Хятадын дарга Ши Жиньпин Оросын дээд хууль тогтоогч Вячеслав Володинтой уулзжээ. Энэ үеэр Ши Жиньпин Украины дайны дараа найрсаг харилцааг хадгалж үлдсэнээ онцлон тэмдэглэв. Мөн стратегийн иж бүрэн зохицуулалт, харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-тай хамтран ажиллахад бэлэн гэж мэдэгдлээ.
ОХУ-ын хууль тогтоох доод танхим болох Думын дарга Володин хэлэхдээ, "Хоёр улсын харилцаа түүхэнд байгаагүй хамгийн сайн түвшиндээ хүрсэн. ОХУ нь Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжиж байна" гэжээ.
Путин 2022 оны хоёрдугаар сард Украинд довтолсноос хойш Хятад улс Орост дипломат болон эдийн засгийн дэмжлэгийг тасралтгүй үзүүлсэн. Энэ нь барууны орнуудын Орост тавьсан хориг арга хэмжээний үр дагаврыг зөөллөж байв. Өнгөрсөн сард л гэхэд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цян улс хоорондын худалдаа болон бусад хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа Оросын ерөнхий сайд Михайл Мишустинд илэрхийлжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин "Бүс ба зам" чуулга уулзалтад оролцохоор аравдугаар сард Бээжинд айлчилсан. Энэ нь түүний Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийн дараах ховорхон айлчлалуудын нэг байв. Ши Жиньпин уг форумыг АНУ тэргүүтэй дэлхийн дэг журмыг өөрчилсөн арга хэмжээ гэж онцолжээ.
Эх сурвалж: BLOOMBERG