Г.Ариунбуян: Аврагч, гал сөнөөгчийн хомсдол бий болсон

Хуучирсан мэдээ: 2023.11.24-нд нийтлэгдсэн

Г.Ариунбуян: Аврагч, гал сөнөөгчийн хомсдол бий болсон

Г.Ариунбуян: Аврагч, гал сөнөөгчийн хомсдол бий болсон

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянтай ярилцлаа. 


-Онцгой байдлын ажилчдын техник хэрэгслийн хангамж муу гэсэн шүүмжлэл тасардаггүй. Муу ёрлож байгаа юм биш л дээ, Монголд ямар нэг том гамшиг, осол гарлаа гэхэд танай газрын бэлтгэл, бэлэн байдал хэр вэ?

-Ер нь бол онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмж, шаардлагатай хувцас хэрэглэл материалын нөөцийг бүрдүүлэх хангамжийг сайжруулах тал дээр УИХ, Засгийн газраас ихээхэн анхаардаг. Онцгой байдлын байгууллага байгуулагдаад 20 орчим жил болох гэж байна. Анх байгуулагдаж байх үед 100 хувийн хангалттай болоход 100 гаруй жилийн хугацаа шаардлагатай гэсэн тооцоолол гаргаж байсан юм билээ. Гэтэл энэ богинохон хугацаанд гал унтраах аврах  тусгай зориулалтын автомашин, тоног төхөөрөмжүүд, дээр нь албан хаагчдын тусгай зориулалтын хувцас хэрэглэл бол  харьцангуй гайгүй сайжирч байна. Улсын хэмжээнд нийт дүнгээр нь авч үзвэл, тусгай зориулалтын автомашины хангамж  60 орчим хувьтай байна. Хувцас хэрэглэлийн хангамж бол 45-50 хувьтай  байна. Хамгийн хүндрэлтэй асуудал холбоо зохион байгуулалт хийхэд холбооны гар станцын төрлийн хангамж нэлээд бага байна. Бид үе шаттайгаар төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын  хөнгөлөлттэй зээлийн шугамаар энэ  төрлийн хангамжийг сайжруулах бодлого баримталж, хэрэгжилтийг зохион байгуулаад ажиллаж байна.

Ажлын онцлог, ачааллын хувьд амар хялбар ажил биш. Хүний нөөц, чадамж ямар байна. Хүний нөөцийн хомсдол хаа сайгүй бий болсон. Танай салбарт энэ нв хэр их мэдрэгдэж байна вэ?

-Онцгой байдлын байгууллага бол нийслэл, дүүрэг,  аймаг болоод зарим алслагдсан суманд үүрэг гүйцэтгэж байна. Тэгэхдээ бүх сумдад салбар нэгж байхгүй. Ер нь бол гамшиг ослын тоо, давтамж нэмэгдэж байгаа. Хүн амын төвлөрөл суурьшил түүнийг дагаад бий болж байгаа нөхцөл байдалтай холбогдуулаад онцгой байдлын салбар нэгжийг зайлшгүй шинээр байгуулах өргөтгөх хэрэгцээ шаардлага бий болж байна. Үүнтэй холбогдуулаад өнгөрсөн таван жилийн хугацаанд 30 гаруй анги салбарыг шинээр байгууллаа. Бие бүрэлдэхүүний тоо нэг талдаа өсөж байгаа боловч өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу салбар нэгжийг дахин шинээр байгуулах ийм хэрэгцээ шаардлага байна. Тухайлбал, Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартаар 10 мянган хүн ам тутамд гал унтраах анги,  5- 8 мянган хүн амтай суурин газар болон алслагдсан бүсэд эрэн хайх аврах бүлэг байх стандарттай. Гэсэн хэдий боловч улсын төсөв, эдийн засгийн чадавхиас хамаарч батлагдсан стандарт нөхцөл байдлыг бий болгохын тулд бага багаар алхам хийж урагшилж байна. Албан хаагчдаа сургаж бэлтгэх асуудалд дотооддоо Дотоод хэргийн сургууль, Ахлагч нарын дамжаагаар дамжуулж боловсон хүчнээ бэлдэж байна. Түүнчлэн дунд, урт хугацаанд гадаад, дотоодын сургалтуудад алба хаагч нараа  хамруулж байна. Тэгэхдээ сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын өсөлт, барилгын салбарын өсөлттэй холбогдуулаад залуучуудын хувьд тогтвор суурьшилтай ажиллах асуудал учир дутагдалтай байгаа нь үнэн.

