МАН-ын “махны машин” буюу аалзны тор…

Хуучирсан мэдээ: 2023.11.24-нд нийтлэгдсэн

МАН-ын “махны машин” буюу аалзны тор…

МАН-ын “махны машин” буюу аалзны тор…

2020 оны сонгуулиар тавын таван Ерөнхий сайдыг эрх баригчид авлига, албан тушаалын хэргээр шоронд хийж дөнгөсөн юм. Түүний дотор Ардчилсан хувьсгалаас хойш МАН-аас гарсан хамгийн дөнгүүрт тооцогдох Ерөнхий сайд болох С.Баяр багтсан юм. Эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд Монголын хамгийн том мега төслийг хөдөлгөсөн автороо ч тэд хайрлаагүй төдийгүй тэдэнд илүү ихийг идэх, эрх мэдлээ зузаатгахаас өөр үнэт зүйлс үнэндээ байхгүйг нотолсон юм. Дубайн гэрээг Монголыг сүйрүүлчихлээ гэж З.Энхболдтой нийлж АН-ын унагах сонгогчдын саналыг эргүүлж чадсан тэд далд уурхайн нээлтийн туузыг хаачлаад зогсохдоо ичсэнгүй. Ичих нь байтугай инээмсэглэн зогссон юм. Авлигын индексээр тасралтгүй ухарсаар байхад тэд авлига авах албан тушаалаа Үндсэн хууль өөрчлөх замаар улам олшруулж, төрийн данхар бүтцийг бий болгон түүгээр дамжуулан төсвийн мөнгийг идэх гарц олж, болохгүй бол нууцад оруулж байгаад тэрбум тэрбумаар шамшигдуулж гаршив. Монголд баяныг үзэн ядуулах суртал ухуурлгыг 100 жилийн турш хийж ирсэн энэ намынхан Монголын тэргүүн баячууд болсон нь хоржоонтой. Монголчуудын асуудал болгоноор өөрсдөө хөлжих, мөнгөжих аргыг тэд олдог нь бүр адгийн. Үүндээ гаршаад одоо “махны машин” угсрахаар зэхжээ. Хоёр жилийн турш шүүх рүү тасралтгүй дайрч, тавилттай бичлэг хүртэл хийж, нийгмийн сэтгэл зүйг бэлдээд байсны цаад учир одоо тодорхой болж байна. “Авлига” хороолыг зогсооход шүүх саад хийж байгаа мэтээр Д.Сумъяабазар ярьж, “худалдагдсан шүүгч” гэж баалж байсан Л.Оюун-Эрдэнэ монголчуудыг тэнэг гэж боддог. Гэтэл тэрхүү газарт орон сууцны гэрчилгээ олгосон нь Д.Сумъяабазар байж таарсан. Ногоон автобусны луйврыг Д.Амарбаясгалангийн өрөөнд ярьсан гээд харвал тэдний бузар, булай барагдахгүй…

Тэднийг сайтар ажиглавал “Amarobia” гэх аалзтай ав адилхан. Энэхүү аалзны эмэгчин нь нийлүүл­гийнхээ дараа эрэгчингээ барьж иддэг. Харин авгалдайнууд нь төрөөд эхийнхээ нуруун дээр үүрлэж, нуруунаас мэрж идсээр бие гүйцэн тарж одоцгоодог байна. Энэ хачин үйлдэл өнөөгийн МАН-д, Монголын төрд үйлчилж байна. Тэдний идсэн, уусан, хулгайлсан, хулхидсан, луйвардсан, дээрэмдсэн хэргийг хэн нэгэн бус өөрсдөө ил болгодог бөгөөд ялсан нь мандаж, ялагдсан нь золигт гардаг түүхтэй.

Өдгөө тэдний арга барил бүр нарийсаад Авлигын шүүх нэртэй “махны машин” угсрах гэж байна. Хоёр хоногийн өмнө энэ талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргажээ. Ингэхдээ Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулахаар болов. Гуя дагаж хүзүү гэдэг шиг далд санаагаа гэрэл цохиулахгүйн тулд нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулахаар тусгасан аж.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин:

-Авлигатай тэмцэх дагнасан шүүх байгуулах асуудлыг 2015 онд судалж үзэж байсан. Тухайн үед 17 улс авлигын дагнасан шүүхтэй байсан. Боствани, Хорват, Бангладеш, Камерун, Словак, Уганда, Армени, Афганистан, Пакистан, Болгари, Рунди, Малайз, Палестин, Филиппин гэсэн улсуудад авлигын дагнасан шүүх байгуулагдсан байсан. 2022 онд  9 улсад дахиад шинээр авлигын дагнасан шүүх байгуулсан байна.  Албани, Армени, Мадгаскар, Серби, Сьерролан, Шриланк, Танзани, Украйн, Зимбабве улсад байгуулагдсан. Үр нөлөөнийх нь судалгааг харах юм бол авлигын дагнасан шүүх байгуулснаар энэ улсуудад авлигын хэрэг буураагүй. Эсрэгээрээ. улс төрийн өрсөлдөгчөө авлигын хэргээр намнахад зориулсан, богино хугацаанд сонгуулийн цикл дотор улстөрчид нэгнээ намнадаг гар хөл нь болдог шүүхийн тогтолцоо болж хувирсан байна гэдэг үнэлгээ гарсан байна.

“MN Partners” ХХК-ийн захирал Ц.Мөнхбат:

-Шүүхийн хонгилд шүүгчдийг томилдог субьектүүд холбогддог байсан бол одоо шүүх байгуулах замаар шинэ төрлийн хонгилыг бий болгох гэж оролдож байна. Дагнасан шүүх нь тодорхой салбар эрх зүйгээр байгуулагддаг бол авлигын шүүх нь авлигын хонгилын шүүх бий болох магадлалтай. Манай улс бусад төрлийн гэмт хэргийн их хэмжээний хохирол нь 50 сая байдаг бол авлигын гэмт хэрэгт 100 сая байх жишээтэй. Ийм өөхшүүлсэн хуультай улсад авлигын шүүх нь жинхэнэ утгаараа хонгилын, улс төрөөс хараат шүүх байгуулагдах эрсдэлтэй. Авлигын шүүх бол авлигын шүүх л байх.

Судлаач, хуульчдын байр хэлснээр харвал энэхүү шүүхийг байгуулсан улс, үр дүн нь бүгдийг хэлээд өгнө. Энэхүү шүүхийн хэрхэн байгуулах, хэн томилгоо хийх гээд тэд бүгдийг тооцсон. Ийнхүү шүүх эрх мэдэл рүү дайрах нь. Энэ гэнэт хэн нэгний толгойд буусан мэргэн санаа биш бөгөөд хоёр жилийн өмнө УИХ-ын дарга ам алдсан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар "Авлигалын асуудлыг таслан зогсоодог хамгийн сайн жишиг бол авлигын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах юм. Авлигалын хэргүүдийг цэгцэлдэг олон улсын ийм туршлага байдаг, судлаач эрдэмтэд нь ч үүнийг зөвлөдөг" /2021-08-20/ гээд авлигалын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах асуудлыг судалж, шаардлагатай бол эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр шуурхай ажиллахыг Хууль зүйн байнгын хороонд чиглэл өгч байлаа. Учир нь авлигын хэргээр хоёр ч өөрсдийн Ерөнхий сайдаа шоронд илгээж байж дахин эрх баригч болсон тэдэнд түүнийг улам бүр төгөлдөржүүлэх санаа нуугдаж байж. Хөгжлийн банкны хэргээр сонсгол хийж, өрсөлдөгчөө адгийн шаарнууд мэтээр харлуулж байсан тэдний хүслийг харамсалтай нь шүүх биелүүлээгүй. Тиймээс өөрсдийн гэсэн шүүхтэй болж түүгээр өрсөлдөгчөө намнах, өөрсдийгөө хамгаалах бүтэц бий болгох нь. Эрх баригчид өөрсдийн шүүгчдээр багаа бүрдүүлж, өөрсдийн хонгилыг бий болгож, ирээдүйд шалгагдах хэргүүдээ удирдана гэсэн үг. Тэдний хэрэгт шүүхийн нүд аньж, бусдын хэрэгт шүүхийн хонгилыг ажиллуулна. Х.Нямбаатарын хэлээд байдаг орны гурван давхар хэргийг хэрхэхийг шийддэг байсан бол удахгүй МАН-ын цагаан байранд шийддэг боөлох нь. Тэд мөнхөд засгийн эрхэнд байх юм шиг аашилж байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт энэ машиндаа өөрсдөө тасдуулна гэдгээ сөхөөрөхгүй явна. Аалз идшээ барихаар тор нэхдэг бол МАН авлига авахаар тор нэхэж байна. Монголын асуудал болгоноор тэд шинэ бүтэц гаргадаг бөгөөд тэрхүү салбар дампуурдаг нь жам билээ. Дараагийнх нь Авлигын шүүх.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж