батцогтыг дэвшүүлж, санхүүжилт, сойсон хүн нь Х.Баттулга. Хэдийгээр Ардчилсан нам дотроо эрх мэдэлгүй ч орон нутгийн хөл сайтай, мөнгөтэй учраас Х.Баттулга одоогоор АН дотроо том орон зайг эзэлж буй. Тиймээс ч Х.Баттулга ба бусад гэсэн хуваагдал АН дотор бий. Х.Баттулга ба бусад нь гэсэн орон зайгаа нэг алхам урагшлуулсан үйлдэл бол нийслэлийн АН-ын даргаар Д.Батцогтыг томилуулсан явдал. Мэдээж тэр нам дотроо орон зайгаа томруулахаас гадна эрх баригчидтай “үзэх” нэг аргаа жагсаал хэмээн тодорхойлсон байж болох. Жагсаал цуглааныг ч тэр гарамгай зохион байгуулдаг нэгэн гэж улстөрчид ярих нь бий. Ийн жагсаалын араас намынхаа удирдлага руу чиглүүлсэн акцаа үргэлжлүүлнэ. Энэ нь намынхаа одоогийн удирдлага руу чиглэх бөгөөд жагсаал бараг л түүний өмнөтгөл болно гэж тодорхойлж байна.
Харин нүүрсний сонсголын хүчийг сулруулах хүсэл нүүрсчин гэж нэрлэгдсэн хүмүүст бий учраас энэ удаагийн жагсаалд ч тэднийг оролцох нь тодорхой гэжээ. АН, МАН-гүй нэрлэгдсэн, нүүрсний гэх 40 их наядын хэрэгт холбогдсон, хамаарал бүхий гээд тоочвол олон нэрс цуврах байсан. УИХ нүүрстэй холбоотой УИХ-ын гишүүн асан Б.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн. Тэднийг өөрсдөө болон хамаарал бүхий этгээд, мөн эрх мэдлээ урвуулан ашиглаж, нөлөөлсөн бөгөөд хэрэг шалгахад саад учруулж байгаа хэмээн чөлөөлсөн байдаг. Түүний араас 40 их наядын нүүрсний хэрэг хэрхсэн нь тодорхойгүй болж, Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгойн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нь шүүхийн танхимд гэм буруутай эсэхээ шүүлгэж буй. Тэдний хэлж буйгаар зөвхөн өөрсдөө буруутан биш жинхэнэ нүүрсчдээ, буруутнуудаа хамт шүүлгэхийг хүсч буйгаа илэрхийлээд байгаа ч хуулийн байгууллага энэ асуудлаар тодорхой шийдэлд хүрсэн, олон нийтэд тайлагнасан нь алга. Шалгаж байгаа гэх ганц үгээр ам таглаж, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарынх нь шүүх хурал аргацаасаар Нүүрсний сонсгол болон цагтай тулж ирэв. Тиймээс нүүрсний сонсголыг үр дүнтэй болгохгүй, хүчийг нь сулруулах 40 их наядтай холбогдсон хүмүүст бий.
Мэдээж нүүрсний гэх сонсголыг амжилттай зохион байгуулж, улс төрийн нүүдлээ лавшруулах, сонгуулийн бэлтгэл болгож өрсөлдөгчөө намнах тактикаа боловсруулсан байж таарна, эрх баригчид хэмээн таамаглах нь ч байна. Үүнийг нь шинэхэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр гардаж хийхээр тохиролцсон, анх сайд болохдоо л нүүрсний сонсголоор залуучуудын хэлдгээр “би жинхэнэ ална” хэмээн ам гарсан гэх яриа ч чих дэлсэж байсныг сануулая. Б.Энхбаярын хувьд Хөгжлийн банкны хэргийн сонсголыг зохион байгуулж байсан. Үр дүнгээ өгсөн үү гэвэл өгсөн. Гэхдээ хөгжлийн банкны гэх хэрэгт УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт ял өгснөөс өөрөөр хуулийн байгууллага, улстөрчдийн зарласан нэрсээс хариуцлага хүлээсэн нь тун цөөхөн. Мэдээж сонсгол зохион байгуулснаар Хөгжлийн банкны өр зээл төлөгдөж, бондын өрөө төлсөн гээд үр дүнтэй ажлууд байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ анх зарлагдсан шигээ, анх мэдээлэгдсэн шигээ “аймар” зүйл болж чадаагүй нь үнэн. Тиймээс энэ удаагийн нүүрсний сонсголыг ямар сценартай зохион байгуулахаас олон зүйл шалтгаалах учраас хүчийг нь нэмэгдүүлэхээр жагсаалд эрх баригчид оролцоно гэсэн бор шувуу нисч байгааг үгүйсгэмгүй.
Нүүрсний гэх том хэрэгтэй холбоотой сонсгол болдгоороо болно. Чухам энэ сонсголд хүч өгөх эсрэгээрээ хүчийг нь сулруулах бүр эсэргээрээ зөвхөн улс төрийн ашиг хонжоо, эрх мэдлээ бататгах гэсэн атгаг санаа гээд олон зүйлийг “бүрдэл” үүсч, үүний илрэл нь жагсаал болон хувирах төлөвтэй.
Энэ мэт эрх ашгаас илүү гэм буруутайд нь хариуцлага тооцож, хэн нэгэнд нь улс төрийн оноо авах гэсэн шоу болгохгүй, хууль, дүрмээ баримталсан, нөлөөнд автахгүй, шударга сонсгол болоосой гэдгийг л олон нийт хүсч, хүлээж байна.
Холбоотой мэдээ