Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн энэ улирлын өрсөлдөөн улам сонирхолтой болж байна. Багууд хэдийнэ 6-8 тоглолтыг хийж, тамирчид ч формоо, дасгалжуулагчид ч учраа олж байх шиг. Шинэ цэргүүд ч багийнхаа тоглолтод уусч, үр дүнгээ өгч эхэллээ.
Үндэсний дээд лигийн солилцоо, наймааны цонх арванхоёрдугаар сарын 1-ний өдөр өндөрлөнө. Багууд ч энэ хугацаатай уралдан легионер тамирчдаа сэлбэж, шинэчилж байна.
Сүүлд л гэхэд “IHC Apes” баг Александр Митровичийг нутаг буцаан түүний оронд Монголын сагсан бөмбөг сонирхогчдын эчнээ мэдэх Кристофер Блэйкийг авчрав. Өнгөрсөн улирал Бишрэлт Металл багийг финалд хүрэхэд ачааны хүндийг үүрсэн Блэйкийн хамгаалалт, довтолгоо “Apes”-д хэрэг болох биз.
Ийнхүү Блэйк Монголд гурав дахь багтаа хүчин зүтгэж байна. Тэрбээр анх Завхан “Brothers”-д ирж байлаа.
Блэйк шиг Монголд буурь сэлгэсэн хэд хэдэн легионер тоглогч бий. Тухайлбал, Өмнөговь Ёлууд багт хүчин зүтгэж буй Уиллиам Стенфорд өнгөрсөн улирал Хасын Хүлэгүүдтэй улирлыг эхлүүлсэн ч удалгүй нутаг буцсан. Тэрбээр энэ улирал хэдийнэ 150-аас дээш оноо аваад байна.
NBA-д бүртгэлтэй явсан Даймонд Стөүн Завхан "Brothers" багт эргэн иржээ.
Мөн Энтони Харрис, Фредрик Лиш, Харвис Саммерс нар эргэн ирсэн. Харрис Төв Ургацаас эхлэн Архангай Алтан Дорнодын Дайчидаар дамжин эцэст нь “TLG” Ондилт багийнх болов. Тэгвэл Лиш энэ улирал Завхан “Brothers” бус Сэлэнгийн Бодонгуудад, 2019 онд Гарьдтай хамт аварга авч байсан Харвис Саммерс энэ улирал Дархан Юнайтед багт тус тус ирчээ.
Холбоотой мэдээ