"Засгийн газар өрсөлдөгчөө намнах шүүхийн хонгил угсарлаа"

Хуучирсан мэдээ: 2023.11.23-нд нийтлэгдсэн

"Засгийн газар өрсөлдөгчөө намнах шүүхийн хонгил угсарлаа"

"Засгийн газар өрсөлдөгчөө намнах шүүхийн хонгил угсарлаа"

Ардчилсан намаас өнөөдөр (2023.11.23) мэдээлэл хийх үеэрээ Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг огцруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлэх болсноо мэдэгдлээ.


Ардчилсан намын дэд дарга Ж.БАЯРМАА:

-Сүүлийн үед цэргийн анги нэгтгэлүүдэд залуус амь насаа алдах тохиолдол газар авах шинжтэй болж байна.  Цэргийн ангиудад гарч байгаа хүний эрхийн зөрчлийн талаар Хүний эрхийн үндэсний комисс илтгэл тайланд удаа дараа дурдсан боловч дорвитой арга хэмжээ авагдаагүй байна. УИХ -ын 49 дүгээр тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл хүргүүлсэн. Цэргийн анги нэгтгэлүүдэд гарч байгаа дүрмийн бус үйлдлүүдийн учир шалтгааныг тогтоож, таслан зогсоох ёстой гэсэн чиглэл өгсөн ч Батлан хамгаалах яам арга хэмжээ авсангүй.

Үр дагаварт нь арваад хоногийн өмнө нэг сайхан залуу амь насаа алдсан. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Цэргийн анги нэгтгэлд дэглэлт байхгүй, яргалалт байхгүй. Битгий худлаа мэдээлэл хийгээд бай” гэж албан ёсоор мэдэгдсэн. Гэвч өчигдөр нэг цэрэг Цэргийн төв эмнэлэгт өвчний улмаас хүргэгдэж ирснийхээ дараа ямар их дэглэлтэд байсан, ямар их зодуурт өртөж байсан тухай ярьсан. Энэ нь сайд Г.Сайханбаярын үг худал байжээ гэдэг нь нотлогдож байна. Тиймээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна гэлээ.

Шаардлагад “Хугацаат цэргийн алба хаагчдын амь нас, бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал тасралтгүй гарч байна. Хамгийн сүүлд Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа 326 дугаар ангид алба хаагч амь насаа алдсан.

Мөн 120 дугаар ангид зодуулж дарамтлуулж байсан алба хаагч цэргийн нэгдсэн эмнэлэгт ирж үгээ хэлснээр ил боллоо. Энэ хугацаанд хохирогчдын төлөөлөл, тэдний ар гэр үгээ хэлж, олон нийтэд бодит мэдээлэл хүргэлээ.

Олон нийт холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахыг удаа дараа шаардсан ч Ерөнхий сайд нь ямар нэгэн мэдэгдэл хийлгүй өнөөдрийг хүрсэн. Хэлэлцүүлэг болон Хүний эрхийн үндэсний комиссын удаа дараагийн тайлан илтгэлээс харахад цэргийн албанд очиж амь насаа алдах, эрэмдэг болох хэрэг нь нэгэнт хэвийн үзэгдэл болсон нь тодорхой.

Эрүүл мэндээрээ хохирч эрэмдэг зэрэмдэг болох, амь насаа алдах нь зэвсэгт хүчний бүх салбар нэгжүүдэд соёл болон төлөвшсөн дэглэлттэй холбоотой гэж дүгнэхэд хүргэж байна.

Өнгөрсөн нийгмээс амь бөхтэй өнөөдрийг хүртэл оршиж байгаа дэглэлт гэх зүйлийг үндсээр нь үгүй хийж, хүний эрхийн өндөр мэдрэмж бүхий орчин үеийн армийг зохион байгуулж чадах, шинэчлэх сайд энэ салбарт үгүйлэгдэж байна.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нь сайдаар ажиллах хугацаандаа энэхүү дэглэлт дүрмийн бус ажиллагааг таслан зогсоож чадаагүйгээс гадна чадсан мэтээр дүр эсгэж, "Дэглэлт яргалал байхгүй" хэмээн худал мэдэгдсэн нь тангараг өргөсөн төрийн өндөр албан тушаалтны хувьд ёс зүйгүй үйлдэл. Мөн салбартаа үгүйлэгдэж буй шинэчлэлийг хийж чадахгүйн нотолгоо гэж Ардчилсан нам дүгнэж байна.

