УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2023.11.23/ээлжит хуралдаан эхэллээ.
Б.Энх-Амгалан, П.Анужин, Г.Тэмүүлэн, Г.Ганболд, Ц.Цэрэнпунцаг нар байнгын хороо даргална
Зарим байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Анужин танилцууллаа. Байнгын хорооны 2023 оны арваннэгдүгээр сарын 21-ний хурлаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг улираан сонгохоор нэр дэвшүүлжээ. Санал хураалтаар 60 хувиар дэмжигдэв
Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулав. Байнгын хорооны хурлаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэн хэлэлцүүлсэн гэв. Санал хураалтаар 69 хувиар дэмжив.
Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Байнгын хорооны хурлаар УИХ-ын гишүүн П.Анужин улираан сонгох асуудлыг хэлэлцүүлсэн байна. Санал хураалтаар 61 хувиар дэмжигдэв.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал танилцуулав. Байнгын хорооны хурлаар УИХ-ын гишүүн Г.Ганболдыг нэр дэвшүүлэн хэлэлцүүлсэн гэв. Санал хураалтаар 69 хувиар дэмжигдэв.
Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Байнгын хорооны хурлаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг улираан сонгохоор хэлэлцүүлсэн гэв. Санал хураалтаар 69 хувиар дэмжигдэв.
Нэр дэвшигчдээс асуулт асуух УИХ-ын гишүүн байсангүй. УИХ-ын тогтоол баталсанд тооцлоо.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хойшлуулав
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хийж байна. УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар горимын санал гаргаж, энэ хуулийн 1.19.3.6 заалтад нийгмийн даатгалаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтыг ишлэсэн зохицуулалтыг оруулсан байна. УИХ-аас 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг шинэчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хууль гэж тусдаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль гэж хоёр тусдаа хууль болгон баталсан.
Эдгээр хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тиймээс хугацаа нь болоогүй хуулийг ишлэсэн учраас хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлага үүсч байна. Тиймээс энэ хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт буцаая гэсэн горимын саналаар санал хураалт явуулж, 56.4 хувиар дэмжигдэв.
2024 оны төсөвт боловсрол, эрүүл мэндийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээг батлав
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай /Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлэг/ хийж байна. Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Ц.Сандаг-Очир танилцуулав.
Байнгын хорооны танилцуулгатай холбоотой асуулт асуух гишүүн байсангүй. Санал хураалт явуулж, 52.5 хувиар санал дэмжигдэж тогтоолын төслийг батлав.
"Монголбанкнаас ипотекийн зээлийг тэгш хуваарилах заалтыг авч хая"
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.09.25-ны өдөр ирүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хийж байна. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам танилцуулав.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Энэ удаагийн төрөөс баримтлах мөнгөний бодлого дээр нэг заалт тусгаж өгснөөрөө онцлог. Юу гэхээр ипотекийн зээлийг Монголбанк, Засгийн газар гэж нэлээд зогсонги байлгасан. Энэ зээлийг 60/40 байж болохгүй гэдэг байр суурьтай байсан. Энэ зээлийг Монголбанкнаас хариуцаж, Засгийн газарт шилжих хүртлээ хариуцах заалт оруулж байгаа нь чухал. Ямар ч байсан төв банкинд одоогийн зээл авсан хүмүүсийн буцаан төлөлтөөс 500 орчим тэрбум төгрөг, арилжааны банкуудад 100 тэрбум нийлээд 600 тэрбум төгрөгийг ипотекийн зээл рүү гаргах боломжтой гэж байна. Цаашдаа 600 тэрбум төгрөгийг нэмэгдүүлэх ёстой байгаа. Энэ мөнгө хэдэн хувьд хүрэх санхүүжилт вэ?
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Энэ оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийт банкны систем иргэдээс 17 мянган зээлийн хүсэлт,өргөдөл хүлээн авсан. Мөнгөн дүнгээр 1.7 их наядын эрэлт ирсэн. Оны эхнээс нийтдээ 676 тэрбум төгрөгийн зээлийг 6.5 мянган өрхөд олгоод явж байна. Амины орон сууцны асуудалд стандарттай холбоотой асуудал яригддаг. Гэр хороололд амины орон сууц барихад дэд бүтэц гэх мэт нөхцөл тавих шаардлагатай байдаг.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Би ажлын хэсгийн гишүүн. Гэхдээ мөнгөний бодлого бол ирэх жил орон зай байхгүй шүү. Улсын төсөв 27.1 их наяд төгрөгөөр батлагдаж, зах зээл дээр асар их хэмжээний мөнгө тараагдана. Сонгуулиас өмнө оны эхэнд мөнгө тараана. Инфляцийн хүлээлт өндөр байна. Бодит байдал дээр. Эдийн засагчдын клубийн төсөөллөөр төсвийг нэг их наядаар тэлбэл инфляцийн өсөлт нэг хувиар дээшээ харвана гэдэг. Ирэх жилийн инфляци 15 хувьтай байна гэдэг төсөөлөл гараад байгаа. Бид нэг гараараа цалинг 10 хувь нөгөө гараараа инфляци 15 хувь болж, таны 100 төгрөг 110 болж, нөгөө талдаа худалдан авах чадвар 95 болж буурна. Эдийн засагчид үүнийг чөтгөрийн тойрог гэдэг.
Ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам сайн ажилласан. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийг нэмэлт эх үүсвэрээр санхүүжүүлэх асуудал яригдаж байсан. Энийг таслан зогсоосон. Өмнө нь эргэлдэж байгаа эргэлтийн сангаас энэ эх үүсвэрийг гаргана гэдэг зохицуулалт орж ирж байгаа нь маш сайн. Ямар нэгэн мөнгө хэвлэхгүй, нэмэлт эх үүсвэр гаргахгүй. Сонгуулийн популизм байхгүй. Харин орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд олгох зээлийн нийт санхүүжилтын эх үүсвэрийг нийслэл, орон нутагт тэгш хүртээмжтэй хуваарилах гээд. Би эсрэг байр суурьтай байна. Энэ зүйл заалтыг авч хая. Монголбанкнаас бидэнд юм хуваарилах гээд байна. Энэ зах зээлийн зарчим биш. Тэгш хүртээмжтэй гээд. Гэтэл зах зээл шингээж чадах уу. Эндээс шууд шийдвэр гаргах нь буруу. Нийт 330 сумын 80 суманд очиж харсан. Төвлөрөл үүссэн газрын дэд бүтцийг хийх шаардлагатай.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Ипотекийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх асуудал Монгол Улсын 2024 оны төсвийг дагалдаж гарсан УИХ-ын тогтоол орсон. Энэ тогтоолд орох орохдоо хот болон хөдөөд тэнцвэртэй олгох гэсэн байдлаар орсон. УИХ-ын тогтоолтой бид үндсэн чиглэлээ уялдуулах ёстой. Заавал мөнгөний бодлогын үндсэн чиглэлд оруулж байгаа нь Засгийн газар руу шилжүүлэх юм. Шилжүүлж автал нь өөрийн эх үүсвэрээр нь санхүүжүүлэх, УИХ-ын тогтоолтой уялдуулсан хэрэг. Өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэхэд жилд 620 тэрбумын санхүүжилтын боломжтой гэсэн. Бид эрэлтийг асуухад орон нутагт 373.4 тэрбум, хотод нэг их наяд төгрөгийн эрэлт байна. Тэгэхээр орон нутагт 620 тэрбумын тал нь хангалттай хүрэлцэнэ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Ипотекийн зээлийг яаралтай Барилга, хот байгуулалтын яам руу шилжүүл л дээ. Ипотекийн зээл төсөв юм уу. Зарчимд нь оруулалдаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Төв банк ипотекийн зээлийг санхүүжүүлээд явах ёсгүй. Тиймээс 2023 оны мөнгөний бодлого дээр Засгийн газарт шилжүүлье гэдэг чиглэлийг баталж үүрэг өгсөн. Монголбанкнаас бэлдээд өгье гээд байдаг. Гэтэл Засгийн газар энийг хүлээж авах бүтцийн шийдвэрийг гаргаагүй байна. Энэ хооронд иргэдийн эрэлт хэрэгцээ их байгаа учраас мөнгө хэвлэхгүйгээр олгох боломжийн шийдвэрийг оруулж өгсөн. Орон нутагт эрэлт байгаад байгаа юм.
УИХ-ын гишүүн Ш.Адъшаа:
-Би нэг л асуулт асуудаг. Монгол уул уурхайн олон арван, тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн экспортолдог тухай ярьдаг. Гэтэл банк санхүүгийн байгууллагаар томоохон компаниудын алт, зэсийн үнэ ханш Монголын банкаар орж ирдэггүй. Хүсдэггүй юм уу. Банк санхүүгийн байгууллагаар оруулах гэхээр итгэдэггүй гэдэг. Улс төрд нөлөө бүхий хэдхэн арилжааны банкны барьцаанд Монголын төр оршин байдаг. Гадаадын банк оруулж ирдэггүй. Дотоодын банкны хүү огт буурдаггүй. Банкны лобби гэж ойлгож байгаа. Энд тодорхой хариулт өгмөөр байна. Бид яаж төгрөгийн ханшийг тогтворжуулж, мөнгөний бодлогоо барих юм бэ?
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
-Бид ноднин Хөрөнгө оруулалтын банкны хуулийг баталсан. Эрх зүйн орчин хангалттай. Гадаадын хөрөнгө оруулагчид шууд орж ирэхгүй байна. Хонгконгийн 2-3 банк судалж анхаарч байгаа гэх асуудал байгаа. Банкны хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Бодит амьдралтай нийцэхгүй тал байгаа. Банкууд олон нийтэд нээлттэй болж байгаа. Хамгийн том хувьцаа эзэмшигч 20 хувиас илүү төвлөрөл үүсгэж болохгүй. Хамгийн цөөндөө таван хөрөнгө оруулагч оруулах ёстой.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Монголын экспортын бүтээгдэхүүний 93 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг. Экспорт эхний гурван улирлын байдлаар 12.5 тэрбум ам.долларт хүрч, өмнөх жилийнхээ өндөр өсөлттэй явж байна. Валютын нөөц 1.4 тэрбум ам.доллар болж, нэмэгдэж байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Монголбанкнаас асууя. Экспортын орлого 12.5 тэрбум ам.долларт хүрч, мөнгөний бодлогоо зөв барьж байгааг дэмжиж байгаа. Гэхдээ банкуудаас олгож байгаа зээлийн хэмжээ бага байгаагаас болоод банк бусын зээлийн хэмжээ өндөр болсон. Энийг яаж хянаж байгаа юм бэ. Хүмүүс зайлшгүй шаардлагаар банк бусаас зээл авч, өндөр хүүнд дарлуулж байна. Арилжааны банкууд нь ихэвчлэн хэрэглээний зээл л олгож байна. Орон нутагт хүмүүс амьдрах боломжоор бүрдүүлье гэхээр ипотекийн зээл нь олдоггүй. Сая Дорноговьд 500 айлын орон сууц ашиглалтад орлоо. Зарим нь түрээс, 370 нь ипотекийнх. Олон хүн зээлээ авч чадахгүй байна. Мөнгө байгаа гэчихээд ямар нэг шалтаг хэлээд байгаад байна. Орон нутагт ипотекийн зээлийг гурван хувийн хүүтэй өгнө гэчихээд зургаагаас буухгүй гэж байна. Банк дотроо жижиг мөнгө, шан харамж харж шийдэгдэж байгаа юм биш үү. Хүмүүс тийм юм яриад байна шүү дээ. Энд тодорхой хариулаад өгөөч?
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Нийт банкны системийн олгож байгаа зээлийн өсөлт жилд 15.4 хувь. Хэрэглээний зээл өндөр хувьтай байгаа. Монголбанкнаас хэрэглээний зээлийг багасгаж, бизнесийн зээл нэмэх бодлогыг баримталж, арга хэрэгслийг хэрэгжүүлж байна. Өр орлогын харьцаа гэж байдаг. Ямар хэмжээний орлоготой байна. Тэрний 70 хувиар хэрэглээний зээлд хамрагддаг. Энийг 60/40 болгож хатууруулсан. Үүнээс шалтгаалж иргэд банк бусаас зээл авч байгаа нь харагдаж байгаа. Банкны дундаж хүү 18-20 хувьтай байгаа нь хатуу нөхцөл. Бид хэрэглээний зээлийг багасгахаар ажиллаж байгаа. Улсын хэмжээнд сүүлийн 7 хоногт 206 ипотекийн зээл гарсны 105 хотод, 101 нь орон нутагт байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Та нар банк бус санхүүгийн байгууллагаа дуудаж, анхаарахгүй юм уу. Бид хөхүүлэн дэмждэг бодлого явуулж байна. Нэг талдаа хүмүүсийг ядууруулж байна. Хүмүүс ажил хийх сонирхолгүй мөнгө угааж, саадаг боллоо шүү дээ.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
-Б.Дэлгэрсайхан гишүүн албан ёсоор хандвал Эдийн засгийн байнгын хорооноос хариулт өгье.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Энэ асуудлыг зохицуулах ёстой. Хүмүүсийн ярьж байгаагаар Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллүүд нэг банк бус байгууллагаас хамааралтай болж, арилжааны банктайгаа нийлээд мөнгө хүүлж байна. Тусгайлан уулзах шаардлагатай байгаа.
Эдийн засгийн байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй нэг санал байна. Үүнд санал хураалт явуулж, 53.8 хувьтай дэмжигдлээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ горимын санал гаргалаа. Тэрбээр "Би санал дэмжиж өгсөн. Эсрэг талд гарчлаа. Хүчингүй болгож өгөөч" гэв.
Эцсийн хэлэлцүүлгийг батлая гэсэн санал хураалтаар 53.8 хувиар дэмжигдсэн юм.
Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төслийг татан авлаа
УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 20.3 заалтад хуулийн төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамаарч, хууль санаачлагч татан авах үндэслэлээ албан бичгээр ирүүлж, УИХ-ын дарга нэгдсэн хуралд танилцуулснаар татан авсанд тооцдог. Энэ дагуу Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төслийг татан авлаа.
"Хагас коксоор утааг шийдэх шийдлийг Ч.Хүрэлбаатар зогсоосон"
УИХ-ын гишүүдээс УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу Ц.Даваасүрэн, Н.Алтанхуяг, Ш.Адъшаа, Д.Цогтбаатар нараас албан бичиг ирүүлсэн байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотой тодорхой арга хэмжээ авч өгөөч гэдэг хүсэлт ирж байна. Малчид малаа нядалж, махаа зарах гэхээр үнэ нь уначихсан. Арьс шир, дайвар бүтээгдэхүүн нь үнэгүй болчихсон. Ингээд орлогын нөхцөл байдал хүндэрч байна гэж байна. Сум орон нутагт арга хэмжээ авах талаар саналаа бэлтгэж оруулахаар Шадар сайдад чиглэл өгсөн. Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд өвөлжилт хүндэрч байгаа аймаг, сумдын талаар оруулж ирэх байх. УИХ-ын зүгээс тодорхой чиглэл Засгийн газарт өгмөөр байна. Өнгөрсөн хойно нь сүр дуулиан болгож байхаар. Угаасаа өвөлжилт хүндрэх нь ойлгомжтой байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Би хоёр асуудал ярина. Байнга ярина. Утаа гамшгийн хэмжээнд очлоо. Төсөв батлаад мартаж болохгүй. Маргааш О.Цогтгэрэл гишүүний асуултад 14.00 цагаас утааны талаар ярилцана гэж ойлгосон. УИХ-ын гишүүн идэвхтэй оролцоорой. Би 18 асуулттай асуулга бэлдсэн юм. Энэ өвөл ямар түлш түлэх гээд байгаа юм. Бид юу түлээд байна вэ. Хагас коксжсон нүүрс дээр нэг юм хэлье. 2008 онд хагас коксоор утааг шийднэ гэдэг шийдлийг Су.Батболдын Засгийн газар гаргасан ч үүнийг дампууруулах ажиллагааг Эрчим хүчний сайд асан Ч.Хүрэлбаатар хийсэн. Тэр үед 17 тэрбум төгрөг ч байхгүй, хагас кокс ч байхгүй. Одоогоос 11 жилийн өмнө болсон юм.
УИХ-ын гишүүн Ш.Адъшаа:
-Миний хэлэх санааг Ц.Даваасүрэн, Н.Алтанхуяг нар ярьсан учраас нэрээ татаж авлаа.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Би нэг асуудлыг УИХ-ын даргын анхаарал хүргэмээр байна. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор олон хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Хууль зүйн байнгын хорооны уржигдрын хурал дээр 120 хуулиас 38 хуульд ажиллаж, нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Өөр байнгын хороодод 80-иад хууль нь байна лээ. УИХ-ын дэд дарга анхаарч, бусад байнгын хороодоор хэлэлцүүлмээр байна.
Амьдрал цахим үйлчилгээг хүлээхгүй байна. Бидний шийдвэр удаашралтай байна. Төрийн тэргүүний талаарх худлаа мэдээлэл цацагдлаа. Төрийн албанд очоод асуулга тавихаар цаасаар материал авч ир гэдэг. Олон хүн хохирох эрсдэлтэй.
Жишээлбэл, АНУ-ын Обамагийн эсрэг худлаа мэдээлэл цацагдаж, "Цагаан ордон халдлагад өртөж, Обама хөнгөн шархадсан" гэдэг мэдээ гарахад 6 минутын дараа энэ мэдээг тусгай албад нь устгасан. Тэгэхэд зах зээл дээрх компаниудын хувьцааны үнэ доргиж, Монголын эдийн засгийг найм дахин давж, 136 тэрбум ам.долларын алдагдал гарсан байсан. Ийм том эрсдэл байж байгаа шүү. Хууль тогтоох байгууллага хурдтай ажилламаар байна
Чуулганы хуралдаан эхэллээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.09.25-ны өдөр ирүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай /Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлэг/ · Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ | 10.00 | “Их хуралдай” |
Хуваалцах:
Холбоотой мэдээ