Улсын Их Хурлын өнөөдрийн /2023.11.24/ чуулган эхэллээ. Чуулганаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал үг хэлж, асуулга тавьж, хэлэлцэх асуудал руу орно.
Цалинтай ээжийн 50 мянгыг нэрийг нь солих эсвэл мөнгөн дүнг нэмэх талаар яригдаж байна
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:
-Иргэн Р.Цэндсүрэн цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг та дэмжиж байна уу? гэсэн цахим өргөдлийг D Parliament сайтад үүсгэсэн. Энэ санал иргэний 100 мянгаас дээш саналыг авсан. Нэг бол нэрийг нь солих, нөгөө бол мөнгөн дүнг нэмэх талаар яригдаж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг нэмэх, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг өөрчлөх гэдэг хоёр өргөдөл гаргасан. Энэ бол татварын цогц шинэчлэл хийх асуудал болсон учир ажлын хэсэг гаргасан.
Татварын цогц шинэчлэлтийг яаралтай хийхээр дүгнэлт шинжилгээг хийж, хаврын УИХ-ын чуулганаар оруулах үүрэг өгсөн ч хэрэгжээгүй байсан.
Тус ажлын хэсэг одоо ч үргэлжлүүлж ажиллаж байгаа. 100 мянгаас дээш санал тавьсан гурван саналын тухайд төрийн санхүүгийн бодлогод шинэчлэлт хийх шаардлагатайг харуулж байна. Төсвийн орлого, зарлагаа оновчтой төлөвлөх хэрэгтэй. Нэг цонх хагархай байсаар байвал нөгөө нь хагархай байсаар байна. Тиймээс эмх замбараагүй байдлыг арилгаж, иргэдийн хүсэл сонирхлыг заавал харгалзаж иргэдэд хариуг өгөх ёстой.
Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан түлшний асуулгын хариугаар чуулганаа үргэлжлүүлье.
Энэ асуулгад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариулна.
Эрчим хүчний сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН:
-УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн асуулгын хариуг та бүхэн танилцуулъя. Асуулга1. Улаанбаатар хотын агаарын чанар автомашин, гэр хороолол, орон сууцны хороолол, үйлдвэрүүдийн агаар бохирдуулагчийг автомат багажаар тодорхойлж байна. 2022-2023 оны халаалтын улиралд PM2.5 тоосонцрын агууламж 65 микрограмм метр куб, PM10 тоосонцрын дундаж агууламж 107 микрограмм байгаа нь багануурын нүүрс түлж байх үеийнхэнтхэй харьцуулахад 50 хувь бага байна.
Асуулга 2. Гэр хорооллын айлуудад цахилгаан халаагуур ашиглах техникийн боломж бүрдүүлэх ажлын хүрээнд агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 86,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2017-2019 онд Улаанбаатар хотын 41 мянган айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг хангаснаар айл өрхийн цахилгаан хангамж сайжирч, шугам сүлжээний алдагдал буурч, айл өрхүүд 4 КВт чадалтай цахилгаан халаагуураар гэр орноо халаах нөхцөл бүрдсэн. Хоёрдугаарт, халаалтын зуух төвлөрсөн дулаанд холбох ажлын хүрээнд 2017-2020 онд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 236 халаалтын зуухыг зогсоож, 336 иргэний барилга обьетыг төвлөрсөн дулаанд холбосон. Гуравдугаарт, цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт. Гэр хороолын айл өрхөд 2017 оноос хойш агаарын чанар сайжруулах шаардлагатай бүсэд амьдарч байгаа гэр хорооллын хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний тарифт хөнгөлөлт үзүүлж байна.
Нэг сарын тарифаас дээш хэрэглэсэн тохиолдолд 50 хувиар хөнгөлж байгаа.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 318 дугаар тогтоолоор аймгийн төвүүд болон 10 мянгааш дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тоолууртай айлуудын тарифын 50 хувийг хөнгөлөх заалттай.
