НЭМЭЛТ:
Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвийн удирдлагууд дараах мэдээллийг өглөө.
-Одоо хүүхдүүдийн бие тогтворжсон гэж үзээд эмчилгээ, тариагаа өөрчлөөд явж байна. Эдгээр хүүхдүүд нь дөрвөн сартайгаас 12 хүртэлх насны хүүхдүүд. Бид эдгээр 17 хүүхдийг насанд хүртэл нь хяналтад байлгана. Тарианд ямар бодис байгааг шууд хараад хэлэх боломжгүй, шинжилгээнд оруулсны дараа эцсийн шийдвэр гарна. Хүүхдүүдийн тандалтад үндэслээд тарианы стандарт алдсан байх магадлалтай гэж үзэж байна. Чанарын алба хурал хийгээд сувилагчид хариуцлага тооцохоор болж байна.
Гурван өөр төрлийн антибиотик болох ампициллин, амоксиклав, цефтриаксон тариаг хүүхдүүдэд хийсэн. Эдгээр хүүхдүүдэд 4-5 хоногийн өмнө сорил тавьж, уг тариануудыг тарихад ямар нэгэн урвал үзүүлээгүй. Өчигдөр 22:00 цагийн тарианд асуудал үүслээ.
Тарианы дуусах хугацаа 2024 оны хоёрдугаар сар. Хүүхдүүдэд буруу тариа хийгээгүй, тарианы дээжийг хадгалсан байна. Хүүхдүүдийн биеийн байдлыг насанд хүртэл нь хянахаар эцэг, эх асран хамгаалагчид нь амлалаа. Шөнө 02:00 цагт авсан шинжилгээгээр тариа хүүхдүүдийн аминд халтай байдал нь хэвийн. Тиймээс дараагийн цагийн тариаг өөрчлөөд байна.
Найруулсан тариан дотор ямар бодис байгааг гаднаас нь хараад мэдэх боломжгүй тул шинжилгээгээр тодорхой болно. Уг тариануудыг 0.9 процентын натри хлоридоор найруулах ёстой. Тариаг хийлгэх хүний дэргэд харуулж задалдаг. Сувилагч эмчийн заавраар тариа хийдэг. 20 гаруй жил ажилласан сувилагч байгаа.
Дэд дарга:
-Бид шөнөжингөө ажилласан. Ямар нэгэн байдлаар тарианы процедурын алдаа гарсан байх магадлалтай. Тариаг хийх стандарт байгаа. Энэ стандарт зөрчигдсөнөөс 17 хүүхдэд реакц үзүүлсэн байж болошгүй. Хоёр тасагт нийт 21 хүүхэд байснаас сүүлийн хүүхдэд тариа хийх болоход эхний тариа хийлгэсэн хүүхдэд шинж тэмдэг илрээд эхэлсэн тул сүүлийн 21 дэх хүүхдэд тариаг хийгээгүй, зогсоосон. Эмнэлгийн хувьд нийт 400 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн цаг мөчид өөр платын хүүхдүүдэд дээрх тарианаас хийхэд реакц үзүүлээгүй. Тариаг 0.9 процентын натри хлоридоор найруулж, үйлчлүүлэгчид тариа болон хугацааг харуулах ёстой. Энэ процедур дунд алдаа гарсан байх магадлалтай гэж үзээд байна. Хүүхдэд уян зүү ашиглаж, тариа хийдэг гэлээ.
Тус эмнэлэг 121 сувилагчтай аж.
НЭМЭЛТ:
Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж байсан 17 хүүхэд өчигдөр 22.00 цагт тариа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч, улмаар ухаан алдан унасан байна. Энэ талаар эцэг эхчүүд дараах мэдээллийг өглөө.
Иргэн: 22.00 цагт хоёр сувилагч эхний платад орж ирээд тариа хийсэн. Нийт хоёр платад 17 хүүхэд эмчлүүлж байсан. Гэтэл тариа хийсний дараагаас л хүүхдүүд бөөлжөөд, таталт өгөөд эхэлсэн байсан. Сувилагчид тариагаа бөөнөөр нь найруулсан, өнгө нь хувирсан гээд байгаа. Тэр тариаг нь эмнэлгийн удирдлага нь авсан, юунаас болж өнгө нь өөрчлөгдөв гэдгийг шинжлүүлэх юм гэсэн.
Иргэн: Манай дүүгийн дөрвөн сартай хүүхэд эмчилгээ хийлгүүлж байгаа юм. Тариа хийлгэсний дараа нүүр нь хувхай цагаан болоод ухаангүй болсон байсан. Сувилагчдаа хэлтэл “Танай хүүхэд хоолны хордлого авсан юм биш үү” гэсэн байсан. Хоолонд ороогүй хүүхэд хоолны хордлого болохгүй шүү дээ гэтэл юу ч хэлээгүй. Тэгээд нийтдээ 16 хүүхэд ухаан алдсан байсан. Өчигдөр шөнө энд аймаар байсан.
Иргэн: Манай хүүхэд эмнэлэгт хэвтээд гурав хонож байгаа. 22.00 цагийн тарианаас өмнө зүгээр байсан. Тариа хийсний дараа хүүхдүүд чичрээд, хөхрөөд халуураад, таталт өгөөд эхэлсэн байсан. Хоёр сувилагч орж ирээд гялс хийчихье гээд тариагаа шууд бөөнөөр нь найруулаад хийсэн юм билээ. Тариа тариад хийсний дараа эхлээд бөөлжөөд, бүтэлт өгөөд, таталт өгөөд эхэлсэн. Манай хүүхэд ой гаруйтай. Одоо гайгүй боллоо ч цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй болж магадгүй. Тариаг нь харсан, 2021 онд үйлдвэрлэсэн, 2024 оны хоёрдугаар сард хугацаа нь дуусах юм байна лээ. Одоо хүүхдийн маань биеийн байдал сайнгүй байгаа. Халуун нь буусан, унтаараад байна.
Иргэн: Манай хүүхэд 12 настай, сахиургүйгээр хэвтэж байсан. Нэг уушгиндаа хатгаатай байна гээд хэвтсэн юм. Тариа хийсний дараа “Бие нь арзайгаад байна” гэсэн. Тэгээд чичрээд, бөөлжөөд, ухаан алдаад унасан байсан. Одоо бол унтаад байна. Цаашдаа яахыг мэдэхгүй байна.
Эмнэлгийн удирдлагатай уулзахад манай хоёр сувилагчийн буруу байна гэсэн. Тариа нь ямар учиртай юм. Бүх тариагаа хурааж аваад гүйцгээсэн гэсэн. Хадгалах горим нь хангагдсан ч юм уу. Тариагаа сольсон ч ялгаагүй хугацаа нь дуусч байгаа тариаг хийсэн юм билээ. Би тариаг нь хараагүй. Гэхдээ эцэг, эхчүүдийн хэлснээр тариагаа солилоо гэсэн хэрнээ хугацаа нь дуусаж байсан тариа хийсэн гэсэн.
Яармагийн эмнэлэгт цагдаа нар ажиллаж байна
Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эмнэлгийн захирал А.Эрдэнэтуяа одоо цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байгаа юм байна.
Учир нь тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 0-2 насны хүүхдүүдэд өчигдөр /2023.11.23/ 22.00 цагийн тариаг сувилагч нар сольж тарьсан байж болзошгүй гэдэг мэдээллийг зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад "Хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон. Урд оройн 22.00 цагийн тариан дээр асуудал үүссэн байна. Яг одоо цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэдэг хариултыг өглөө.
Холбоотой мэдээ