Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үе шаттай ажлуудын тэргүүн эгнээнд нийтийн тээвэр бичигдэж байгаа. үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.
-Иргэдийг автобусаар үнэгүй зорчуулах санал гарсан талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Автобусны тендерийг ирэх баасан гараг (2023.11.24)-ийн 11.00 цагт нээлттэй задална. Олон улсад зарласан тендерийн баримт бичгийг задалж, үнийн дүн, баталгаа зэргийг танилцуулна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс автобусаар үнэ төлбөргүй зорчдог иргэдийг бүгдийг картжуулж бүртгэлжүүлнэ. Нийслэлийн ИТХ-аас 2014 онд баталсан машин цагийн тогтоол байгаа. Уг тогтоолоор автобусны ажилласан цагийг тооцож, татаас олгодог. Зорчигчийг тоололгүй өгдөг энэ механизмыг бид нар өөрчилье гэж байгаа. Цагдаа, хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх мэт үнэгүй зорчдог иргэдийг тоолдог байдал руу шинжилнэ. Үүнд нэлээн том дүн бүхий програм хангамжийн тендер зарласан. Тээвэрлэсэн зоригчийнх нь тоогоор автобус компанид санхүүжилт олгодог шударга зарчим руу шилжинэ. Энэ асуудлыг ярьж эхэлсэн. Шийдвэр гарсан зүйл байхгүй. Би бол аливаа үйлчилгээг үнэгүй байлгахын эсрэг байдаг хүн. Тиймээс автобусаар зорчих тасалбарыг 1000 төгрөг болгож нэмнэ. Одоо байгаа тоон мэдээллээр нийслэлийн иргэдийн 20 гаруй хувь нь нийтийн тээврээр зорчиж байна. Бид жил бүр 240-250 тэрбум төгрөгийг автобус компаниудад өгдөг. Гэтэл зорчилтын хувь хэмжээ ийм бага байна гэдэг хангалтгүй үзүүлэлт. Зорчигчийн тоог бодитоор гаргадаг болно. Үүний үндсэн дээр автобусны жолоочийн цалинг нэмэгдүүлнэ. Энэ дашрамд автобусны смарт компанитай хамтран ажиллах гэрээгээ цуцлах саналаа хүргүүлсэн.
-Шинэ автобуснууд орж ирснээр нийтийн тээврийн хүртээмж яаж нэмэгдэх вэ?
-Өнөөдөр автобуснуудын өдрийн гаралт 950-980 байгаа. Шинэ автобуснууд орж ирснээр 1300-1400-д хүргэнэ. Ингэхдээ богино чиглэлүүдийг нээнэ. Энэ ажлыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нээхээр төлөвлөж байна. Ирэх жил автобусны чиглэлийг хурдан болгохын авто замууд дээр эгнээ өргөтгөх ажил хийнэ.
-Төлбөртэй бүсийн асуудал юу болсон бэ?
-Зарим хүн хөлбөртэй бүс тогтоож, шууд 27500 төгрөг авах мэтээр буруу ойлголт нийгэмд өгсөн. Төлбөртэй бүс тогтоох эрхийг нийслэлийн ИТХ-д өгөх асуудал яригдсан. Энэ асуудлыг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад татаж авсан. Түгжрэлийн хуулийн төсөлд орсон бусад зохицуулалт батлагдана гэж найдаж байна. Мөн ирэх оноос эхлэн авто тээврийн улсын үзлэгийг нэгдсэн байдлаар нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 1-ны хооронд зохион байгуулдаг болно. Авто тээврийн улсын үзлэгийг чанаржуулна. Нөгөө талаар төлбөртэй бүс гэж байхгүй болж байгаа болохоор RFID системийг хэрэглэхэд зохимжгүй болж байгаа. Хөдөө орон нутгаас орж ирж байгаа RFID төхөөрөмжөөр нийслэлд хязгаартай зорчиход хяналт тавих байдлаар явж байна.
-“Ногоон” автобусыг буцаах асуудал юу болсон бэ?
-Тэр бидний асуудал биш. Бид "ногоон" автобуснаас нэг ширхгийг ч хүлээн авахгүй гэдэг саналаа АТГ-д хүргүүлсэн. “Ногоон” автобусанд төлсөн мөнгөө буцаан авч, шинэ автобус худалдаж авна.
Холбоотой мэдээ