Өмнөд Солонгосын “My Golden Kids” телевизийн шоуны 169 дахь дугаарт оролцсон дөрвөн настай хүүгийн бичлэг олны сэтгэлийг шимшрүүлж байна.
“My Golden Kids” нь өнөөгийн эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжлийн чиг хандлагыг харуулахын зэрэгцээ хүүхэдтэйгээ юу хийхээ мэдэхгүй байгаа эцэг эхчүүдэд туслах зорилготой шийдэл бүхий нэвтрүүлэг юм.
Дөрвөн настай Гюм Жи Юн эцэг эхтэйгээ хэрхэн харилцдаг тухайгаа ярьжээ. Түүнээс ээж аавынхаа хэнтэй нь цагийг өнгөрүүлэх дуртай вэ гэж асуухад “Мэдэхгүй” гэж хариулсан байна. Энэ нь хүү ихэвчлэн ганцаараа цагийг өнгөрөөдөгийн илэрхийлэл болжээ. “Ээж надад дургүй байх” гэж хэлээд хүү уйлж эхэлсэн ч өөрөө зөнгөөрөө уйлахаа больсон байна. Мөн аавынх нь талаар асуухад “Уурлахаараа аймаар байдаг. Намайг арай эелдэг зөөлнөөр дуудах байх гэж найддаг” гэжээ.
Уг бичлэг анх ТикТок платформд цацагдсан бөгөөд 25.3 сая үзэгчид хүрсэн байна. Харин твиттерт нийтлэгдэх үед нь 10.4 сая хүн үзжээ.
Хүүг зураг зурж байхад ээж нь ширүүн харьцаж буй өөр нэг бичлэг мөн цацагджээ. Урлаг сонирхохын оронд хичээл номдоо анхаар гэж ээж нь дөнгөж дөрөвхөн настай хүүд хэлсэн аж.
Цахим орчинд ээж аавын хайраар дутсан хүүгийн талаар янз бүрээр хэлэлцэж байна. Ялангуяа дөрөвхөн настай атлаа өөрийгөө хянах гэж оролдож, мэдрэмжээ тайлбарлаж буй хэрсүү зан нь олны сэтгэлийг хөдөлгөв.
Бяцхан хүү дүүтэй болсныхоо дараа ааш зан нь ширүүн болсон гэж аав ээж нь үзсэний үндсэн дээр уг нэвтрүүлэгт хандсан аж. Хүүгийн аав ээж бүтэн цагийн ажил хийдэг. Тиймээс өвчтэй эмээ нь хүүхдүүдийг асардаг гэжээ.
Эх сурвалж: KOREA BOO