Хамасын барьцаанаас 50 хүнийг суллах хэлэлцээрийг Израилийн засгийн газар өнөөдөр /2023.11.22/ баталжээ. Энэ нь зургаан дахь долоо хоногтоо үргэлжилж буй мөргөлдөөний хугацаанд тохиолдсон хамгийн том дипломат амжилт юм.
Израилийн засгийн газрын мэдэгдэлд "Хамасын барьцаалсан 50 хүнийг суллах хэлэлцээрийн эхний үе шатны төлөвлөгөөг амжилттай баталлаа. Хариуд нь дөрөв хоног гал зогсоох тохиролцоонд хүрэв. Барьцааны 10 хүн тутамд тулааны түр зогсолт нэг өдөр үргэлжилнэ. Израилийн засгийн газар, цэрэг хүчнийхэн болон аюулгүй байдлын алба барьцаалагдсан бүх хүнийг буцааж авчрахын тулд дайнаа үргэлжлүүлж, Хамасыг бүрэн устгана. Мөн Израиль улсад Газын зүгээс шинэ аюул занал учруулахааргүй болгоно" гэжээ.
Хамасын барьцаанаас гадна Израилийн мэдэлд байсан 150 палестин хоригдлыг суллана гэж Хамас телеграм хуудсандаа мэдэгдэв.
Урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрсэн ч барьцааны хүмүүс болон хоригдлуудыг солилцох ажил яг хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Эхний 50 хүнд хүүхэд, эмэгтэйчүүд багтах аж. Хэрэв Хамас илүү олон хүнийг суллавал гал зогсоох хугацааг сунгаж магадгүй гэж АНУ мэдэгдлээ. АНУ-ын зүгээс Израильд дипломат дэмжлэг үзүүлж, барьцааны хүмүүсийг эргүүлэн авах ажиллагаанд оролцож байна.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