Аргентины ерөнхийлөгчийн сонгуульд баруун жигүүрийн либертари үзэлтэн Хавьер Милей ялсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр Ням гаригт болсон сонгуулийн хоёрдугаарт шатанд 56 хувийн санал авчээ.
Хавьер Милей өмнө нь Орос, Хятад, Бразил зэрэг улсын засгийн газрын бодлоготой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд, харилцаагаа таслана гэж мэдэгдэж байсан удаатай. Мөн Украиныг дэмжиж буйгаа, АНУ, Израилийг гол түншээ гэж харж байгаагаа мэдэгдсэн.
Түүнийг сонгуульд ялсны дараа ОХУ-ын ерөнхийлөгч Путин амжилт хүссэн баярын захидал илгээжээ. Путины захидалдаа "Бид Аргентинтай цаашид олон салбарт стратегийн түншлэлийн харилцаагаа хөгжүүлж, олон улсын тулгамдсан асуудлаар бүтээлч яриа хэлэлцээ хийхийг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.
Харин Оростой санал нийлэхгүй, харилцаагаа таслана гэсэн Милейн өмнөх мэдэгдлийн тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэл хийлээ. "Бид Хавьер Милейн сонгуулийн сурталчилгааны үеэр хийсэн хэд хэдэн мэдэгдлийг анхаарч үзсэн. Гэхдээ түүнийг тангараг өргөсний дараа хэлэх үгээр нь голчлон дүгнэж, авч үзнэ. Бид Аргентинтай хоёр талын харилцаагаа хөгжүүлэхийг дэмжиж байна" гэж Песков хэллээ.
Хавьер Милейн өмнөх буюу зүүн төвийн засгийн газар нь Оростой нягт харилцаатай байсан. Энэ хүрээнд ОХУ-аас Covid-19-ийн эсрэг Спутник V вакциныг импортолж, Москвагийн дэмжлэгтэй БРИКС бүлэгт нэгдэхийг эрмэлзэж байжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