Жавар тачигнаж утаа суунагласан гэр хорооллын гудманд хэдхэн машин явахаас өөр хөдөлгөөнгүй нам жим байлаа. Бидний хэлж заншсан 32-ын тойргоос ердөө таван алхмын цаана 1008 айлын шинэ орон сууц сүндэрлэж байна. Барилгын ажил явуулж буйг анхааруулсан том цэнхэр хашаа татжээ.
Саяхныг хүртэл 32-ын тойргийн ойр орчим төлөвлөлт битгий хэл өвөлдөө угаадас нь хөлдөж, зундаа үерт урссан гэр хорооллын эгэл саарал байшингууд энд байлаа.
Хятадын засгийн газрын буцалтгүй тусламжаар гэр хорооллыг дахин төлөвлөх, утаа агаарын бохирдол, нүхэн жорлонгоо цөөлөхийн тулд “Ногоон нуур” төслийг 2022 онд эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч хавраас барилгын ажил эхэлсэн ч өнөөдөр тус хорооллын барилга 50 хувьтай буюу бетон цутгалтын ажлыг бүрэн дуусгасан мэдээтэй байна. Үнэндээ, Ногоон нуур орчмыг дахин төлөвлөлтийн ажил 2019 оноос хойш яригдсан ч цар тахалтай нүүр тулж, хорио цээрээс шалтгаалан хоёр жил алджээ.
Нийт 8 блок 21 давхар 1008 айлын орон сууц баригдаж буй. Барилга угсралтын ажил өнгөрсөн оны зургадугаар сард эхэлсэн. Давхартаа зургаан айл амьдрах бөгөөд цогцолбор хэлбэрээр баригдаж байгаагаараа онцлогтой.
Авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн багтаамжтай сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг баригдах юм. Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хятадын хоёр дахь Металлурги групп корпораци” ХХК, ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэгчээр “Интеллект тауэр” ХХК тус, тус ажиллаж буй юм байна.
2025 ОНД БАРИЛГА БҮРЭН АШИГЛАЛТАД ОРНО
Одоогийн байдлаар барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна. Найман блок байрны бетон хийцийн ажил бүрэн дууссан бол ирэх хавраас дотоод заслын ажлыг эхлүүлэх гэж байна. Мөн дулааны шугамын ажлууд одоогоор хийгдэж байгаа юм байна.
Тус хорооллын газрыг иргэдээс бүрэн худалдан авсан бөгөөд 2025 оны зургадугаар сард бүрэн ашиглалтад орох тооцоололтой байна. Мөн сургууль, цэцэрлэгийн төсөв батлагдаагүй байгаа бөгөөд Барилга хот байгуулалтын яаманд саналаа хүргүүлсэн ч сайдын багцад суугаагүй байна.
УИХ-аар одоо Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. Уг төсөлд гэр хорооллыг барилгажуулахад шаардагдах эрх зүйн орчныг тодорхой болгохоор тусгасан. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар зургаан дэд төвийг түшиглэн гэр хорооллыг барилгажуулна. Эхний удаад Баянхошуу дэд төв, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг барилгажуулна.
Иргэдэд газраа байраар солих, газраа мөнгөөр солих, байраа ашиглалтад ортол түрээсийн байранд байх зэрэг сонголт олгоно гэдгээ мэдэгдээд буй.
Иймээс дээрх 1008 айлын орон сууцыг түрээсийн байраар түлхүү ашиглах буюу газраа дахин төлөвлөлтөд ашиглуулах айлуудад түрээс хэлбэрээр санал болгох юм байн. Ашиглалтад орох үеэр Засгийн газраас энэ чиглэлээр журам гаргах аж. Барилгын ажил эхлэхэд хөрсний ус ихтэй байсан учраас 19 цооног өрөмдөж, хөрсний усаа хийжээ. Ингэснээр, зарим байруудын зоорины давхар нь үер усанд автдаг бол энэ асуудлыг бүрэн шийджээ.
4500-6000 АЙЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХААР ТӨЛӨВЛӨӨД БАЙНА
Нийслэлийн хотын агаарын бохирдол, хөрсний бохирдол өнөөдөр чинээндээ тулж, дэлхийн хамгийн бохир хот болсон нь гэр хорооллоос үүдэлтэй. Нийслэлийн гэр хорооллын хэмжээнд өнөөдөр 220 мянга гаруй нүхэн жорлон хөрсний бохирдол үүсгэж байгаа бол мөн тооны яндангаар хорт утаа ялгардаг. Хүн амын дунд тэр дундаа хүүхэд багачуудын дунд халдварт өвчин өндөр хувь эзлэх болсныг эрүүл мэндийн салбарынхан агаар, хөрсний бохирдолтой холбон тайлбарлах болсон. Өнөөдрийн байдлаар хүн амын 60-аас илүү хувь нь гэр хорооллын бүсэд амьдарч буй. 2011 оноос эхлэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд тус хугацаанд нийтдээ 15 мянга гаруй айлын орон сууцыг төслийн хүрээнд ашиглалтад оруулжээ.
Энэ нь жилд дунджаар 1500 айл орон сууцтай болж байсан гэсэн үг. Тэгвэл энэ жилээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэн, 4500-6000 айлыг орон сууцжуулахаар төлөвлөөд байна.
Нөгөө талдаа гэр хорооллынхны хувьд цалингаараа байртай болно гэдэг мөрөөдөл болж хувирсан гэж хэлэхэд бодит үнэнээс зөрөхгүй. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх ажил нийслэлчүүдэд ус, агаар шиг хэрэгтэй байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ч.ДАРХАНБАЯР
Холбоотой мэдээ