Өөр бас нэг тулгамдаж байгаа асуудал бол аврагч, гал сөнөөгч, тусгай зориулалтын автомашины жолоочийн хомсдол бий болсон.  Тиймээс одоо ажиллаж байгаа бие бүрэлдэхүүн тулаагаар үүрэг гүйцэтгэж байна. Хүний нөөцийн дутагдал цалин хөлстэй шууд холбоотой  байна.

-Дундаж цалин хэд орчим төгрөг байна. Төрийн албан хаагч болоод цэрэг, цагдаа, онцгой байдлын салбарт ажиллагсдын цалин хангамжийг нэмэгдүүлж байгаа талаар Засгийн газраас мэдэгддэг.  Амь нас, эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй албанд ажилладаг хүмүүст бодит хөшүүрэг болж чадаж байна уу?

-Үнэхээр эрсдэлтэй алба. Гал гамшиг, ган зуд, үер ус гээд хамгийн түрүүн үүрэг гүйцэтгэдэг. Алба хаагчдын хувьд Монгол төрийн төлөө зүтгэх тангараг өргөсөн учраас энэ үүргээ нэр төртэй биелүүлэх үүрэгтэй. Манай салбарын алба хаагч бүр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг. Тэгэхдээ, нөгөө талаасаа алба хаагчдын нийгмийн баталгааг хангах асуудал маш чухал. Засгийн газраас энэ тал дээр  тодорхой, дорвитой алхмуудыг хийж байна. Өнгөрсөн жил гэхэд хоёр удаа Засгийн газрын шийдвэрээр, Шадар сайдын тушаалаар албан хаагчдын цалинг дунджаар 20 орчим хувиар нэмэгдүүлсэн. Он гараад цалингийн нэмэгдэл, урамшууллын асуудлууд ирэх жилийн төсөвт суусан. Түүнчлэн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах чиглэлээр аймгийн төвөөс бусад суманд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагч 5 жил тутам 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгохоор хуульчилсан. Энэ  хүрээнд 330 гаруй албан хаагчдад урамшуулал олголоо. Цаашид урамшууллын хэмжээг тодорхой хувиар нэмэгдүүлэх санал  тавьсан. Мөн онцгой нөхцөлийн нэмэгдэл гэж бий. Голомтод үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдад томилогдсон үүргээ гүйцэтгэж дууссаны дараа тодорхой хэмжээний урамшуулал олгодог. Мөн мэргэжлийн зэргийн нэмэгдэл 5-15 хувь гэх мэтчилэн олон төрлийн хөшүүргүүд үйлчилж байна. Бид батлагдсан төсвийнхөө хүрээнд зохицуулалтаа хийгээд л ажиллаж байна. Түүнчлэн албан хаагчдаа орон сууцжуулах асуудал чухлаар тавигддаг. Аймаг, орон нутгийнхаа ерөнхий төлөвлөлтөд орсон, онцгой байдлын байгууллагын тодорхой хэмжээний эзэмшилд байсан газраас хөнгөлөлттэй үнэ тарифаар, хямд өртгөөр орон сууцжуулах төслийг өнгөрсөн 5 жилийн хугацаанд хэрэгжүүллээ. Энэ хугацаанд 360 гаруй айл өрх орон сууцтай болсон. Нийслэлд ч энэ чиглэлээр бас анхаарч байгаа зүйл бий.