Цахилгааны тарифын хөнгөлөлтөд улсын төсвөөс 2017-2022 онуудад өссөн дүнгээр 52,2 тэрбум төгрөг. 2023 оны хүлээгдэж байгаа дүнгээр гүйцэтгэл 85,8 тэрбум төгрөг зарцуулахаар байна.
Асуулга 3. Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Иргэдийг угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлж, хяналт тавих, яндан зуухны засвар үйлчилгээ үзүүлэх заавар зөвлөмж өгч ажиллах хэрэглэгчдээс ирж байгаа гомдол саналыг хүлээн авах зорилготой хэрэглэгчдэд үйлчлэх төв ажиллаж байна. Тус төвөөс долоон дүүргийн гэр хорооллын 182 мянган өрхөөс зуухны судалгаа авахад 127 мянга нь чанарын шаардлага хангахгүй зуухтай байгаа нь угаарын хийд иргэд өртөх гол шалтгаан болж байна. Угаарын хийн хордлогод:
-2019 онд- 2780
-2020 онд- 786
-2021 онд- 426
-2022 онд- 256 иргэн өртсөн байна.
Тавантолгой түлш ХХК нь 2018-2022 онуудад сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төсөлд, Эрдэнэс тавантолгой ХК болон БОАЖЯ-наас нийт 826,6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд 236,9 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад, 586,7 тэрбум төгрөгийг үндсэн үйл ажиллагааны зардалд зарцуулсан. Тавантолгой түлш ХХК нь зүүн бүсийн үйлдвэрт өргөтгөл шинэчлэл хийж үйлдвэрийн хоёр шугамын хүчин чадлыг нэмэгдүүлснээр нэг тонн түлшний үнэ 30 мянган төгрөгөөр буурна.
УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:
-Улаанбаатар хотын нөхцөл байдалтай холбоотойгоор
Газрын тухай хуулийг дэмжив
УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:
-1990 оноос хойшхи зах зээлийн нийгэмд газрын харилцааг зохицуулж байгаа харилцаанд хуулийн цоорхой байна уу. Бид хоёр том хөрш оронтой хиллэдэг. Өнөөг хүртэл зөрчил маргаангүй байгаа нь бидний өвөг дээдэстэй холбоотой. Гэтэл дотооддоо газрын асуудалтай байж болохгүй. Ашиг ариожаа хайсан 30 жилийн хооронд хаашаа явж байна вэ? Гишүүдийн санаачилж байгаа хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна.
2012-2016 онд Бэлчээрийн тухай хуульд өөрчлөлт оруулахад мэргэжлийн хүмүүс, судлаачдыг урьж оролцуулж Төрийн ордонд хэлэлцүүлэг хийж байсан.
Судлаачид газрыг хөдөлгөөнгүй хашаажуулж эзэмшүүлнэ гэдэг боломжгүй зүйл гэдгийг онцолж байсан. Хэнтий аймгийн цэнхэр мандал суманд 50-100 мянга га газарт айл өрхүүд нийлээд ногоон тэжээлээ тариалаад хувааж авдаг. Ийм сайн жишиг байж болох уу?
УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:
-Бэлчээр хашиж болохгүй гэдгийг бид бүгд зөвшөөрч байгаа. Хашина гэдэг ойлголтыг зөвойлгох нь чухал. Энэ хууль эх оронч хууль. Малчин иргэн, өрх бүрийг дэмжих, аж ахуй нэгж болгох дэмжлэг үзүүлсэн хууль. Тиймээс 0,5 га газрыг 1,5 га газар болгохыг л зорьж байна. Улс орны эрх ашигтай холбоотой асуудал учир бид зөв ойлгуулах нь чухал.
УИХ-ын дэд дарга л.МӨНХБААТАР:
-Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцүүлэхийг гишүүдийн 56 хувь дэмжиж, үдээс өмнөх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа.
Өвөлжөө, хаваржааны нэг цэг дээр зөвшөөрөл олгох нь зөв
УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН:
-Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Өвөлжөө, хаваржааны зориулалттай газрыг нэмэгдүүлж, тухайн эзэмшлийн газартаа төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал тариалах бололцоо оруулж өгч байгаа юм байна. Нэгдүгээрт, хэлэлцүүлгийн явцад өвөлжөө, хаваржааны нэг цэг дээр зөвшөөрөл олгохыг хүсч байна. Хоёрдугаарт, хашаалахгүй байх. Гуравдугаарт, иргэнд өвөлжөө, хаваржааны газрыг олгоно гэвэл боломжгүй. Тиймээс нэг газар гэж хязгаарлах нь зүйтэй болов уу. Хуулийг бол дэмжиж байгаа.
УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:
-Өвөлжөө, хаваржааны аль нэг дээр гэдгийг тодруулахаар ярилцаж байсан. Газрын тухай хуульд эзэмшлийн нэг га газар гэж тусгасан учраас албаныхан тайлбар хэлж байсан. Гэхдээ ажлын хэсэг засаад явах байх. Хоёрдугаарт, бэлчээр хашихтай холбоотой малчид маш эмзэг байгаа. Бэлчээр угаасаа хомсдолтой байгаа энэ үед харин ч энэ нь эсрэгээрээ тустай. Малчид 0,5 га газар эзэмшиж байгаа. Түүн дээр нэмээд нэг га газар өгье гэж байгаа. Ингэснээр 1,5 га газраа ашиглаж, төмс хүнсний ногоо, таримал ургамлаа тарина.
Орон нутгаар явж байхад дэмжиж байгаа иргэд газраа зарчихвал яах вэ? гэдэг асуулт гарч байгаа.
Өвөлжөө, хаваржаа мал бүхий иргэндээ л олгогдоно. Зөвхөн малчдад буюу өрхөд нэг га газар л олгоно гэсэн үг. Мал бүхий иргэн гэхээр бас боломжгүй.
Малчид газар эзэмших боломжгүй болж байна
УИХ-ын дэд дарга Л.МӨНХБААТАР:
-Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:
-Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг хийж байна. Бэлчээрийн талбайн хэмжээ байнга буурч байгаа. Манай орны хөдөөгийн газар нутаг сүүлийн 10 жилд 10 орчим сая га газраар буурсан. Хөдөө аж ахуйн газар нь байгалийн унаган төрхөөрөө харилцан адилгүй учир дотроо хуваагддаг. Бэлчээрийн 116 сая га газар, тариалангийн нэг сая 71 мянган га газар, хөдөө аж ахуйн дэвсгэр 106 мянган га газар тооцоо байгаа. Газрын нэгдмэл сангийн нэгдсэн тайланд дурдсанаар 137 мянган иргэн өвөлжөө, хаваржааны газар эзэмшиж байна. Тариаланд эзэмшиж байгаа нийт талбайн хөрсний 36 хувь элсэнцэр, 53 хувь нь хөнгөн шавранцар, хөнгөн механик хөрсөнд газар тариалан эрхлэхэд элэгдэл хорогдол их гарч байна.
Тариалангийн тухай хуулийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу атар газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхийг хориглосон учир эрхзүйн хувьд учир дутагдалтай.
Өөрөөр хэлбэл, малчид газар эзэмших боломжгүй болж байна.
УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАР:
-УИХ-ын Ж.Бат-Эрдэнэ нарын таван гишүүнээс зургадугаар сард өргөн мэдүүлсэн Газрын тухай хууль болон Тариалангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2023 оны долдугаар сарын 4-ний хуралдаанаар хэлэлцсэн. Хууль санаачлагч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралыг сайжруулах зорилгоор санаачилсан байна. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэа үед гишүүд атар газар, ногоон тэжээл, өвөлжөө, хаваржааны ногоожилт зэрэгтэй холбоотой асуулт асууж, хариулт авсан. Байнгын хорооны нийт гишүүдийн 57 хувь нь тус хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжсэн болно.
Бензин гаалиар хэвийн орж ирж байгаа
УИХ-ын гишүүн Ж.ГАНБААТАР:
-Монгол улсын дизель түлшний нийт хэрэглээ сарын хамгийн ихдээ 92 мянган тонн, АИ92 52-53 мянган тонн байдаг. Бензин орж ирж байгаа юу гэдэг асуултад би хариуллаа. Энэ бол нөөцийн биш гаалийн мэдээ. ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн есдүгээр сарын 21-нд бензиний хориг олон улсад тавьсан. Хориг хоёр хоногийн өмнө л цуцлагдаж байна. Монголд тус хориг хязгаарлагдмал тавигдсан. Роснефть болоод Газпром гээд томоохон компаниудаар Монгол руу шатахуун экспортолж байгаа. Бусад жижиг компаниуд шатахуун экспортлох боломжгүй байна. Бид 21 хоног дотоодын бүх нөөцөө шавхсан. Хилээр нэг ч тонн шатахуун орж ирээгүй. Тус хоригийг ганцхан Монголд тавиагүй. Монгол Улсын хувьд энэ байдлаас гарахын тулд Хятадаас дизель импортолж байгаа.
АИ92-ийн хувьд байдал харьцангуй сайжрах түвшинтэй байгаа ч асуудал их байна.
Баруун аймгуудаар дизель түлшгүй хүндэрсэн байсан бол хоёр хоногийн өмнөөс Боршоо, Цагааннуур боомтоор дизель түлш орж ирсэн. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам шатахуун дээр онцгой анхаарч байгаа. Өнөөдрийн байдлаар бид Хятадаас 7,6 мянган тонн түлш импортлосон байна. Тус түлшээр уул уурхайн томоохон компаниудаа бид хангаж байгаа.
УИХ-ын гишүүд малчдын өвөлжилтөд анхаарах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:
-Их хурал дээр зайлшгүй хэлэлцүүлэх асуудал байна. Монголын мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт тулгамдсан хамгийн чухал асуудал бол өвөлжилт. Хоёр хоногийн өмнө болсон цасан шуурганы улмаас олон хүн төөрч, эрж хайх асуудал үүсээд байгаа. Тиймээс эдгээр асуудлыг яаралтай шийдвэрлэх асуудал үүсч байна. Малчид шатахуунгүй байна. Хэрэглээний хамгийн чухал хэрэгсэл болох портер, бонго нь түлшгүй байна. Үүнээс болоод малчид өвөлжөөндөө ч нүүж чадахгүй байна.
Малчид малдаа явж байгаад төөрч, осгосон тохиолдолд амийг нь төрөөс нэхнэ шүү.
Тээвэрлэлтээс болж өвөлжөөндөө өвс тэжээлээ ч буулгаж чадахгүй байна. Тиймээс УИХ-ын тогтоол гаргадаг ч юм уу, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Бодит амьдрал дээр болж байгаа зүйл алга. Мөн махны нөөц бүрдүүлэлт. Малчид малаа ихээр нядалж байна. Засгийн газар махны экспортод анхаарч, эргэлтийн богино хугацаатай зээлийг гаргаж өгөх хэрэгтэй. Ямар нэгэн хүнд сурталгүйгээр малчдад үйлчлэх зайлшгүй шаардлагатай. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бодит хэрэгжүүлэлт хийхгүй байна. Сүхбаатар, Архангай аймагт энэ асуудал яг адил.
УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:
-Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц, нийгмийн сэтгэлзүйд халдсан асуудал өнөөдөр газар авлаа. Монголын төр энэ асуудалд анхаарч дүгнэлт гаргахгүй юм уу. Бид яах вэ? Хуурамч хаягнаас муулуулах эсэх нь дүүрч. Харин улс орны аюулгүй байдалд нөлөөлөх асуудалд УИХ дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай байна. Хүүхэд хүчирхийлдэг, бусдыг садар самуунд уруу татдаг байдал үндэсний аюулгүй байдалд халдах хэмжээнд хүрсэн. Олонхийн эрх ашгийг харгалзвал бид шийдвэр гаргах хэрэгтэй. Бид өнөөдөр дүгнэлт хийж, засч залруулах үүрэгтэй.
Нийгмээ талцуулж, хагаруулдах нь эцсийн дүндээ хортой.
Тиймээс бидл шийдвэр гаргах ёстой.