Найз охиноо хөнөөсөн хэргээр 10 жил шоронд хорих ял эдэлж буй Өмнөд Африкийн Олимпийн тамирчин Оскар Писториус өнөөдөр /2023.11.24/ тэнсэн харгалзаж суллагдах магадлалтай байна. "Илдэн дээр гүйгч" нэрээр алдаршсан Оскар Писториус 2013 оны Валентины өдөр найз охин, Өмнөд Африкийн модель Рийва Стийнкэмпийг хөнөөж, 13 жил 5 сар шоронд хорих ял авсан юм. Тэрбээр 2014 оны сүүлээс эхлэн ялаа эдэлж эхэлсэн байдаг.
Өмнөд Африкийн хуулийн дагуу хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс ялынхаа талыг эдэлсний дараа тэнсэн харгалзаж суллагдах боломжтой. Мөн хоригдлыг тэнсэн суллах янз бүрийн хувилбарууд байдаг. Өршөөлийг хэлэлцэх зөвлөл нь гэмт хэрэгтэн шоронд байгаа байдал, сэтгэцийн эрүүл мэнд, суллагдсанаар нийгэмд учирч болох аливаа эрсдэл зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үздэг байна.
Писториус найз охиноо шөнө гэрт нь нэвтэрсэн дээрэмчинтэй андуурч, угаалын өрөөний хаалганы гаднаас олон удаа буудаж хөнөөсөн гэж мэдүүлсэн. Гэхдээ прокурорууд түүнийг найз охинтой маргалдаж, хөнөөсөн гэж маргасан юм.
Энэ хэрэг гарах үед Писториус алдар нэрийнхээ оргилд байсан бөгөөд Олимпод уралдсан анхны хоёр хөлгүй тамирчин болоод байв. Мөн тэрбээр Паралимпийн богино зайн уралдаанд олон удаа түрүүлсэн алдартай тамирчин юм. Писториус өвдөгнөөс доош хоёр хөлөө тайруулж, нумарсан хэлбэртэй ган төмөр дээр гүйдэг байснаас "илдэн дээр гүйгч" гэх нэрийг авчээ.
ЭХ СУРВАЛЖ: WFLA
Холбоотой мэдээ