НҮЦГЭН ГАРТАА БЭЭЛИЙ Ч ҮГҮЙ, ХӨЛДӨӨ ӨМССӨН ГУТАЛ НЬ УРАНХАЙ, НООРХОЙ ЗҮЙЛ БОЛ БАЙХГҮЙ

-Хөдөө орон нутагт ажиллаж байгаа алба хаагчид гартаа өмсөх бээлийгүй хүрзээ бариад, хөлдөө өмсөх гутал ч үгүй гал түймэр унтраахаар явдаг гэх шүүмжлэл нийгэмд байдаг.  Тийм нөхцөл байдал бол хаа хаанаа байхгүй гэдгийг баталгаатай хэлж чадах уу?

-Ой хээрийн түймэртэй тэмцэх тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангамжийн хувьд учир дутагдалтай, бүрэн хангагдаагүй нь үнэн. Хэдий тийм боловч нүцгэн гартаа бээлий ч үгүй, хөлдөө өмссөн гутал нь уранхай, ноорхой зүйл бол байхгүй.  Алба хаагчид өөрт оногдсон хувцас хэрэглэлээ өмсөөд явж байна. Гол нь аюулгүй байдлыг хангах үүднээс галын нөмрөг, утаат нөхцөлөөс хамгаалах тусгай зориулалтын баг, амьсгалын бие даасан төхөөрөмж гэх мэтчилэн нэн шаардлагатай бас өндөр үнэтэй ийм тоног төхөөрөмжөөр бүрэн дүүрэн хангагдаагүй. Цаашид энэ хангамжийг сайжруулах хэрэгцээ, шаардлага бол бий.

-Алба хаагчдыг үүрэг гүйцэтгэхэд тулгамддаг хамгийн хүндрэл бэрхшээлтэй асуудал нь хот төлөвлөлтийн замбараагүй байдал гэдгийг тэд хэлдэг. Таны хувьд энэ хүндрэлий арилгахын тулд хууль эрх зүйн ямар шинэчлэлийг хийх ёстой гэж үзэж байна. Энэ тал дээр  ямар санал санаачилга гаргаж ажиллаж байна?

-Улаанбаатар хотын хүн амын өсөлт,  механик шилжилт хөдөлгөөн бол нийгмийн сөрөг үр дагаврын үр нөлөө л дөө. Тухайлбал, 2001, 2009 онд болсон зудны эрсдэлээс үүдэн малчин айл өрхүүд Улаанбаатар хотод шилжиж ирэхээс гадна өөр бусад шалтгаанаар Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл нэмэгдсэн. Үүнээс үүдэн маш олон эрсдэлүүд бий болсон. Наад зах нь орц гарцаа таглаад буучихдаг. Машин техник явах боломжоор нь хангаж өгдөггүй. Нэг ёсондоо батлагдсан стандарт, дүрэм журмыг мөрдөх асуудал хаа хаанаа л алдаатай, учир дутагдалтай байгаагийн илрэл. Түүнчлэн алба хаагчид дуудлага аваад нэгдүгээрт, замын түгжрэл, хөдөлгөөнийг хурдыг сааруулж байна. Хоёрдугаарт,  дуудлага өгсөн хаягийн дагуу очихоор хаяг нь буруу, гуравдугаарт, орон сууцны автомашины зогсоолд ямар ч хөдөлгөөн хийх орц, гарц байдаггүй. Гэр хорооллын гудамжинд тусгай зориулалтын том оврын автомашин нэвтрэх боломжгүй гэх мэт лон асуудлууд байна. Үүн дээр  Нийслэлийн газрын алба холбогдох мэргэжлийн байгууллагууд анхаарч орц гарцыг  гаргах тал дээр  зайлшгүй анхаарах хэрэгтэй байна.  Энэ чиглэлээр тодорхой хэмжээний ажил санаачлан хийдэг ч үр дүнд хүрэхгүй байна.

-Монгол Улсын нийт эрсдэлийг үнэлээд үзвэл хэр эрсдэлтэй улс вэ.  Энэ чиглэлээр хийсэн судалгаа, тоо баримт бий юү?

-Дэлхийн 198 орны дунд гамшгийн эрсдэлийн индексийг авч үзэхэд Монгол Улс 151 дүгээр байрт байна. Дэлхийн хэмжээнд хамгийн өндөр эрсдэлтэй улсаар Энэтхэг, Мексик, Индонез,  Филиппин зэрэг орнууд нэрлэгдэж байна. Монгол Улсын хувьд  далайн шуурга, цунами, хүчтэй газар хөдлөлт, уулын нуранги гэх мэтчилэн аюул, эрсдлээс хол. Гэсэн хэдий ч цаг агаарын  уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны нөхцөл байдал, ХАА-н салбарт голлосон амьдралын хэв маяг гамшгийн нөхцөл байдлыг нэлээд нэмэгдүүлж байна.

-Монгол Улсын хувьд ч газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжийн тоо өндөр. Газар хөдлөлтийн идэвхжил, давтамж нэмэгдэж байгаа энэ үед газар хөдлөлтөд өртлөө гэж тооцоход нөөц төлөвлөгөө байна уу?

-Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөө гэх мэт чиглэл чиглэлээрээ төлөвлөгөө бий. Газар хөдлөлт болсон тохиолдолд хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах вэ, салбар дундын үйл ажиллагааг яаж уялдуулах вэ гэдэг ийм төлөвлөгөө бол байна. Энэ төлөвлөгөөг байнга тодотгож шинэчилж ажилладаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар  өнгөрсөн зургадугаар сард Газар хөдлөлтийн сэдвээр Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулсан. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага төрийн болон одоо хувийн хэвшлийн бүх оролцоотойгоор газар хөдлөлт тохиолдсон үед яаж хохирол багатай даван туулах вэ гэдэг ийм дадлага сургууль хийлээ. Цаашид эрх зүйн хувьд сайжруулах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулах асуудал дээр ч анхаарах зүйлүүд байна. Техникийн хувьд ч гэсэн шинэчлэх ийм зүйлүүд бол байгаа. Энэ асуудлаар холбогдох талуудтай ажиллаж байна. Газар хөдлөлтийн эрсдэлд  Улаанбаатар хот өртөх эрсдэл өндөр.  Монгол Улс Төв Азийн газар хөдлөлтийн өндөр идэвхтэй бүсэд байдаг. Тэр дундаа баруун бүс, Улаанбаатар хот өндөр эрсдэлтэй бүсэд багтдаг.

Сүүлийн 10 жилийн хугацаанд газар хөдлөлтийн чичирхийллийн тоо давтамж үндсэндээ 2-3 дахин өссөн.

Жайкагаас хийсэн судалгаагаар 2000 оноос өмнө баригдсан барилга байгууламжуудын хувьд газар хөдлөлтийг тэсвэрлэх чадавх, чадвар байхгүй гэдэг нь батлагдсан. Тиймээс нэн тэргүүнд хийх ёстой асуудал бол газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудыг паспортжуулах буюу үнэлэх асуудал үе шаттай явж байгаа боловч  энэ чиглэлд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хоёрдугаарт, шинэ суурьшлын бүс төлөвлөж шинээр одоо барилга байгууламж барихдаа газар хөдлөлтийг тооцсон хөрөнгө оруулалтыг төлөвлөж, эрсдэлийг тооцсон барилга байгууламж барих асуудал байна. Гуравдугаарт, нураахаас өөр сонголтгүй ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг нурааж шинээр барих. Дөрөвдүгээрт,  хуучин барилгуудаа хүчитгэх ямар боломж байна вэ гэдэг дээр судалж, тухайн барилга болгон дээр нь одоо ТЭЗҮ боловсруулаад үе шаттайгаар л хүчитгэх асуудлууд л байна гэж харж байна.

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГЛАЛЫГ ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГААС ГАРГАСАН

-Монгол Улсын нийт газар нутгийн хэд орчим хувь нь одоогийн байдлаар цас зудын эрсдэлтэй байна вэ. Цаашид өвөлжилт хүндрэх эрсдэл хэр байна?

-Сүүлийн жилүүдэд ган зудын давтамж  нэлээд нэмэгдлээ. Өнгөрсөн зун, баруун аймгууд, говийн зарим аймгуудаар хэт их хуурайшилттай,гандуу, гантай зуссан.  Энэ нь намрын сүүл сард орсон цасны улмаас нөхцөл байдал хүндрэх дохио боллоо. Түрүүчээсээ баруун аймаг, говийн аймгууд өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх нь тодорхой болж байна. Зудын эрсдэлийн зураглалыг цаг уурын байгууллагаас гаргасан. Нийт нутгийн 50 орчим хувь нь өндөр эрсдэлтэй, 40 орчим хувь нь дунд, 10 хувь нь бага эрсдэлтэй гэж гарсан. Цаашид хур тунадасны хэмжээ, цаг агаарын температур хэр өөрчлөгдөх вэ гэдгээс шалтгаалаад эрсдэлт хүчин зүйлүүд нь нэмэгдэх хандлага байна. Тийм учраас аймаг, орон нутаг аюулгүйн нөөцөө бүрдүүлэх, өвс тэжээлийн хуваарилалтыг эхнээс нь төлөвлөж байна. Малчин айл өрхүүд тодорхой хэмжээнд өвс тэжээлийнхээ нөөцийг бүрдүүлсэн байгаа байх. Түүнчлэн отор нүүдлийг зохицуулах тал дээр ХАА-н байгууллага холбогдох газрууд анхаарч ажиллаж байна. Отор нүүдэл хийж байгаа малчин айл өрхийн эрүүл мэнд, нийгмийн тусламж үйлчилгээг алдагдуулахгүй байхад анхаарах асуудлууд салбар салбарын харилцаа, хамтын ажиллагаа  зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах руу чиглэж байна.

-Аймаг, сумын хэмжээнд  зам гаргах ганц техник бий юү?

-Сумын түвшин хүнд байгаа. Парк шинэчлэл хийгдээгүй. Тамгын газар харьяа байгууллагууд нь машин техникийн хувьд олон жил ашиглачихсан, туулах чадвар нь багасчихсан асуудлууд байна. Малчин айл өрхүүд өмнө нь  жийп гэдэг ч юм уу  туулах чадвар сайтай машинтай байсан бол одоо  приус эсвэл портер гэх мэт  автомашин түлхүү хэрэглэж байна. Өвөлжилт хүндэрсэн үед эдгээр автомашинуудыг ашиглахад боломжгүй байна. Онцгой байдлын байгууллагын хувьд  цас зудны хувьд ашиглах машин механизмын хувьд дутагдалтай. Тийм учраас Зэвсэгт хүчний анги салбаруудыг дайчилж ажилладаг. Саяхан Төв аймагт болсон цаг үеийн хүндрэлтэй холбоотой гурван сум дээр Зэвсэгт хүчний анги салбарыг дайчилж ажиллалаа. Зэвсэгт хүчинд байдаг том оврын  хүчин чадал сайтай тусгай зориулалтын машинуудыг ашиглаж байна. Байгаа боломжоо дайчилж ажиллахаас өөр гарц шийдэл байхгүй.

-Эцэст нь Онцгой байдлын албан хаагч нар нь хэчнээн хүний амь насыг авран хамгаалав?

-Онцгой байдлын байгууллага жилд 4000 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж 3800 орчим хүний амь насыг авран хамгаалдаг. Мөн нийгэм, эдийн засагт учрах 110-аад гаруй тэрбум төгрөгийн хохирлыг бууруулдаг ерөнхий дүр зураг бий. Арваннэгдүгээр сарын байдлаар бол 2180 гаруй  хүний амь насыг авран хамгаалсан гэсэн урьдчилсан тоон мэдээлэл байна. Түүнчлэн ААН байгууллагуудад учрах 70 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан гэх тоон мэдээлэл байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж