Хоёр Солонгосын хоорондын цэргийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор таван жилийн өмнө байгуулсан гэрээг цуцаллаа. Хойд Солонгос улс Мягмар гаригт тагнуулын хиймэл дагуулаа амжилттай хөөргөснөө зарласнаар бүх зүйл эхэлжээ. Тодруулбал, хиймэл дагуулын хөөргөлтийн дараа Өмнөд Солонгос улс хилийн дагуух ажиглалтын ажиллагааг нэн даруй сэргээнэ гэж мэдэгдсэн. Мөн цэргийн гэрээний зарим заалтыг хүчингүйд тооцно гэжээ.
Тэгвэл Хойд Солонгос уг гэрээг бүрэн цуцлахын зэрэгцээ хил рүү илүү хүчтэй зэвсэг, техник илгээнэ гэдгээ мэдэгдлээ.
"Одооноос эхлээд Хойд Солонгосын арми есдүгээр сарын 19-ний өдөр байгуулсан хоёр Солонгосын цэргийн хэлэлцээртэй холбоо хамааралгүй болсон. Газар, далай, агаар зэрэг бүх талбарт цэргийн мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлж авсан бүх арга хэмжээгээ эргүүлэн татаж байна. Мөн хилийн бүс нутагт илүү хүчирхэг зэвсэгт хүчин, шинэ төрлийн техник хэрэгсэл байрлуулна" гэж Хойд Солонгос мэдэгдлээ. "Мөргөлдөөнөөс зайлсхийх бүх арга хэмжээг эргүүлэн татсан учир ямар нэг байдлаар мөргөлдөөн гарвал үүнд Өмнөд Солонгос буруутай" гэжээ.
Хойд Солонгосын тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Өмнөдийн тал хэлэлцээрийг хэсэгчлэн түдгэлзүүлэх шийдвэр гаргасан нь ухаалаг хариу үйлдэл гэж АНУ үзэж байна.
Хойд Солонгос улс Мягмар гаригийн орой Маллигёнг-1 тагнуулын хиймэл дагуулыг амжилттай хөөргөснөө зарласан. Харин Өмнөд Солонгосын тал хиймэл дагуулыг тойрог замд орсныг баталсан ч ажиллаж байгаа эсэхийг нь хэлэхэд эрт байна гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC
Холбоотой мэдээ