Олны анхаарлыг татсан хэд хэдэн хэргүүд Авлигатай тэмцэх газар болон Улсын прокурорын байгууллагад шалгагдаж буй. Тэгвэл тэдгээр хэргүүдээс 10-11 дүгээр сард шүүхэд шилжээд байгаа онцлох хэргүүдийг нэгтгэн сануулж байна.
"ЭРДЭНЭТ"-ИЙН Х.БАДАМСҮРЭНГИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ
Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар ажиллаж байсан Х.Бадамсүрэн нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар ажиллаж байсан Х.Бадамсүрэн, Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг болон мэргэжилтэн нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авч, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн онд /2022.08.31/ "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал Х.Бадамсүрэнг чөлөөлсөн. Ингэхдээ түүнийг өмнө нь томилсон "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл тогтоолоор "Зэс, металлын групп"-ийн даргаар томилсон шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарын хэргийг шүүх рүү шилжүүлээд буй. Тодруулбал, Б.Энх-Амгалан, З.Энхболд нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн онд /2022.12.13/ нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан.
Нийслэлийн прокурорын газраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга асан О.Магнай нарын 11 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Өнгөрсөн 2020 онд О.Магнай Ливaн Улсын иргэн Мoxaмaд Зуxуэр Итaны дөрвөн тэрбум төгрөгийн үл xөдлөx xөрөнгө буюу Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 3000 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг нь өмчлөх эрхийг Шүүxийн шийдвэр гүйцэтгэx гaзрын дөрвөн aжилтны туслaмжтaйгaaр 724 сaя төгрөгөөр үнэлэн ээжийнхээ эзэмшлийн кoмпaнидaа шилжүүлж aвсaн туxaй мэдээлэл цaцaгдаж байв. Энэ талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншина уу.
Үүнтэй холбоотойгоор хохирогч А.Оюун-Эрдэнийн гомдлоор АТГ-аас Шүүxийн шийдвэр гүйцэтгэx гaзарт ажиллаж байсан Г.Идэрчулуун нарын дөрвөн хүнийг шүүж эхэлсэн байдаг. Тэгвэл О.Магнай нарын албан тушаалтнууд бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, их хэмжээний хохирол учруулсан гэх 11 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 13.5 дугаар зүйлийн 3.1 /Заналхийлэх/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 21.2 дугаар зүйлийн 1 /Худал мэдүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
МҮОНРТ-ИЙН НЭРЭЭР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИАС АЖИЛ ГҮЙЦЭТГЭНЭ ГЭЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГИЙГ ХУВЬДАА ШИЛЖҮҮЛЖЭЭ
Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эрүүгийн хэрэгт буруутган, шалгаж дууссан. Түүний хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлээд байсан юм.
Түүнийг МҮОНРТ-ийн нэрээр төрийн өмчит компаниас ажил гүйцэтгэнэ гэж их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авсан, байгууллагынхаа санхүүд орох ёстой байсан их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдан завшсан, ажилтан ажилд авахдаа авлига авсан, байгууллагын төсөв хөрөнгийг дур мэдэн хууль бусаар захиран зарцуулсан байж болзошгүй зэрэг асуудлаар буруутган эрүүгийн хэрэг нээн энэ сард шалгаж дууссан байна.
Улмаар А.Бүрэнбаатарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.
- Ховд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч “Т” нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх;
- Дархан-Уул аймгийн Хонгор сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад эдийн давуу байдал бий болгосон гэх;
- “А” нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан гэх;
- “Б” нь Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан гэх;
- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “Ц” нарын албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт болон бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэх;
- Хилийн цэргийн …-р ангийн заставын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч “Б”, жагсаалын дарга “Ч” нар нь бусдаас хахууль авсан гэх;
- Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “Г” нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх;
- Сэлэнгэ аймгийн Цаг, уур орчны шинжилгээний төвийн удирдах албан тушаалтан “Э”, “Г” нар нь өөртөө хууль бус давуу байдал бий болгосон гэх;
- “Б” нь МҮОНРТ-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа бусдаас хахууль авсан, бусдад давуу байдал бий болгосон, байгууллагад хохирол учруулсан, бусдыг залилсан гэх;
- Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын удирдах албан тушаалтан “Б” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
- Баян-Өлгий аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтан “Ж” нь албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
- “Ц” нь Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
- Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч “Н” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх;
- Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын албан тушаалтан “Б”, “Ж” нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон зэрэг байна.
Холбоотой мэдээ