"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа сүүлийн үед технологийн салбарт нэрд гараад буй "OpenAI" компанийн захирал Сэм Альтманыг онцолж байна. Хүн төрөлхтний амьдралыг үлэмж хөнгөвчилж буй алдарт "ChatGPT"-ийг хөгжүүлэгч "OpenAI" компанийг үүсгэн байгуулцаж, тулгын чулууг нь тавьж байсан өдгөө 38 настай түүний сүүлийн өдрүүдэд технологийн салбарын онцлох хүнээр тодроод байна. Ингээд Стив Жобсын үнэнч шүтэн бишрэгч, цагаан хоолтон түүнтэй танилцъя.
СТИВ ЖОБСЫН ШҮТЭН БИШРЭГЧ
Сэм Альтман 1985 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Чикаго хотноо еврей гэр бүлд мэндэлж, бага насаа Сент Луис хотноо өнгөрүүлжээ. Ээж нь арьс өнгөний эмч, аав нь үл хөдлөх хөрөнгийн зуучлагч байсан бөгөөд Альтман багаасаа техник, технологид сонирхолтой нэгэн байв. Түүнийг найман нас хүрэхэд ээж, аав нь анхных нь компьютер болох "Apple"-ийн "Macintosh" авч өгсөн гэнэ. Тэрхүү компьютер дээр бяцхан хүү тоглохыг нь бус хэрхэн код бичих, цахим хуудас бүтээх, програм хангамж хөгжүүлэх талаарх анхны ойлголтуудыг авчээ.
Сэм Альтман багаасаа л "Apple"-ийн Стив Жобсыг шүтэж, түүн шиг болохыг мөрөөджээ.
Альтман Сент Луис хотын Жон Барроуз гэх хувийн ахлах сургуулийг дүүргэж, Стэнфордын их сургуульд компьютерийн ухаанаар суралцахаар элссэн аж. Тэрбээр 2016 онд "The New Yorker" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өсвөр насандаа өөрийгөө нээж, ижил хүйстэн гэдгээ эцэг эхдээ хэлсэн тухайгаа ярьжээ. Түүнийг өөрийгөө нээж, ил гаргахад компьютер нь тусалсан гэдэг. Тэрбээр ярилцлагадаа "2000-аад оны үед баруун дундад ижил хүйстний хувиар өснө гэдэг тийм ч гайхалтай зүйл биш ээ. "AOL" дээрх тэр нэгэн чат өрөө надад их тус болсон. 11, 12 настай хүүхэд хүмүүсээс нуух нууцтай байна гэдэг хэцүү шүү дээ" гэжээ.
СУРГУУЛИА ХАЯЖ, АНХНЫ БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛСЭН НЬ
Нарлаг Калифорнид суурьшиж, дэлхийн шилдэг их сургуулиудын нэгт суралцаж эхэлсэн Альтман зорилго ижил залуустай хамтарч баг болжээ. Хоёр жил Стэнфордод сурсны эцэст сургуулиа хаяхаар шийдэж, 2005 онд 19 насандаа гарааны бизнесээ эхлүүлэв. Түүний анхны бизнес нь гар утсанд зориулсан харилцааны хэрэглүүр болох "Loopt". "Y Combinator" гэх төслийн хүрээнд бойжиж, 30 сая ам.долларын үнэлгээтэй болсон тус хэрэглүүр нь төдийлөн олны анхааралд өртөж, хүрээгээ тэлж чадалгүй 2012 онд "Green Dot" корпорацид 43.4 сая ам.доллараар зарагджээ.
"Y Combinator" төслийн хүрээнд "Airbnb", "Twitch" гэх өдгөө амжилттай яваа бизнесүүд бойжиж, анхны хөрөнгө оруулалтаа авч байлаа.
Анхны бизнесээ дэлхий нийтэд таниулж, алдарт хүрч чадаагүй ч халаасаа овоо тонтойлгосон Альтман удалгүй дараагийн бизнесээ өөрийн төрсөн ах Жак Альтмантай хамтран байгуулав. Ах дүүс "Hydrazine Capital" гэх хөрөнгө оруулалтын санг үүсгэж, Питер Тиел тэргүүтэй хөрөнгө оруулагч, тэрбумтан хүмүүсээс нийтдээ 21 сая ам.долларын хөрөнгө босгожээ. Энэхүү хөрөнгөөрөө "Y Combinator"-ийн төслийн гарааны бизнесүүдийг дэмжсэн.
2014 онд "Y Combinator"-ийн үүсгэн байгуулагч Пол Грам Альтманыг төслийнхөө ерөнхийлөгчөөр сонгож, түүнд ажлаа даатгав. Бизнест нүдтэй Альтманы эрин үед "Airbnb", "Dropbox", "Zenefits", "Stripe" тэргүүтэй компаниудын нийт үнэлгээ 65 тэрбум ам.долларт хүрчээ. Тэрбээр нэг жилд мянган гарааны бизнест санхүүжүүлэлт олгох хүсэлтэй гэдгээ зарлаж, том амбицтай гэдгээ харуулсан.
Альтман 2014 онд найман өдрийн турш "Reddit"-ийг удирдаж байжээ.
Сэм Альтман 2014 онд хаяад явсан Стэнфордын их сургуульдаа эргэн иржээ. Гэхдээ оюутан, сурагчийн хувиар бус "Хэрхэн гарааны бизнес эхлүүлэх вэ?" гэх сэдвээр цуврал лекц орсон гэнэ. 2015 онд 29 насандаа тэрбээр Форбс сэтгүүлийн "30 under 30"-ийн онцлох хүмүүсийн нэгээр тодров.
ТЭСРЭЛТ ХИЙСЭН OpenAI
Сэм Альтман үнэхээр сониуч, шинийг эрэлхийлэгч нэгэн. Цөмийн эрчим хүчнээс эхлээд боловсрол, хот байгуулалт, криптовалют гээд бүхий л салбарын технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж үзсэн. Улмаар 2015 онд Илон Маск, Грег Брокман, Жессика Ливингстон, Питер Тиел гэх эрхмүүдийн хамтаар "OpenAI" гэх компанид хөрөнгө оруулжээ. Тус компани нийтдээ нэг тэрбум ам.долларын хөрөнгө босгоход Альтман голлох үүрэгтэй оролцсон гэдэг.
2019 оны гуравдугаар сард Альтман "OpenAI" компанидаа бүхий л анхаарлаа төвлөрүүлэхийн тулд "Y Combinator" төслийн ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгчээ. Тухайн жилийнхээ зун "Microsoft" компаниас нэг тэрбум ам.долларын санхүүжилт татав. Их л хөрөнгөөр босч буй бизнес нь тэсрэлт хийнэ гэдгийг тэрбээр мэдэж байлаа. Түүний туйлын хүсэл нь хүмүүсийг үгүй хийхгүй байх хиймэл оюун бүтээдэг ашгийн бус компани. Альтманы удирдлага дор "OpenAI" компани текстийг зураг болгох "DALL-E", орчин үеийн хайлтын шийдэл "ChatGPT" гэх хэрэглүүрүүдээ танилцуулж, технологийн салбарт хиймэл оюуны хэрэглээ албан ёсоор орж ирснийг тунхагласан.
ChatGPT ердөө тавхан өдрийн дотор нэг сая хэрэглэгчидтэй болсон.
2023 оны гуравдугаар сард "ABC News"-д өгсөн ярилцлагада Альтман "Хиймэл оюуны тал дээр бид бага зэрэг айдас, болгоомжлолтой байгаад хүмүүс баярлах хэрэгтэй. Бидэн шиг аюулгүй байдал дээр нь анхаардаггүй хүмүүс гарч ирэх л болно. Миний бодлоор нийгэм үүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх, үүнийг хэрхэн зохицуулах, хэрхэн зохицох талаар ойлгох хугацаа хязгаарлагдмал байна" гэжээ.
"Time" сэтгүүлээс Альтманыг 2023 оны нөлөө бүхий 100 эрхмийн нэгээр нэрлэжээ.
ҮНЭД ХҮРЭХ ТОЛГОЙ
2023 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр "OpenAI" компанийн ТУЗ-ийн зүгээс Сэм Альтманыг албан тушаалаас нь чөлөөлж буйгаа мэдэгдэв. Шалтгаан нь Альтман хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаарх мэдээлэл, тайланг илэн далангүй мэдээллэж, нээлттэй ажилдаггүй гэжээ. Мөн Альтман компаниа ашгийн бус байлгахыг хүссэн ч ТУЗ-ийн гишүүд нь ашиг олох хүсэлтэй байсан гэх мэдээлэл гарсан. Удалгүй "Microsoft" компани түүнд хиймэл хөгжүүлэлтийн төслийг удирдах ажлын санал тавьжээ. "OpenAI" компанийн зүгээс Альтманыг буцаан авчрахаар ярилцаж эхэлсэн ч галт тэрэг хэдийнэ хөдөлсөн байлаа.
"New York" сэтгүүлээс Сэм Альтманыг манай цаг үеийн Оппенхаймер гэжээ.
"OpenAI"-ийн олон зуун ажилчид хуучин захирлаа эргүүлэн авчрахын төлөө гарын үсэг цуглуулсан ч амжилтад хүрсэнгүй. Харин "Microsoft" тэдгээр ажилчдыг ажлаасаа гарвал компанидаа авахад нээлттэй шүү гэдгээ мэдэгджээ. Ингээд бүх зүйл дууслаа гэж бодсон ч үгүй байв. Өчигдөр/2023.11.22/ "OpenAI" компанийн зүгээс мэдэгдэл гарган Сэм Альтманыг эргэн ирж буйг зарласан. Ийнхүү олон зүйл өрнөсний эцэст Сэм Альтман "OpenAI" компанидаа эргэн ирлээ.
Холбоотой мэдээ