Израиль, Хамасын дайн Энэтхэг, Хятад улсуудын дипломат ур чадварыг сориж байна. Тодруулбал, дэлхийн хамгийн олон хүн амтай хоёр улсын аль аль нь Израиль болон Палестинтай харилцаагаа тэнцвэржүүлэх шаардлагатайг ухамсарлахын зэрэгцээ мөргөлдөөнд төвийг сахихыг хичээж байна.
Хоёр улс 1992 оноос хойш Израильтай албан ёсны дипломат харилцаатай байгаа. Түүнчлэн 1988 онд Палестиныг тунхагласны дараа хэн хэн нь хүлээн зөвшөөрсөн.
Гэвч өдгөө Энэтхэг, Хятад улсууд өөр өөр байр суурьтай байна. Товч хэлбэл, Хятад улс Палестиныг, Энэтхэг улс Израилийг дэмжсэн байр суурьтай байна. Хятад, Энэтхэгийн иргэд мөргөлдөөний талаар цахим орчинд хэлэлцэж, буруу мэдээлэл түгээж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үг хэллэг ашиглаж буй зэрэг нь хурцадмал байдлыг улам даамжруулах болжээ.
АРАБЫН ЕРТӨНЦТЭЙ АХАН ДҮҮСИЙН ХАРИЛЦААТАЙ ХЯТАД
Араб, Исламын Гадаад хэргийн сайд нар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван улсад айлчилж буй. Тэдний анхны зогсоол Бээжин байлаа. Даваа гаригт болсон яриа хэлэлцээний үеэр Араб, Исламын орнуудын удирдагчид, төлөөлөгчид нэн даруй гал зогсоохыг уриалав.
Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ, “Манай улс Арабын болон Исламын орнуудтай найрсаг, ахан дүүсийн харилцаатай. Мөн Палестины ард түмний хууль ёсны үндэсний эрх ашиг, ашиг сонирхлоо сэргээх шударга үйлсийг үргэлж тууштай дэмжсээр ирсэн” гэжээ.
Хятад улс энгийн иргэдэд хохирол учруулсан явдлыг зэмлэсэн боловч Хамасыг илт буруушаахаас татгалзаж, Израилийн хариу цохилтыг “хамтын шийтгэл” гэж нэрлэсэн юм. Израилийн албаныхан Хятадын байр сууринд урам хугарч буйгаа мэдэгджээ.
Мөргөлдөөн эхэлснээс хойш Хятадын цахим сүлжээнд еврейчүүдийг үзэн ядсан сэтгэгдлүүд олширсон. Үүний зэрэгцээ исламофоби үзэлтэй бичлэгүүд ч бас байгааг судлаачид онцолжээ.
Хятад гаралтай израиль эмэгтэй Ноа Аргамани хөгжмийн наадамд оролцох гэж яваад Хамасынханд хулгайлагдаж буй бичлэг цахим орчинд тарсан. Үүнтэй холбоотойгоор Хятадын цахим орчинд шүүмжлэл, эсэргүүцэл өрнөжээ. Хятадын засгийн газар түүнд туслахын тулд юу ч хамаагүй хийх ёстой гэж зарим хүн үзсэн.
Харин Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Израилийн хариу арга хэмжээнээс болж энгийн иргэд зовж шаналж буйг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг онцлон тэмдэглэж байна. Мөргөлдөөний эхний өдрүүдэд Хятадын төрийн телевиз “CCTV” 2020 онд еврейчүүдэд халдсан тухай нэвтрүүлгийг үзүүлжээ.
Гэвч Хятадын тухайд еврейчүүдийн эсрэг дайсагнал нь зарим талаараа үндсэн сэдвээсээ хазайсанд гол асуудал байна. Тодруулбал, "Хятадууд Израилийг сионизмтэй хольж хутган, Израилийн засгийн газарт хандан империалист, Америкийн эсрэг үзэл санааг илэрхийлж байна" гэж Жоржиа мужийн их сургуулийн доктор, судлаач Вэнди Жоу хэллээ.
Угтаа бол Хятадад цахим орчны хяналт тун чанга. Гэтэл Хятадын цензурчид улс төрийн мэдрэмжгүй арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй нийтлэлүүдэд төдийлөн анхаарал хандуулдаггүй. Сүүлийн үед Ойрхи Дорнодын мөргөлдөөнтэй холбоотой цахим орчин дахь сэтгэгдлүүд олон улсын хэвлэлийн анхаарлыг татах болсон тул тэд еврейчүүдийг эсэргүүцсэн болон бусад таагүй контентыг хянаж эхэлсэн байж магадгүй аж.
ИЗРАИЛЬТАЙ ОЙРТОХЫГ ХИЧЭЭХ ЭНЭТХЭГ
Мөргөлдөөн эхний үед Энэтхэг улс Израилийг дэмжиж байгаагаа шууд илэрхийлсэн ч палестинчуудын талаар дорвитой мэдэгдэл хийгээгүй. Ерөнхий сайд Нарендра Моди Хамасын халдлагын дараахан "Энэ хүнд хэцүү цагт бид Израильтай эв санааны нэгдэлтэй байна" гэж хэлжээ. Хоёр улс терроризмын эсрэг хүчин чармайлтаар нягт хамтран ажилладаг. Цаашилбал, Энэтхэг нь Израилийн зэвсгийн хамгийн том худалдан авагч юм.
Энэтхэг улс Палестиныг эртнээс нааш дэмжсээр ирсэн түүхтэй ч Модигийн засгийн газрын үед Израильтай харилцах харилцаа нь улам бэхжсэн. Нарендра Моди 2017 онд Израильд айлчилсан Энэтхэгийн анхны ерөнхий сайд болсон юм.
"Израилийн үзэл суртлын загвар нь Модигийн Энэтхэгийн талаарх төсөөлөлтэй нийцдэг. Израилийн сионистууд болон Энэтхэгийн үндсэрхэг үндсэрхэг үзэлтнүүдийн хооронд үзэл суртлын ижил төстэй тал бий" гэж Шведийн Упсала их сургуулийн энх тайван, мөргөлдөөн судлалын профессор Ашок Свейн хэлэв. Хүчирхэг, шашинд суурилсан төр гэх нийтлэг ойлголт энэ хоёр улсад бий. Израилийг дэмжиж буй илэрхийллүүдийг нь хараад байхад Хиндү үндсэрхэг үзэлтэй холбоотой уриа лоозон ихэвчлэн байдаг аж.
Газын зурвас дахь мөргөлдөөний талаарх энэтхэгчүүдийн цахим сэтгэгдэлд буруу ташаа мэдээлэл их байгааг онцолж буй. Бангладешийн Жахангирнагар их сургуулийн сэтгүүлзүйн тэнхимийн туслах профессор Сайед Аль-Заманы хэлснээр, зарим нь ийм ташаа мэдээллийг зориудаар тарааж байна. Мөн олон хүн үүнд ухамсаргүйгээр итгэж байна. Х платформ дээр ташаа мэдээлэл тарааж буй 25 хаягийг илрүүлэхэд ихэнх нь Энэтхэгийнх байжээ. Хамасынхан нялх хүүхдийн толгойг тасдсан гэх зэрэг батлагдаагүй мэдээллийг уг хаягууд нийтэлсэн байсан.
Нарендра Моди болон зарим улстөрч Израилийг дэмжсэн хатуу байр суурьтай байгаа бол Гадаад хэргийн яам илүү тэнцвэртэй байхыг хичээж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнгөрсөн сард хүмүүнлэгийн эвлэрлийг шаардсан тогтоолын төсөлд санал хураасан. Энэ үеэр Энэтхэг түдгэлзсэн санал өгсөнд тус улсын сөрөг хүчний намууд дургүйцжээ. Энэ нь Энэтхэг улс АНУ болон түүний холбоотон Израильд захирагдаж буйг илтгэнэ гэж үзжээ. "Газын зурваст энгийн иргэдийн амь нас эрсэдсэн үйл явдалд түдгэлзсэн санал өгсөн нь улсынхаа үзэл баримтлалын эсрэг зогссон хэрэг" гэж сөрөг хүний Конгресс намын ерөнхий нарийн бичгийн дарга Приянка Ганди Вадра мэдэгдсэн байна.
Эх сурвалж: NBC
Холбоотой мэдээ