Монголд 500 мянган хүн амтай хот хэрэгтэй

Монголд 500 мянган хүн амтай хот хэрэгтэй

Монголд 500 мянган хүн амтай хот хэрэгтэй

Монгол Улсын хөгжилд хот суурин газрын эдийн засгийн тойрог  бий болгох шаардлагатай бөгөөд энэ нь улс орны хөгжлийг бүхэлд нь хөдөлгөх хамгийн сайн шийд­лүүдийн нэг байх боломжтой юм.

Монгол Улсын нэг том, хоёр жи­жиг хот болох Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг интеграцилбал 3 цагийн зайн бүсэд "Их Улаанбаатар" гэсэн  хотын эдийн засгийн тойргийг/кластер/ бий болгож болно.

Гэсэн хэдий ч амьдрал дээр ийм бүтэц олон жилийн хөгж­лийн явцад бүрэлдэн тогтож чадаагүйн шалтгаан нь үйлд­вэрлэлийн кластерийн сүлжээ,уялдаа холбоо, тээврийн харил­цан холболт бүрдээгүйгээс гадна хамгийн гол нь 500 мянгаас доошгүй хүн амтай дунд хотууд үгүйлэгдэж байгаад оршиж байна. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар нэг том хот, хоёр хэт жижиг хот байна аа гэсэн үг.

“Их Улаанбаатар”-ын эдийн засгийн бүсийг сэргээн босгоход дунд оврын хотууд бий болох ёстой. Тэгэхгүй бол том араа, жижиг араа хооронд дунд оврын араа байхгүй механизмтай адил  үйл ажиллагаа нь доголдоно.

Жишээ болгон хөгжингүй орнуудын хотын эдийн засгийн бүсүүдийг харцгаая.

Хотууд нь аливаа улс орон, бүс нутгийн хүн ам, эдийн засгийн эргэлт төвлөрсөн газрын хувьд үндэсний эдийн засгийн өсөлтийн чухал тээвэрлэгч, анхны хөдөлгүүр болдог бөгөөд тэдгээрийн хөгжил нь бүхэл бүтэн бүс нутгийн хөгжилд, тэр байтугай үндэсний эдийн засгийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлдэг. Эдгээрийн дотроос хотуудын эдийн засгийн бүс нь хотын бөөгнөрөл бий болсон үе шатанд орон зай, зохион байгуулалтын хамгийн дээд хэлбэр болж хөгжиж иржээ.

Одоогийн байдлаар АНУ-д  Нью-Йорк метрополитан, Японд Токио хоттой, Их Британид Лондон хоттой  метро­политанүүд байна. Францын гол бүс нь Парис, Хятадын төв нь Шанхай хот юм. Эдгээр нь дэлхийн эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг хотуудын эдийн засгийн бүс болж хөгжсөн байна.

Эдгээр хотуудын эдийн засгийн бүсээс үүдэлтэй хотжилтын үйл явц нь улс  орнуудын эдийн засгийн өсөлтийн хурдыг  нэмэгдүүлэхийн зэрэгцээ ядуу, ажилчин ангийг нийгмийн дундаж давхаргад шилжихэд гол нөлөө үзүүлсэн түүхтэй байна.

Хөгжингүй орнуудын хүн амын хотжилт, хотын эдийн засгийн бүслүүрийн практик нь дараахь давуу шинж чанаруудыг агуулж байна.

  1. Төлөвлөлт, зохион байгуулалтын уялдаа.
  2. Үйлдвэржилтийг дэмжих
  3. Хүн амын шилжилт хөдөлгөөний уян хатан байдал.
  4. Дэд бүтцийг татах, уялдуулах
  5. Хот байгуулалтын уялдаа холбоотой үйл ажиллагаа болон хөдөөгийн хөгжил.

Харин Монгол Улсын хувьд Улаанбаатар бол 110  мянгаас дээш хүн амтай цорын ганц хот бөгөөд бусад 2 хотын хүн ам тус бүр 110 мянгаас хэтрээгүй байна. Тиймээс Улаанбаатар хоттой аж үйлдвэрийн интеграцид орж чадахгүй, хотуудын эдийн засгийн бүс болж чадахгүй байна. Иймд Монголд нэн даруй нэг том, хэд хэдэн жижиг хотуудыг цуваа холбосон 500 мянган хүн амтай дунд оврын хот хэрэгтэй байна.

Улаанбаатар хотын хүн амын хэт нягтрал нь замын түгжрэл, ажил эрхлэлтийн хүндрэл, байгаль орчны доройтол, газрын үнэ, түрээсийн өндөр үнэ, амьдралын чанар муудах зэрэг олон сөрөг тал, бэрхшээлийг дагуулж, цаашид улам хүндрэх хэмжээнд хүрчээ. Үүнээс үүдэн хүн амын шилжин суурьшилтын, бизнес эрхлэлтийн  урсгалыг,  нийслэлийн зарим чиг үүргийг өөр тийш нь чиглүүлэхээс өөр замгүй болсон байна

Товчхондоо, бид том Улаанбаатар хотын шинэ нисэх буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд 500 мянган хүн амтай "Шинэ Улаанбаатар" хотыг байгуулж, улмаар 1 сая гаруй хүн амтай шинэ Улаанбаатар хотыг бүрдүүлэхээр төлөвлөх хэрэгтэй байна.

Энэ шийдэл нь Монгол Улсын Засгийн газар, Эдийн засаг, хөгжлийн яамнаас баримталж буй орон зайн төлөвлөлт дээр суурилан боловсруулсан бүс, орон нутгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, нөөцийн мэдээлэл, авто зам, төмөр зам, тээвэр логистик, агаарын тээвэр, эрчим хүч, өндөр технологи, инновацын чиглэл, байршил болон бусад холбогдох мэдээллийг боловсруулж, хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийг хийхэд дэмжлэг үзүүлэх төрийн бодлоготой уялдаж байгаа билээ.

Хотуудын эдийн засгийн шинэ бүс нь 3 цагийн зайн хугацааны бүс юм.

Шинэ Улаанбаатар хотод 500,000,  Эрдэнэтэд 110,000, Дарханд 110,000 орчим хүн амтай хотын эдийн засгийн бүс байх юм.

Олон улсын туршлагаас авч үзвэл хотын эдийн засгийн бүсийг  байгуулахдаа хотын эдийн засгийн бүс төлөвлөлтийн зарчим, төвийн хотуудын нягт холбоо, үйлдвэрлэлийн бөөгнөрөл, гинжин хэлхээ,  харилцан холболт гэсэн 4  зарчмыг баримтлах ёстой.

  1. Нийслэлийн эдийн засгийн бүсийн төлөвлөлтийн тухайд бүсийн хэмжээнд хотын хүн ам 70 гаруй хувийг эзлэх ёстой .Дунд болон жижиг, томоохон хотуудын харьцаа ерөнхийдөө 4/6 орчим байна.
  2. Том хотууд хэт том байж болохгүй, дунд хэмжээний хотын хүн ам хэт их байж болохгүй, хэт цөөхөн байж бас болохгүй. Жижиг хотууд хэт жижиг байж болохгүй.
  3. Хот хоорондын тээвэр, логистикийн бүтэц харилцан уялдаатай байх ёстой.
  4. Хотуудын хоорондын хөдөлмөр, бизнес эрхлэлтийн зохистой хуваарилалт, харьцаа байх ёстой.

“Шинэ Улаанбаатар” бий болсноор Улаанбаатар хотын хүн амын нэг хэсэг нь тийш шилжиж,  500 мянган хүн амтай хот бий болно. Энэ шилжилтийн дараа Улаанбаатар хот 1 сая гаруй хүн амтай, дээр нь Эрдэнэт хот 110 000 орчим, Дархан хот мөн 110 000  хүн амтай хотууд бүхий хотуудын агломераци бүрдэнэ.

Дээрх дөрвөн хотын хүн ам Монгол Улсын хүн амын 60 гаруй хувийг эзэлнэ.  Мөн жижиг, дунд, томоохон хотуудын хүн амын харьцаа 4:6 орчим байх  нь хот суурин газрын хүн амын зохистой харьцаанд бүрэн нийцэхээр байна.  Үлдсэн зүйл бол тээвэр, логистикийн харилцан холболт, аж үйлдвэржилтийн төлөвлөлтийн зохистой хуваарилалт юм.  Төвийн хотуудын хүчтэй эвслийн тухайд Шинэ Улаанбаатар нь бүс нутгийн хэмжээнд координатор/ чиглүүлэгч  хийх үүрэг, шинж чанартай байх юм.

Өөрөөр хэлбэл.”Шинэ Улаанбаатар” эхлээд улс төр,  захиргаа, шинжлэх  ухаан технологи, боловсрол, олон улсын чөлөөт  худалдааны  бүс, татваргүй бүс, дээд зэрэглэлийн өндөр технологийн үйлдвэр, үйлчилгээг татан авч улмаар Улаанбаатар, Эрдэнэт, Дархан руу хөгжлийн цацрагийг  шилжүүлдэг хот байна.

Улаанбаатар хот бол улс орны соёл, эдийн засаг, худалдааны төв бөгөөд цаашдын хөгжлийн чиг хандлага нь соёлын аялал жуулчлал, эдийн засаг, худалдааны салбарт чиглэж, Эрдэнэт хот шинэ Улаанбаатарын технологи, Улаанбаатар хотын соёлыг өвлөн авч, улмаар хүнд үйлдвэрийг хөгжүүлнэ.

Дархан хот Шинэ Улаанбаатарын технологи, Улаанбаатар хотын соёлыг мөн  өвлөн авч, улмаар хөнгөн үйлдвэрийг хөгжүүлнэ. Аж үйлдвэрийн гинжин хэлхээний  зохицуулалтын тухайд гэвэл дээд, дунд  болон  жижиг  үйлдвэрүүд  заавал нэг хотод байх шаардлагагүй.

Улаанбаатар хотод төвлөрсөн нэг эсвэл хоёр зуун километрийн радиуст тархаж болно гэсэн үг. Ингэснээр хотын бөөгнөрөл/кластер/  дэх хот бүр аж үйлдвэрийн гинжин хэлхээний ашиг тусыг хүртнэ гэсэн үг юм.  Харилцан уялдаа, холболтын хувьд эдгээр нь дэд бүтцийн харилцан холболт, боловсон хүчний хүртээмжийг нэгтгэх явдал юм.

Хотын бөөгнөрөл болохоор дэд бүтэц нь хоорондоо уялдаа холбоотой байх ёстой. Хотын төмөр зам ч бай, тээврийн зангилаа ч бай, төлөвлөлт нь тус тусдаа хийхээс илүүтэйгээр хотын бөөгнөрөлүүдийн шаардлагад тулгуурласан байх ёстой.  Түүнчлэн хүний нөөцийн оролт, гаралт нэгдмэл чөлөөтэй байна.

Шинэ Улаанбаатарын төлөвлөлт, бүтээн байгуулалт нь Монгол Улсын хотуудын эдийн засгийн тойрог үүсэх гол түлхүүр бөгөөд Эрдэнэт, Дархан  хотуудын төлөвлөлт уг тойрогтойгоо уялдаж  явах нь нэн чухал болно. Энэ дашрамд Шинэ Улаанбаатар хот төслийг хэрхэн төлөвлөх, байгуулах, хөрөнгө оруулалт татах  болон түүний нийгмийн болон эдийн засгийн бусад эерэг нөлөөллийн талаар өөрийн бодлоо товч хуваалцая.

Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн хэтийн төлөвөөс “Шинэ Улаанбаатар” хотыг төлөвлөх, байгуулахад дараах зургаан үндсэн зүйлсийг анхаарах хэрэгтэй байна гэж үзэж байна.