Цаашид хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал бүрд улс төрийн хариуцлага дагалддаг соёлыг төлөвшүүлэх үүднээс Г.Сайханбаярыг нэн даруй огцруулж, дээрх шаардлагад нийцсэн иргэний боловсролтой хүнээр Батлан хамгаалахын шинэ сайдыг томилон ажиллуулахыг шаардаж байна" гэжээ.

Улс төрийн захиалгаар хүссэн үр дүнг гаргаж өгдөг шүүхийн тогтолцоотой болох нь

Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн Х.ТЭМҮҮЖИН:  

-Засгийн газраас өчигдөр Хууль зүйн сайдын санаачлагатайгаар шүүхийн тогтолцоонд өөрчлөлт оруулах авлигын дашгнасан шүүх байгуулах тухай зарлалаа. Ардчилсан нам гурван асуудлаар байр сууриа илэрхийлж байна.

Нэгдүгээрт, авлига хавтгайрсан, ужгирсан, өнөөдөр эрх мэдэлтэй байгаа хүмүүс сүргээрээ олуулаа хулгай хийж байгаа нөхцөлд авлигатай тэмцэх үйл ажиллагааны ямар ч санаачлагыг эсэргүүцэх, түүнийг улдан зогсоох сонирхол Ардчилсан намд байхгүй.

Гэхдээ нэг асуудал байна. Авлигатай тэмцэх нэрийн дор өрсөлдөгчөө намнах, улс төрийн өөр үзэл бодолтой хүмүүсийг өрсөлдөөнөөс гаргах, ямар нэгэн байдлаар өөрсдийнхөө авлигыг өөр аль нэг намын авлигач гэсэн нэр зүүсэн хүмүүсийг онилох байдлаар бүдэгрүүлэх оролдлого хийх нь шударга зүйл биш.

Энэ Засгийн газрын санаачлагын хамгийн аюултай нь, бидний олон жил ярьж байгаа хонгил гэдэг зүйлийг маш богино хугацаанд үр дүнтэй ажиллаж болох шинэ супер шүүхийн хонгилын системийг санаачилж байгаа.

Авлигатай тэмцэх дагнасан шүүх байгуулах нэрийн дор энэ шүүхийг байгуултал авлигын хэргийг Давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүхээр шийднэ, Улсын дээд шүүх Давж заалдах шатны журмаар асуудлыг шийднэ гэдэг бол сонгуулиас өмнө онилсон, чиглэсэн тодорхой хэргийг нэн даруй шийд гэдэг шийдлийг шүхийн тогтолцоонд албан ёсоор хийж өгөх төлөв харагдаж байна. Шууд хэлэх юм бол улс төрийн захиалгаар хүссэн PR –ынх нь үр дүнг гаргаж өгдөг шүүхийн тогтолцоотой болох тийм улс төрийн шийдлийг Засгийн газар гаргаж байна.

Авлигатай тэмцэх дагнасан шүүх байгуулах асуудлыг 2015 онд судалж үзэж байсан.

Тухайн үед 17 улс авлигын дагнасан шүүхтэй байсан. Боствани, Хорват, Бангладеш, Камерун, Словак, Уганда, Армени, Афганистан, Пакистан, Болгари, Рунди, Малайз, Палестин, Филиппин гэсэн улсуудад авлигын дагнасан шүүх байгуулагдсан байсан.

2022 онд  9 улсад дахиад шинээр авлигын дагнасан шүүх байгуулсан байна.  Албани, Армени, Мадгаскар, Серби, Сьерролан, Шриланк, Танзани, Украйн, Зимбабве улсад байгуулагдсан. Үр нөлөөнийх нь судалгааг харах юм бол авлигын дагнасан шүүх байгуулснаар энэ улсуудад авлигын хэрэг буураагүй. Эсрэгээрээ. улс төрийн өрсөлдөгчөө авлигын хэргээр намнахад зориулсан, богино хугацаанд сонгуулийн цикл дотор улстөрчид нэгнээ намнадаг гар хөл нь болдог шүүхийн тогтолцоо болж хувирсан байна гэдэг үнэлгээ гарсан байна. Яагаад бид 2015 онд судалгаа хийсэн бэ гэхээр  авлигатай тэмцэх үр нөлөөг дээшлүүлэхийн тулд судалгааг хийсэн. Нэгдүгээрт, Монгол Улсад Үндсэн хуулийн боломжтой юу гэдэг дээр сөрөг дүгнэлт гарсан.

Энийг мэдэж байгаа учраас эрх баригчид авлигын дагнасан шүүх байгуулах хүртэл гэж хэлж байгаад сонгууль хүртэл авлигын хэргийг Эрүүгийн давж заалдах шатны шүүх шийднэ гэдэг байдлаар шийдэх нь.

Авлигын дагнасан шүүх байгуулахад Монгол Улсын хувьд Үндсэн хуулийн хувьд боломж муу.

Энэ асуудлсыг судлаад шийтдэл бараг хоёр гурван жил болох байх. Ирэх онд болох сонгуулиар богино хугацаанд тодорхой онилсон хүмүүсийг шоронд явуулахын тулд авлигын хэргээр амыг нь хааж, далд хийх боломж нь ганц Давж заалдах шатны шүүхэд эрх мэдлийг шилжүүлж,  Дээд шүүхэд эрх мэдлийг төвлөрүүлэх замаар хэргийг шийдэх юм байна. Энэ сонголтоо зарлалаа.

Цэргийн алба бол шорон биш

Ардчилсан намын дэд дарга Ч.ӨНӨРБАЯР:

-Батлан хамгаалах салбарт үүсээд буй нөхцөл байдал тогтолцооны асуудлаас эхтэй. Батлан хамгаалах яам бол улс төрийн албан тушаалтан байгаад бодлого хэрэгжүүлдэг газар байх ёстой. Гэвч хуулиа ойлгож бодлого хэрэгжүүлдэг газар үгүй болсон байна. Засгийн газрын чиг үүргийн асуудал нь замбараагүй болсоор байна. Батлан хамгаалах салбар мэргэжлийн цэрэг, хугацаат цэрэгтэй байдаг.

Цэргийн алба бол шорон биш цэргийн мэргэшил олгох сургалтын байгууллага байх ёстой. Бодлого, төлөвлөлт алга. Зөвхөн түр зуурын гал намжаах бодлогоор яамдууд ажиллаж байна.

Хүний эрхийн зөрчил, эдийн засгийн асуудал, ядуурал бүгдийг нь суурь хөрсөөр нь өөрчлөх хэрэгтэй. Өнөөдрийн эрх баригчдад яаж сонгуулийг угтсан улс төр хийх вэ гэдэг л бодлого байна.

Монгол Улсад, Засгийн газарт цаас дутаагүй, бодлого дутаагүй, хууль дутаагүй харамсалтай нь үүнийг хэрэгжүүлж байгаа сайд, дарга гэж нэг ч алга. Ямар ч хэрэггүй сайдын албан тушаалыг бий болгосоор байна. Өөрчилье, шинэчилье гэвэл Ерөнхий сайд улс төрийн манлайллаа аваад сайдуудаа цөөлөх хэрэгтэй. Батлан хамгаалах багц хуулиар яг тухайн орон нутагт нь бэлтгэх богино хугацааны системийг төлөвлөсөн.

1990 оноос өмнөх ЗХУ-ын цэргийн школ, дэглэлт манай цэргийн албанд байгаад байгаа юм. Харин богино хугацааны үр дүнтэй хөтөлбөрийг бий болгох шаардлагатай. Ардчилсан нийгэм дэх цэрэг гэдэг нь иргэншсэн цэрэг байх ёстой.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж