УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ногоон автобусны худалдан авалтын ажиллагааг шалгах Хянан шалгах түр хороо байгуулах зорилгоор гишүүдээс гарын үсэг цуглуулсан байна. Нийтдээ 20 гаруй гишүүн дэмжжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 12 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан дээр МАН-ын 11 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байгаа.
УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Ц.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Б.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын 11 гишүүн зурсан байна.
Бидний санаачлагыг дэмжиж, гарын үсэг зурсан гишүүддээ баярлалаа. УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах Түр хороо гэдэг бол хэнийг ч мөрдөн мөшгөх, хэнийг ч танхимд дуудаж, мэдээлэл авах бүрэн боломж нээж өгч байгаа. Эрх баригч намынх ч гэсэн сөрөг хүчинтэйгээ хамтарч үнэн мөнийг олохын төлөө зорьж байна. Гарын үсгийг УИХ -ын даргад өргөн барина. Гарын үсэг зурснаар өргөн баригдаад Түр хороо байгуулагдах нь баталгаажина гэсэн үг.
МАН-ын бүлгийн зарим гишүүн гарын үсэг зурахаас татгалзсан байна лээ. Эрх баригчдынхаа хулгайг ил болгохгүйн тулд татгалзаж байж магадгүй, эсвэл хулгайтай холбоотой ч байж магадгүй.
Үнэн мөнийг олъё гэж байгаа бол хулгай, авлигаас ангид ажиллахын төлөө амлалтаа л биелүүлэх ёстой” гэсэн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