Т.Баярхүү: 294 иргэнийг олсон, 14 иргэнийг эрэн хайж байна
Монгол орны хэмжээнд өчигдрөөс цаг агаар эрс хүйтэрч, зарим аймгуудад цас ихээр шуурснаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозамд халтиргаа үүсэн, зам даваа хаагдсан тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авсан юм.
Тэгвэл эл хүндрэлтэй нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссоос цаг үеийн мэдээллийг хийлээ.
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ:
-Хэнтий, Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар өчигдөр цас орж, байгалийн аюултай үзэгдэл ажиглагдлаа. Энэ хугацаанд нийтдээ дөрвөн аймгийн хэмжээнд 308 иргэн төөрсөн, сураггүй болсон мэдээлэл ирсний дагуу холбогдох аймгийн онцгой байдлын багууллага, зарим аж ахуйн нэгж, зэвсэгт хүчний анги байгууллагаас хүн хүч, техник дайчилж, эрэн хайх аврах ажиллагаа зохион байгуулж, өнөөдөр өглөөниЙ 10.00 цагийн байдлаар 294 иргэнийг олсон. Одоо дөрвөн аймгийн 9 суманд 14 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжлэн зохион байгуулж байна.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга өчигдөр шөнө аймгуудын удирдлагатай холбогдож, эрэн хайх ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, шаардлагатай хүн хүчийг дайчлах чиглэлээр үүрэг өгсөн. Энэ дагуу аймгууд холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
14 иргэнийг эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байгаа нутаг дэвсгэрт цас их орсон, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй цаг хугацаа их зарцуулсан амаргүй нөхцөл байдалтай байна. Иймээс эрэн хайх ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, нэмэлт техник хүн хүч дайчлах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна гэлээ.
Холбоотой мэдээ