  1. Ногоон, шинэ хот байгуулж, дэлхийн жишигт нийцсэн, ногоон, орчин үеийн, ухаалаг хот байгуулах. Хотын дэд бүтцэд сэргээгдэх эрчим хүчийг ашиглана.
  2. Өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх.
  3. Төрийн үйлчилгээг цахим болгон чанартай үзүүлж, нийтийн эзэмшлийн барилга байгууламжийг чанартай барьж, төрийн удирдлагын болон хот байгуулалтын шинэ жишиг загварыг бий болгоно.
  4. Түргэн шуурхай, үр ашигтай тээврийн сүлжээг бий болгож, ногоон тээврийн системийг бий болгох.
  5. Гадаад хамтын ажиллагааны шинэ тавцан бий болгох замаар Зүүн хойд Азийн эдийн засгийн зангилаа хот болох. Олон улсын хурал цуглаан, арга хэмжээний төв байх .
  6. Улс төр, шинжлэх ухаан технологи, боловсрол, олон улсын чөлөөт эдийн засгийн  бүс, татваргүй бүс, дээд зэрэглэлийн зочлох үйлчилгээний төвүүд байхаар төлөвлөх.

Энэ төсөл нь нэг талаас Улаанбаатар хотын хэт төвлөрлийг шийдвэрлэх гарцуудын нэг, нөгөө талаас хот байгуулалтын шинэ жишгийг туршин үзэх хувилбар өөрөөр хэлбэл газар олголт нэрээр авилгажсан хуваалт хийх, төлөвлөлтгүй хотыг бий болохоос сэргийлэх, архитектур, инженерийн шийдэлтэй хот төлөвлөлтийн төсөл болох боломжтой юм. Мөн Орхоны хөндийд байгуулах шинэ хотын Pilot хувилбар ч болох юм

Хэрэгжүүлэх арга зам нь Нийслэл олон улсын хөрөнгийн зах зээлд урт хугацаатай бонд гаргах замаар хөрөнгө оруулалт татан дэд бүтцийн ажлыг хийгээд, ажлын даалгавартай газрын нээлттэй дуудлага худалдааны зарчмаар бондын эргэн төлөлтийг хийж улс болон нийслэлийн төсөвт дарамт учруулахгүйгээр зохион байгуулах боломжтой төсөл юм. Нөгөө талаар Засгийн газар манлайлж их нүүдлийг эхлүүлэх нь нийгэмд хамгийн сайн үлгэр жишээ болох юм.

Казахстан улс 1998 оны дүн өвлөөр нийслэлээ Астанад /хуучнаар Целиноград/ нүүлгэх шийдвэр гаргахад сайд нар нь их хойрго хандаж  байж. Дулаан зөөлөн цаг агаартай, тохилог орон сууцтай Алматы хотоос хүйтэн өвөлтэй, улаан шороо шуурсан хавартай Целиноград руу нүүхийг хэн ч хүсэхгүй байсан нь ойлгомжтой. Энэ үед Ерөнхийлөгч асан Н.Назарбаев кабинетаа захиргааны аргаар  хүчээр онгоцоор  аваачиж хурлаа майханд хийж эхлүүлж байсан түүх байдаг.

Бичвэрийнхээ гол санааг дүгнээд хэлэхэд "Их Улаанбаатар" хотын эдийн засгийн тойрог үүсэх нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн чухал тээгч, анхны хөдөлгүүр болох бөгөөд гол цэг нь 500 мянган хүн амтай "Шинэ Улаанбаатар"-ын төлөвлөлт, бүтээн байгуулалт юм. Гагцхүү шинэ чиг үүрэг бүхий шинэ Улаанбаатар л Улаанбаатар, Эрдэнэт, Дархан зэрэг 200 орчим километр зайд дагуул хотуудыг холбож, жинхэнэ хот сууринг бүрдүүлж чадна.

Шинэ Монголыг хамтдаа бүтээцгээе!

МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Нямрагчаагийн Баярсайхан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж