МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТАНАА
ИЛ ЗАХИДАЛ
Ковид цар тахлын үед экспортын нүүрс тээврээ тасралтгүй үргэлжүүлж битүү кабинд амьсгалах агааргүй цонхоо онгойлгох эрхгүй амь тэмцэн зүтгэж ирсэн Тавантолгой, Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрчид танд хандаж байна.
Шударга ёсны тэмцлийн оргилд яваа танд ирж буй улс төрийн ачаа дарамт хүнд байгаагийн адил ариун шударга хөдөлмөр мэрийлт зүтгэлээр ажил тээврээ хийж ар гэрээ тэжээж амьдрах гэсэн тээвэрчид бидний орчин, ажлын талбар нэн хүнд болж байгаа тул арга буюу танд хандлаа.
Засгийн газрын 362-р тогтоол гарч ЭТТ ХК-д онц байдал тогтоож бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон хугацаанд гарсан өөрчлөлт, нааштай арга хэмжээ нь экспортыг нэмэгдүүлж төсөвт оруулах валютын хэмжээг өссөн үзүүлэлтийг танд тайлагнаж байгаа боловч энэ салбарт гол ачааг үүрч зүтгэдэг иргэд тээвэрчдийн цалин орлого буурч, урьдын адил гаднын худалдан авагч хөрөнгө оруулагчдын дүрмээр цалин мөнгө, ажлын хөлсөө хэмжүүлж ажилтай орлоготой байх эсэхээ шийдүүлдэг шинэ жишиг дахин тогтож байна.
Тавантолгой чиглэлийн тээвэрчид бид хоёр дахь удаа /2023.11.21 / цуглан хуралдаж тээврийн нөхцөл байдал, цаашид зөв шударга эрх тэгш харилцааг ёсыг хангахын тулд төр засагт хүргэх саналаа нэгтгэн хэлэлцсэний эцэст танд хандаж байна.
Нүүрс экспортын үл аижллагаанд Засгийн газраас онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хүрээнд тоочих асуудал олон байгаа боловч зайлшгүй Ерөнхий сайд сонсож анхаарах ёстой гэж үзсэн асуудлыг товчлон дурдвал :
- Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг хангах хүрээнд ЭТТ ХК-тай давуу эрхээр нүүрс худалдан авах үйл ажиллагааг үргэлжүүлж буй Хятад талын нэр бүхий компаниуд нь хэт монополь шинжтэй болж нүүрс тээвэрлэх үнэ ханшийг үндэслэлгүйгээр буулгах замаар илтэд ашиггүй үнийн саналаар Монгол тээврийн компаниуд тэдгээрийн тээвэрчид жолооч нарыг шахах бодлого явуулж байна .
Энэ оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр ам нөхцөлтэй гэрээ бүхий 1. Chalco Trading Hong Kong Co., Ltd 2. Jasn International Pte., Ltd & Jiayou International logistics Co., Ltd 3. Xianghui Energy (Singapore) Pte., Ltd & E-Commodities Holdings Pte., Ltd 4. Glory Town Holdings Co., Ltd зэрэг компаниуд богинын тээврийн ханшийг 60 хувиар гэнэт бууруулах мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Энэ тарифаар улс хоорондын тээвэр хийх нь эдийн засгийн хувьд Монгол тээврийн компаниудад боломжгүй тул монгол тээвэрчдийн төлөөлөл үнэ тарифыг бодитой барих шаардлага тавин Цагаанхад бүст 2023 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн эсэргүүцлээ илэрхийлж ажил хаялтад шилжих болсоноо зарлаад байгаа бөгөөд үүнд худалдан авагч нар болон ЭТТ ХК-ийн зүгээс үл тоосон хандлага гаргасаар байгаа юм. Энэ байдлаар Монгол улсын нутаг дэвсгэрт Монгол иргэдийн амьжиргаа орлого ажлын байрны баталгааг алдагдуулж байгаа нь засгийн газрын түвшинд авч үзэх асуудал мөн гэж бид үзэж байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд үйл ажиллагаа явуулж ирсэн монгол тээвэрчид, хувь машинтай иргэдийн нэгдэл нь ардаа 100 мянга орчим өрхийн амьжиргааг авч явдаг. Тээврийн хөлсийг уурхайд болон худалдан авагч талд ашигтай байлгах, цөөн тооны худалдан авагч нар нүүрс тээвэрт давхар монополь тогтоох нь улстөрчдийн хувьд зөвшөөрч болох тохироо байж болох ч, өр зээл төлөх, амьдрах орлогоо алдаж буй монгол иргэд тээвэрчид, тэдний ар гэрт тэвчиж болшгүй басамжлал болох юм гэж тээвэрчдийн төлөөлөл үзэж байгаатай таныг мөн санал нийлнэ гэж итгэж байна.
2019-2020 онд яг энэ нөхцөл байдал үүсч тээвэрчид тэмцлийн хэлбэрт шилжихэд тухайн үед ЗГХЭГ-ын дарга таны зүгээс анхааран Засгийн газрын хурлаар мэдээлэл сонсож, шаардлагын хүрээнд шийдвэрлэх чиглэл өгч ажилласаны дүнд худалдах худалдан авах гэрээнд жишиг тариф барих заалт орж уртын тээврийн хөлс 80+ тариф хүрч тогтсоноор нүүрс тээврийн компани жолооч нарын цалин орлого тогвортой нэмэгдэж байсан сайхан түүх байдаг.
Өнөөдрийн цаг дор дээрх үйл явц давтагдаж буй тул УУХҮЯ, ЭТТ ХК-ний зүгээс нүүрс худалдах худалдан авах гэрээнд тээврийн тарифыг бодитой тогтоож, шударга өрсөлдөөний тухай хууль зэрэг монгол улсын зохих хууль журмыг мөрдөж ажиллах заалтыг нэмэлтээр оруулах, худалдан авсан нүүрсээ тээвэрлэхдээ дотоодын ААН, тээврийн компаниудыг тодорхой квотоор ачаа тээвэрт бодит ханшаар тогтвортой хамруулах өөрчлөлтийг оруулж, иргэдийнхээ ажил амьдралын баталгааг хангах чиглэлд эрс шийдэмгий байр суурь баримтлах нь Монгол улсын Засгийн газрын иргэдийнхээ талд авах арга хэмжээний нэг гэж бид үзэж байна.
- Засгийн газрын 362 тогтоолоор улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зөвшөөрлийн бичгийг олборлогч борлуулагч уурхай тал хариуцан олгох болсноор дэвшил бас ухралт гарсан гэж салбарын төлөөлөл үздэг.
ЭТТ ХК-иас “С” зөвшөөрлийг хуваарилахдаа нээлттэй тэгш хуваарилалтын зарчмыг баримталсан нь сайшаалтай боловч хэт нэг талыг барьж машины тоонд дүйцүүлэн квот хэлбэрээр “С” төрлийн зөвшөөрөл олгосон 4 улирлын туршилт нь Тавантолгой чиглэлд их хэмжээний тээврийн хэрэгслийн тоо өсөх хөшүүргийг бий болгосон. Арван тээврийн хэрэгсэл сиситемд мэдүүлж хоёрт нь “С” авах дүрэм үйлчилсэн тул ААН-үүд арга буюу машины тоо өсгөх үйл ажиллагаанд татагдан орсон байдаг. Дөрвөн улирал энэ байдлаар явагдсаны эцэст машины тоо хэт өсч /40 хувь/ хөөсөрч ирсэн тул буцаад байж болох бүх хэлбэрээр тээврийн хэрэгслүүдийг хасах арга эрэлхийлснээр 4 дүгээр улиралд олон хувь машин банк лизинг өр зээлтэй иргэд зөвшөөрөл горилох жагсаалтаас хасагдаж арга буюу нэгдэн тэмцэхэд хүрч байв.
Энэ нь ЭТТ ХК -ийн БЭТ- ийн баг муу ажилласандаа бус энэ чиглэлд бэлтгэгдсэн судалгаа систем бүхий тээврийн чиглэлээр дагнасан нэгж агентлагаас хувиарлалтыг шууд авч 362 тоот тогтоолын хэрэгжилтийг хангахаар яаравчлан хийсэнтэй холбоотой гэж бид дүгнэдэг. Иймд цаашид борлуулагч уул уурхайн компанийн захиалгад үндэслэн туршлага судалгаатай тээврийн нэгдсэн ситем бүхий чиглэлийн мэргэжлийн байгууллага улс хоорондын “С” төрлийн зөвшөөрлийг олгодог болгох. Хэрвээ дахин Засгийн газрын тогтоол шинэчлэн гарах бол Засгийн газрын дугаар 362 тогтоолын 5 дахь заалтыг эргэн харах.
- Сүүлийн саруудад Гашуунсухайт боомтын хилийн таталт ачилтад хуваарь хийх үйл явц нь шударга бус зохион байгуулалт муутай судалгаа төлөвлөлтгүй, цөөн хүний үзэмжээр нэг төрлийн тээвэрт илт давуу байдал олгож бусад тээвэрлэгч нарт чирэгдэл учруулж буй нь Засгийн газрын 362 тогтоолын 9 дэх заалт: “Хилийн боомтоор ашигт малтмал тээвэрлэх, экспортлох үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, … хилийн боомтын үйл ажиллагаа саатаж, экспорт буурах эрсдэл үүсэхээс сэргийлэх, энэ тогтоолын хэрэгжилтийг хангахад боомтын үйл ажиллагааг чиглүүлж ажиллах” заалт зарим талаар хэрэгжээгүй байгаа гэж бид үзэж байна.
Тээвэрчид тээвэрлэгч ААН-үүд нэгдэн зөвлөлдөж засгийн газрын анхааралд оруулах ёстой гэж үзсэн бусад асуудлыг хавсралт №1-т хүргүүлэв.
Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлд бодит байдлын дүр зургийг гаргаж үндэсний компаниуд тээвэрчдийн ажлын байрыг хадгалж, ар гэр амьжиргааг дордуулахгүй байх шинэ хандлагаар ажиллаж ЭТТ ХК-ийн удирдлага, УУХҮЯ ,ЗТХЯ зэрэг төрийн байгууллагууд дээр дурдсан асуудлуудаар дүгнэлт гаргаж, Засгийн газарт танилцуулах ажлын хэсгийг Гашуунсухайт боомт чиглэлд нэн дариу томилж ажиллуулахыг танаас хүсье.
Шударга ёс тогтоох амар биш таны тэмцлийг бид дэмжиж ирсэн бөгөөд нүүрс тээврийн эгэл бор тээвэрчид, хувь машин, банк лизинг машинтай иргэдийн нэгдэл ХХК-иуд бид эх орондоо байгаа хэрнээ давуу эрхгүй, нүүрсэнд монополь эрхтэй худалдан авагчдын царай харж, экспортын ажил тээврээс хасагдах болсондоо цөхөрч, цалин орлого ар гэрийнхээ амжиргааны төлөө тэмцэхээс өөр сонголтгүй булж буйг сонордуулъя.
Төрийн шийдвэр мэргэн түмэн олонд ивээлтэй байг.
ТАВАНТОЛГОЙ, ГАШУУН СУХАЙТЫН ТЭЭВЭРЧДИЙН
“НЭГДЭЖ ШИЙДЬЕ 2023” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД ОРОЛЦОГЧИД
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: БАЯНЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО
2023 оны 11 дүгээр сарын 21
Холбоотой мэдээ