Ардчилсан намын Хууль зүйн бодлого хариуцсан дэд дарга Ч.Өнөрбаяртай ярилцлаа.
-Цэрэг армитай холбоотой халагламаар баримтууд гарч байна. Монгол Улсад ер нь цэрэг армийн бодлого алдагджээ гэж дүгнэж болох уу?
-Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, Төрийн цэргийн бодлогын үндэс зэрэг бодлого өнгөрсөн 30 жилд цаасан дээр хангалттай гарсан. Үндсэн хуулиар Монгол Улс зэвсэгтэй хүчинтэй байна гээд маш тодорхой зарлачихсан. 1998 онд “Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндэс”-ийг анх баталсан. 1994 онд Батлан хамгаалахын хуулиудыг шинэчилсэн.
2010 онд “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг УИХ-аар шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Батлан хамгаалах багц хуулийг шинэчилсэн. Төрийн цэргийн бодлогын үндэс бодлогын баримт бичгийг Батлан хамгаалах бодлогын үндэс болгож өөрчилсөн. Харамсалтай нь цаасан дээр л бодлогын сайн баримт бичигтэй болсон. Бодит амьдрал дээр эдгээр хуулийн хэрэгжилт хангалтгүй байна.
-Шалтгаан нь?
-Хуулиар Батлан хамгаалах яам төрийн захиргааны төв байгууллага. Төрийн бодлогыг хэрэгжүүлэх Засгийн газрын бүтэц юм. Өөрөөр хэлбэл, Батлан хамгаалахын яам улс төрийн бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой газар. Харин Зэвсэгт хүчний жанжин штабыг цэргийн генерал ч юмуу, мэргэжлийн хүн удирдах ёстой. Гэтэл өнөөдөр энэ хоёр институц холилдчихоод байна. Аль нь яам, аль нь Жанжин штаб нь мэдэгдэхгүй болчихсон. Ингэж холилдсоноос болоод гажуудчихаад байна. Үүнээс гадна Монгол Улсын цэрэг арми ЗХУ-ыг дагаж байсан ерэн оны өмнөх хуарангийн системээсээ салаагүй байна. Цаасан дээр шинэчлэл хийсэн боловч бодит байдал дээр цэрэг эрсийг хуаранд аваачаад хорьчихдог, хуарангийн ужгирсан систем огт өөрчлөгдөхгүй явж ирлээ. Зарчим, хандлага, арга хэлбэрт огт өөрчлөлт гарсангүй. Тиймээс өнөөдөр идээ бээр нь хагарч байна.
-Энэ хандлага, энэ гажуудлаа засахын тулд нэн тэргүүнд яах ёстой вэ?
-Батлан хамгаалах, цэрэг нэгтгэлийн анги нэгтгэлүүдийг өөр болгох ёстой. Батлан хамгаалахын шинэчлэгдсэн бодлого гурван чиглэлтэй гарсан. Нэгдүгээрт, Монгол Улс байнгын мэргэжлийн армитай байна. Энэ нь тусгай батальон л доо. НҮБ-ын энхийг ахиулах ажиллагаанд оролцдог. Байнгын бэлтгэл, сургуулилт хангадаг, олон улсын цэрэг стандартыг хангасан хүмүүс байдаг тусгай батальон. Энэ нь армиа бэлтгэх ёстой.
Гэтэл энэхүү армид алба хааж байгаа хүмүүсийн цалин, хангамж, нийгмийн хамгааллыг хангалттай бүрдүүлж өгч чадахгүй байна. Угтаа энэ хүмүүс л энхийг сахиулах ажиллагаагаар дэлхийд Монголын армийн нэр хүндийг, Монголынхоо нэрийг өргөж байгаа шүү дээ .
-Оюутныг цэрэгт татсан нь буруу гэх шүүмжлэл гарсан. Үүнийг та юу гэж харж байна вэ?
-Бидний үед оюутан цэрэг хөтөлбөрийг гаргасан. Үүнийг Батлан хамгаалахын хуульд оруулсан. Залуучууд их, дээд сургуульд сурах хэрэгтэй. Үндсэн хуулиар цэргийн алба хаах нь иргэн бүрийн үндсэн үүрэг гэж заасан учраас бид үндсэн хуулиа хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ Үндсэн хуулиа хэрэгжүүлж байна гээд залуучуудыг нэг жил хуаранд аваачиж хориод зодож, нүддэг байж яав ч болохгүй. Ийм зүйл рүү чиглээгүй.
Зорилго нь оюутанд зун амарсан үедээ цэргийн алба хаах боломжийг гаргасан. Үүгээр бид оюутнууд, залууст цэргийн мэргэжлийн боловсролыг олгохыг зорьж байсан.
Цэргийн ангийг хүмүүжүүлэх зүйл гэж ойлгоод байна. Үгүй шүү дээ. Цэргийн алба хаалгаж байгаа учир нь цэргийн мэргэжлийн боловсрол олгох юм. Түүнээс хүмүүжүүлэх газар биш, сургалтын газар байхгүй юу. Цэргийн анги нэгтгэл гэдэг бол цэргийн мэргэжлийн боловсрол олгодог газар байх ёстой юм. Оюутнууд бусад үед өөрийн сонгосон хууль, багш, анагаахаар ч юмуу мэргэжлийн боловсролоо олж харин зуны цагт оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж цэргийн мэргэжлийн боловсрол эзэмшдэг байхаар зохицуулсан зүйл. Өөрөөр хэлбэл, их сургуульд сурч байхдаа цэргийн албаа хаах боломжтой богино хугацааны үр дүнтэй хөтөлбөр байсан.
Ний нуугүй хэлэхэд, оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд “Оюутан цэрэг хөтөлбөрт хүүхдээ явуулмаар байна” гэж олон хүн хөөцөлддөг байсан. Цэрэг татлага бол эсрэгээрээ. Миний хүүхдийг чөлөөлөөд өгөөч гэж хөөцөлддөг. Цэрэгт яваад зодуулбал яах вэ, янз бүрийн байдлаар хохирчихвол яах юм бэ гэдэг. Ийм хоёр өөр зүйл.
Нөгөө талаас их сургуульд сураагүй уул уурхай, газар тариалан, барилга, бүтээн байгуулалтад дулааны улиралд ажилладаг залуус өвлийн улиралд оюутан цэрэг шиг цэргийн алба хаах боломжийг бүрдэх хэрэгтэй. Оюутнууд нь зуны хугацаанд, бусад салбарт ажиллаж байгаа жирийн залуучууд өвлийн хугацаанд албаа 45, 45 хоногоор хаах байдлаар цэргийн мэргэжлийн боловсрол олгохыг зорьж байсан. Хамгийн гол нь цэрэгт цэргийн мэргэжлийн боловсролыг олгох гэж байгаа болохоос сайн эр хүн, сайн эцэг болгох нь тусдаа асуудал. Үүнээс гадна орон нутгийн хамгаалалт гэдэг зүйлийг бид шинэ хуулиар оруулсан. Гэтэл үүнийг дайчилгаа гэж ойлгоод байгаа юм. Үгүй. Энэ нь Швейцарын маягаар тухайн орон нутагтаа тухайн хүн цэргийн мэргэжил эзэмшихэд чиглэж байгаа юм. Жишээлбэл, Укриан шиг байдалд ороход цэргийн боловсролоор бэлтгэгдсэн байх гэдэг үүднээс л дээ. Гэхдээ энэ нь Дорнодын хүүхдийг Ховд руу, Улаанбаатарт байгаа залууг Өмнөговь руу хүчээр явуулах биш. Тухайн тухайн орон нутагтаа, анги нэгтгэлүүд дээр өөрийн чөлөөт цагтаа мэргэжлийн боловсрол авдаг байна. Энэ нь тухайн хүний сонголтоор хийгдэнэ. Хүчээр аль нэг анги нэгтгэл рүү хуваарилахгүй.
Жишээлбэл, цэргийн мэргэжлийн боловсрол үзэхийн зэрэгцээ барилга барих инженерийн ухаанд суралцмаар байна гэвэл тэр чиглэлээр нь явуулдаг юм байна. Хэрвээ мэдээллийн технологийн чиглэлээр явъя гэвэл тэр анги нэгтгэл рүү оруулдаг. Ингэхээр тухайн залуу цэргийн боловсрол эзэмшихээс гадна КТМС-т сурснаас дутахааргүй боловсрол авчихаж байгаа юм.
Иймэрхүү байдлаар тухайн залуу улсдаа ямар байдлаар хэрэгтэй, тэр нь цаагуураа улс орныхоо аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлд оролцоотой байдаг. Өөрийнх мэдсэн сурсан зүйл хэрэг болохуйц байдлаар сонголтыг нь хийлгэдэг юм билээ. Иймэрхүү байдлаар армийг мэргэжлийн болгож, дотор нь ангилмаар юм билээ. Холбоо, мэдээллийн технологийн, барилгын гэхчилэгээр төрөлжүүлмээр юм билээ.
Үүнээс гадна цэргийн анги нэгтгэлийг нээлттэй болгомоор юм билээ. Жирийн иргэд танилцаж болдог баймаар байгаа юм. Ямар шорон биш. Тиймээс иргэд орж танилцдаг, спорт зааланд нь тэмцээн уралдаан зохион байгуулж хураамжаа төлчихдөг ч юмуу ингэж иргэний болгох хэрэгтэй.
Тэгэхгүй манайхан буутай цэргээр мануулсан шорон шиг байлгаад байна. Хаагдмал байгаа учраас зодож, тамлаж, алж ч болно гэдэг зүйл рүү орж болохгүй. Цаасан дээр энэ бодлогууд нь байгаа. Харамсалтай нь, энэ бодлогыг ойлгож хэрэгжүүлэх чадамж энэ төр засагт дутаад байна. Тэр дундаа Засгийн газрын түвшинд энэ бодлогыг салгах ёстой байна.
Т.ОД
Холбоотой мэдээ