Гэр хорооллыг барилгажуулахын тулд газрыг албадан чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2023.11.23-нд нийтлэгдсэн

Гэр хорооллыг барилгажуулахын тулд газрыг албадан чөлөөлнө

Гэр хорооллыг барилгажуулахын тулд газрыг албадан чөлөөлнө

Нийслэлчүүдийн хоолойд тулсан хоёр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлснийг өдгөө гишүүд ид хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төслийг дагалдуулан нийт 25 хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар мөн өргөн мэдүүлсэн юм. Иймд уг төсөлд тусгасан гэр хорооллыг орон сууцжуулахтай холбоотой зохицуулалтыг “Хууль төрөхийн өмнө” буландаа онцоллоо.


УЛААНБААТАР ХОТ 212,000 ӨРХ, 163,742 ЯНДАН, 144,992 НҮХЭН ЖОРЛОНТОЙ

Улаанбаатар хотод нийт 412.5 мянган өрх амьдарч байгаагаас 51.4 хувь буюу 212 мянган өрх нь орон сууцанд, үлдсэн 48.6 хувь буюу 200 мянган өрх нь гэр хороололд амьдарч буй аж. Агаар, хөрсний бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй гэсэн судалгаа гарсан байна. Учир нь, гэр хороололд 163,742 яндан байгаа нь агаарын бохирдлын 31 хувийг үүсгэж байгаа бол 144,992 нүхэн жорлон хөрсний бохирдол “үйлдвэрлээд” зогсохгүй хүн амын ундны усыг ч бохирдуулж буй юм.

Хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөөр байгаа эл асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой шийдэл нь гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах шаардлагатай. Ингэхийн тулд эхлээд инженерийн дэд бүтцийг шийдэх ёстой гэж үзжээ.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Зургаан дэд төвийг түшиглэн гэр хорооллыг барилгажуулна” гэдгээ мэдэгдээд буй. Эхний удаад “Сэлбэ” дэд төв, “Баянхошуу” дэд төвийг түшиглэн гэр хорооллыг барилгажуулахаар төлөвлөсөн.

“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төсөл”-ийн багийн 2022 оны есдүгээр сард хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын Баянхошуу, Толгойт, Сэлбэ, Дамбадаржаа болон Шархад дэд төвүүдийн ойролцоох судалгаанд хамрагдсан гэр хорооллын нийт иргэдийн 70 хувь нь газрыг дахин төлөвлөж барилгажуулах төсөлд орох сонирхолтой байна гэдгээ илэрхийлжээ.

Тухайлбал, Сэлбэ дэд төвийн хамрагдсан нийт талбарын 69 хувь нь газрыг дахин төлөвлөж барилгажуулах төсөлд орох сонирхол илэрхийлсэн бол эдгээр иргэдийн 78 хувь нь амьдарч буй газраа орон сууцаар солих хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

Харин Баянхошуу дэд төвийн талбарт хамрагдсан нийт талбарын 71 хувь нь газрыг дахин төлөвлөж барилгажуулах төсөлд орох сонирхол илэрхийлсэн бөгөөд эдгээр иргэдийн 73 хувь нь амьдарч буй газраа орон сууцаар солих хүсэлтэйгээ илэрхийлжээ.

Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх ажлын хүрээнд газар эзэмшигч, өмчлөгч иргэдийн дунд 2023 оны есдүгээр сард явуулсан санал асуулгаар Баянхошуу дэд төвд хамрагдах 1,813 нэгж талбар (162 га)-аас 85.3 хувь нь, Сэлбэ дэд төвд хамрагдах 2003 нэгж талбар (158 га)-аас 82.8 хувь нь Нийслэлийн орон сууцны корпорац ХК-иар хэрэгжүүлэхийг дэмжжээ.

Сэлбэ дэд төв орчмын 158 га, Баянхошуу дэд төв орчмын 162 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Төслийг хэрэгжүүлэхдээ орон сууцыг сургууль, цэцэрлэгтэй нь байгуулна. Мөн ногоон байгууламжтай байхаараа онцлог.

Иймээс хууль батлагдсан тохиолдолд Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлын голомт болж байгаа гэр хорооллын бүс болох Сэлбэ, Баянхошуу дэд төвийг орон сууцжуулах төслийг тэргүүн ээлжид эхлүүлэх боломжтой болох төдийгүй агаарын бохирдол 22 хувиар буурна гэж тооцоод байна.

ОРШИН СУУГЧДЫН 65-ААС ДЭЭШ ХУВЬ ДЭМЖВЭЛ ГАЗРЫГ АЛБАДАН ЧӨЛӨӨЛНӨ

УИХ-аас энэхүү хуулийг баталсан нөхцөлд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн Засаг дарга газар олгох эрхгүй болно. Энэ тухай Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг даргын шийдвэрээр зуслангийн газар олгож байгааг зогсооно. Энэ нь  төвийн зургаан дүүрэгт хамааралтай. Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Засаг дарга нь газар олгоход асуудалгүй, үргэлжилнэ.

Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол дүүргийн Засаг дарга газар олгохгүй.

Нийслэлийн Засаг дарга зөвхөн таван тохиолдолд газар олгоно.

  • Нэгдүгээрт, төр бүтээн байгуулалт хийх тохиолдолд газар олгоно.
  • Хоёрт, эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих зориулалтаар газар олгоно.
  • Гуравт, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх хэрэгжүүлэх зорилгоор газар олгоно.
  • Дөрөвт, хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар газар олголт хийгдэнэ. Дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд бүртгэгдсэн ААН-тэй хэлэлцээр хийж, ерөнхий төлөвлөгөөний дагуу нүүлгэн шилжүүлэх зорилготой газар олголт хийнэ.
  • Тавд, царцаагдсан барилга байгууламжид урьд олгогдсон газрыг дахин төлөвлөгдсөн бүсэд шилжүүлэн суурьшуулах зорилготой хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу газар олголт хийх зохицуулалт хийнэ гэж мэдэгдээд буй юм.

Мөн гэр хорооллыг барилгажуулах хүрээнд тухайн бүсийн оршин суугчдын 65-аас дээш хувь дэмжсэн тохиолдолд газрыг албадан чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгаад байна.

Энэ тухай Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Тухайлбал тухайн нөлөөллийн бүсэд орсон иргэн, аж ахуй нэгж, байгууллагын 65 хувиас дээш дэмжлэг авсан тохиолдолд газар чөлөөлөлтийг албадан гүйцэтгэх, нөхөн олговрыг төрөөс тэр дор нь өгөх зохицуулалтыг оруулсан.

Гэр хорооллын дахин төлөвлөлт гэж сүүлийн 20 жил ярилаа. Харамсалтай нь, өнөөдөр дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн олон иргэн орох оронгүй болсон. Төлөвлөлтийн ажил яваагүйд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хотоос нэгдсэн журмаар газрыг нь чөлөөлж, айлуудын хашааг орон сууцаар солих хэлбэрийг хуулийн төсөлд тусгалаа.

Инженерийн шугам татсан гэр хорооллыг орон сууцжуулахад бэлэн болсон бүсүүдэд иргэд, аж ахуй нэгжүүдэд гурван төрлийн санал тавьж, 65-аас дээш хувийн санал авбал газар чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэх нөхцөлийг оруулж байна. Үүнд:

  • Газрыг бэлэн мөнгөөр сольж, худалдаж авах
  • Түр орон сууцанд шилжүүлж, тухайн байршилд баригдсан орон сууцыг өмчлүүлэх
  • Бэлэн орон сууцаар газар, обьектыг солих гурван нөхцөлтэй.

Эл ажлыг хийхгүйгээр агаарын бохирдлоос салах боломжгүй нь өмнө нийслэлд хийгдсэн судалгаа харуулсан” гэж мэдэгдээд байгаа юм.

Гэр хорооллыг барилгажуулах хүрээнд өнгөрсөн хугацаанд Баянхошуу дэд төвийг ашиглалтад оруулсан юм. Түүнийг түшиглэн орон сууц баригдаж буй бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сард эхний 800 орчим айлын орон сууц ашиглалтад орох аж. Нийслэлийн зүгээс газрыг байраар сольж, яндан, жорлонгийн тоог бууруулах бодлого барих юм.

НИЙГМИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛЖ БАРИЛГАЖУУЛАХ

14 дүгээр зүйл.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх

  • 14.1.Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд төвлөрлийг сааруулах зорилгоор хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Засгийн газрын шийдвэрийн дагуу улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн энэ хуулийн 14.7-д заасан журмын дагуу газар чөлөөлнө.
  • 14.2.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газрыг дараах зориулалтаар чөлөөлнө:
  • 14.2.1.боловсролын үйлчилгээ;
  • 14.2.2.эрүүл мэндийн үйлчилгээ;
  • 14.2.3.нийгмийн халамжийн үйлчилгээ;
  • 14.2.4.нийтийн номын сан, соёлын байгууллага;
  • 14.2.5.спортын байгууламж;
  • 14.2.6.эрчим хүч;
  • 14.2.7.дулаан хангамж;
  • 14.2.8.ус хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж;
  • 14.2.9.харилцаа холбооны шугам, сүлжээ;
  • 14.2.10.авто болон төмөр зам, гүүр, нүхэн гарц, гарам;
  • 14.2.11.гамшгаас хамгаалах үйл ажиллагаа;
  • 14.2.12.гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хангах үйл ажиллагаа;
  • 14.2.13.хог хаягдлыг зохистой хаях, хадгалах, устгах;
  • 14.2.14.тохижилт, цэцэрлэгжүүлэлт;
  • 14.2.15.явган зам, дугуйн зам;
  • 14.2.16.нийтийн хэрэгцээний авто зогсоол;
  • 14.2.17.нийтийн тээвэр, дүүжин тээвэр;
  • 14.2.18.гэр хорооллыг орон сууцжуулах.
  • 14.3.Газар албадан чөлөөлөх шийдвэрийг гаргахад тухайн төсөл, арга хэмжээний нөлөөлөлд өртөж байгаа газар өмчлөгч, газар эзэмших эрхтэй этгээд, улсын бүртэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн, хуулийн этгээдийн 65-аас доошгүй хувийн дэмжлэгийг авсан байна.
  • 14.4.Энэ хуулийн 14.3-т заасан дэмжлэгийг авсан тохиолдолд бусад өмчлөгч, эзэмшигчийн газрыг энэ хуулийн 14.7-д заасан журмын дагуу нөхөх олговрыг олгох болон газар албадан чөлөөлөх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргана.
  • 14.5.Нийслэлийн Засаг дарга газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн иргэн, хуулийн этгээдэд энэ хуулийн 14.4-д заасан шийдвэрийг хүргүүлнэ.
  • 14.6.Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн иргэнийг ажлын байраар хангах, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтад хамруулах ажлыг зохион байгуулж болно.
  • 14.7.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журмыг Засгийн газар батална.
  • 14.8.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журамд газар чөлөөлөх үйл ажиллагаа, газар чөлөөлөлтийн санхүүжилт, нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн этгээдтэй байгуулах гэрээний загвар, газрын өмчлөх, эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх, дуусгавар болгох, төрийн байгууллагын оролцоо, түүний эрх, үүрэг, маргааныг шийдвэрлэх зэрэг асуудлыг тусгана.

15 дугаар зүйл.Газар чөлөөлөхөд баримтлах зарчим, нөхөх олговрын хэлбэр

  • 15.1.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхөд дараах зарчмыг баримтална:
  • 15.1.1.газар чөлөөлөлтийн үйл ажиллагаа ил тод байх;
  • 15.1.2.иргэн, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан мэдээллийг задруулахгүй байх;
  • 15.1.3.чөлөөлсөн газрыг нийгмийн зайлшгүй хэрэгцээнд ашиглах;
  • 15.1.4.чөлөөлөгдсөн газрыг байгальд ээлтэй, нийгмийн суурь хэрэгцээг хангах зориулалтаар төлөвлөж, зохион байгуулах.
  • 15.2.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхөд нөхөх олговрын дараах хэлбэрийн аль нэгийг ашиглана:
  • 15.2.1.газрыг газраар дүйцүүлэн олгох;
  • 15.2.2.газрыг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр дүйцүүлэн олгох;
  • 15.2.3.газрыг нөхөх олговрын мөнгөн зардлаар худалдан авах;
  • 15.2.4.боломжит бусад.

15.3.Энэ хуулийн 15.2-т заасан хэлбэрүүдийг хослуулан нөхөх олговрыг олгож болох бөгөөд энэ хуулийн 15.2.4-т заасан нөхөх олговрын бусад боломжит хэлбэрийг энэ хуулийн 14.7-д заасан журамд тусгана.

16 дугаар зүйл.Газрын нөхөх олговрын үнэлгээ

  • 16.1.Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн этгээдийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг эрх бүхий этгээд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.2.4-т заасан газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын зориулалттай үнэлгээний аргачлалын дагуу үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээдээр хийлгэнэ.
  • 16.2.Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 16.1-д заасан үнэлгээг эс зөвшөөрвөл уг үнэлгээтэй танилцсан өдрөөс хойш 14 хоногийн дотор өөрийн зардлаар үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээдээр хийлгэж болно.
  • 16.3.Энэ хуулийн 16.1, 16.2-т заасан үнэлгээ зөрүүтэй байвал Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22.1-д заасан хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.
  • 16.4.Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 16.2-т заасан хугацаанд үнэлгээ хийлгээгүй бол энэ хуулийн 16.1-д заасан үнэлгээг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
  • 17 дугаар зүйл.Гэр хорооллыг орон сууцжуулах байршил
  • 17.1.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байршил буюу дэд төвийг түшиглэн гэр хорооллыг тэргүүн ээлжид орон сууцжуулна.
  • 17.2.Энэ хуулийн 17.1-д заасны дагуу орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нийгмийн суурь үйлчилгээ болох соёл, боловсрол, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээг цогц байдлаар төлөвлөж хэрэгжүүлнэ.

Тайлбар: – Энэ хуульд заасан “дэд төв” гэдэгт нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байршилд гэр хорооллыг орон сууцжуулж, барилгажуулахаар төлөвлөсөн нийгмийн суурь үйлчилгээний барилга байгууламж, тэдгээрийн шугам, сүлжээ, инженерийн дэд бүтцийн цогцолборыг ойлгоно.

18 дугаар зүйл.Гэр хорооллыг орон сууцжуулахад төрөөс үзүүлэх дэмжлэг, санхүүжилт

  • 18.1.Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулж, барилгажуулахад холбогдох хууль тогтоомжийн дагуу төрөөс дэмжлэг үзүүлнэ.
  • 18.2.Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ.

19 дүгээр зүйл.Гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгчийн чиг үүрэг

  • 19.1.Гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
  • 19.1.1.барилгажилтын төслийг эрх бүхий байгууллагаар батлуулах;
  • 19.1.2.төсөл хэрэгжүүлэгчийг нээлттэй сонгон шалгаруулах, гэрээ байгуулах;
  • 19.1.3.дэд төвөөс олгогдох инженерийн шугам сүлжээний техникийн нөхцөл олгох;
  • 19.1.4.батлагдсан барилгажилтын төслийн дагуу орон сууцжуулах үйл ажиллагаанд захиалагчийн хяналт тавих;
  • 19.1.5.гэр хорооллыг орон сууцжуулах талбарыг сонгон батлуулах;
  • 19.1.6.орон сууцны барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, магадлал хийж, баталгаажуулах;
  • 19.1.7.дэд төвийг хөгжүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын сан шинээр байгуулах, хөрөнгө оруулалтын тусгай сангаас санхүүжилт төвлөрүүлэх, зарцуулах.
  • 19.2.Гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдсан орон сууцыг газар чөлөөлөлтийн нөхөх олговрын зориулалтаар зарцуулна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж