Монголд гурван хаан хэрэггүй!

Хуучирсан мэдээ: 2023.11.23-нд нийтлэгдсэн

Монголд гурван хаан хэрэггүй!

Монголд гурван хаан хэрэггүй!

Номер нэг, номер хоёр, номер гурав. Улс төрийн хүрээнийхэн ингэж ярьдаг, ойлголцдог болсон. Товчхондоо, өнөөдрийн улс төрийн номер нэг нь-У.Хүрэлсүх, номер хоёр нь-Г.Занданшатар, номер гурав нь-Л.Оюун-Эрдэнэ юм.

Тогтолцооны хувьд Монгол Улс хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдад танхимаа чөлөөлөх, томилох эрх мэдэл олгосон ч, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг яг  хэвээр үлдээсэн. 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ч тогтолцоогоо Монгол Улс тодорхой болгож чадаагүй.

Өнгөрсөн 30 жилийн Монголын улс төрийн гол алдаа нь институци хоорондын эрх мэдлийн зөрчил. Өнөөдөр У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нар наанаа нам гүм, найз нөхөд мэт харагдавч, тэдний дунд эрх мэдлийн хуваарилалтын зөрчил хэдийнэ үүссэн, хэзээ ил цагаандаа гарах вэ гэдэг нь цаг хугацааны хувьд асуултын тэмдэг юм. Угаасаа ч Монголын улс төрд үүрдийн дайсан, нөхөр гэж байгаагүй. Зөвхөн үүрдийн эрх ашиг бий гэвэл институци хоорондын зөрчил нь тэднийг “нөхөр-дайсан” болгохгүй гэх газаргүй. Тэр тусмаа Монголын улс төрд гурван ХААН байх боломж, нөхцөл байхгүй!  Энэ нь гурван хүний асуудал биш гурван институцийн асуудал юм.

Нэг.

Монголын улстөрчид эрх ашиг нэгдвэл тосоо гартал тэврэлдэж, эрх ашиг нь зөрчилдвөл цусаа гартал зодолддог. Ийм жишээ хар мянгаараа тоологдоно.

Нэгэн цагт Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь заналтайгаар огцруулж явсан Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа түүнийг ахлах зөвлөхөөрөө авсан нь урьдын гэм нүглээ цайруулах гэсэндээ биш. Тэдний тэврэлдэх болсон шалтгаан нь тов тодорхой, Н.Алтанхуяг өөрийг нь огцруулсанд “Алтангадас”-ынхаа нөхдөд гомдож явдаг. Х.Баттулга Тавантолгой ордыг өөрт нь өгсөнгүй гэж АН-ын амин найзууддаа хорсож суудаг. Энэ эрх ашиг дээр тэд нэгддэг, нийлж намаа, нөхдөө “зоддог”.

Тэгвэл М.Энхболдоос нам, төрийн бүх эрх мэдлийг булааж авсан, цагтаа олон ч жагсаалыг удирдаж, зохион байгуулж ирсэн У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр ч үүрдийн найзаараа үлдээгүй билээ. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө засгаа огцруулж, Х.Баттулгад гэнэтийн сюрпириз барьсан У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаас огцрохдоо М.Энхсайхан, С.Баярцогт, С.Баяр нарын улстөрчдийг хилсээр хэлмэгдүүлсэн хүн бол Женко гэж зарлачхаад буусан юм. Тэдний эрх ашиг эндээс салсан, Х.Баттулга өнөөдөр ч үүнийг мартаагүй яваа.

З.Энхболд жижиг биетэй Эрдэнэ, С.Эрдэнэ том биетэй З.Энхболд гэж хэлэгдэж явсан үе тэдэнд бий. С.Эрдэнийг Ардчилсан намын дарга болоход З.Энхболд хүчин зүтгэж, Х.Баттулгыг Ерөнхийлөгч болгоход С.Эрдэнэ хүчээ хаяж явсан нь үнэн.

Гэвчиг өнөөдөр хэн, хэн нь “хонь, чоно” болжээ. Гэх мэтчилэн Монголын улс төр дэх урвалт шарвалтыг бичих юм бол хүрээний бузрыг дэлгэж барахгүй гэгч болно. Н.Энхбаярыг хаан байхад хатавчнаас нь салдаггүй байсан Ц.Нямдорж “оймсоо гозолзуулах” үед  ордон дотор тавлаж суусан нь бас л болсон явдал.

Хоёр.

Монгол Улс парламентын засаглалтай ардчилсан улс гэгддэг. Парламентын засаглалаа бэхжүүлэх үүднээс өнгөрсөн хавар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог 126 болгосон. Нэг кнопт оногдох эрх мэдлийг бууруулснаар төр нүүрлэсэн авлига буурна гэж парламентад суудалтай намууд үзсэн, дэмжсэн.  УИХ дахь кнопны эрх мэдлийг бууруулсан ч нөгөө талдаа институци хоорондын зөрчлөө шийдээгүй нь Л.Оюун-Эрдэнийн эр зориг хүрээгүй юу, У.Хүрэлсүхийн ухаан дутсан уу, мэдэхгүй.  Ямар ч байсан хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглал нь яваандаа У.Хүрэлсүх, Л-Оюун-Эрдэнэ хоёрыг хагаралдуулах гэмтэй. Асуудлын хувь хүмүүстээ биш тогтолцооныхоо гажуудалд байгаа юм.

Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгодог, харин Ерөнхий сайд нь ялсан намаас сонгогддог. Эрх мэдлийн энэ мэт зөрчил нь өнгөрсөн 30 жилд олон Ерөнхий сайдыг огцруулсан. Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг эс тооцвол Монголын гүйцэтгэх засаглалын дундаж насжилт 1.5 жил. Хүн нь солигдох болгонд бодлого нь солигддог. Бодлого солигдоно гэдэг ажил нь зогсоно гэсэн үг.

Тогтолцоогоо тодорхой болгоно гэдэг хэн нь хаан,заан байхаа хуульчилж өгнө гэсэн үг. Өнөөдрийн тогтолцоо нь ҮАБЗ нэртэй гурван хааныг төрүүлдэг. Институци хоорондын эрх мэдлийн зөрчилдөөн нь улсаа нурааж, гэрээ шатаах дээрээ тулдаг.

Хоёр жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэд Үндсэн хуулиар олгосон танхимаа чөлөөлөх, томилох эрх нь бүрэн нээлттэй ч, эрх мэдлээ бүтэн авч чадаагүй л явна. Учир нь, Монголын улс төрд Ерөнхий сайд бол номер гуравдугаарх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж