Малчид нэг толгой малдаа бүтэн жилийн хугацаанд 1,000 төгрөг зарцуулахад л мал эмнэлгийн шимэгчлэх өвчний эсрэг бүрэн үйлчилгээ авах боломжтой байдаг юм байна. Жишээ нь, нэг мал угаахад 350-500 төгрөг. Угаалгад жил бүр малаа хамруулаад байвал шимэгчтэх болон бусад өвчнүүдэд нэрвэгдэхгүй байх боломжтой аж. Үүн дээр туулга, тарилга нэмэгдэхээр 1,000 төгрөг болох ба малаа элдэв өвчнөөс хамгаалж, эрүүл өсгөж болох нь. Харамсалтай нь ийм хэмжээний мөнгөөр хамгаалчиж болох шимэгчлэх өвчин л гэхэд Дорноговь аймгийн гурван сумаас шинжилгээнд хамруулсан 60 орчим өрхийн 32 мянга гаруй толгой малд бүгдэд нь илэрсэн байна. Тодруулбал, туузан хорхой, бөөрөнхий хорхой, хавтгай хорхой. Шимэгчийн шинжилгээгээр гурван сумын малд, ялангуяа хонинд Эймериоз хэмээх эгэл биетнээр үүсгэгддэг төл малын өвчин ихээхэн тархсан байгаа нь тогтоогдсон байна. Энэ өвчний үед гэдэсний эмгэг, чацга алдах, цус багадах, турах шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд мал халуурч, богино хугацаанд цус багасах, эрүүн доор усан хаван гүйх, чацга алдах, хэвтэх зэргээр өвчилж олноор үхэх нэг шалтгаан болдог ажээ. Ийм шалтгаанаар мал нь тийм өвчин туссан болохыг малчид гаднаас нь хараад мэдэх боломжгүй, зөвхөн лабораторийн шинжилгээгээр л илэрдэг байна. Тийм ч учраас малчид мал эмнэлгийн үйлчилгээ авах дадал, соёл суугаагүй учраас мал нь ямар нэгэн байдлаар өвчлөөд, шалтгаан нь тодорхойгүй хорогдоод байхаар шууд л уул уурхайгаас болж байна хэмээн үздэг учир энэ ажээ.
Арга ч үгүй юм. Улсын хэмжээнд таван хошуу малд тохиолдож байгаа төрөлхийн болон олдмол гаж хөгжил, эрхтэн, тогтолцооны гажигтай төл малын судалгааг, онош нь тодорхой бус халдваргүй өвчнүүдийг эрт илрүүлэх, тухайн цаг үед нь оношлох, хариу арга хэмжээ авах судалгаа, тандалтын ажил сүүлийн 30 жилд бараг хийгдээгүй болохыг Мал эмнэлгүүдийн дундын хоршооны судлаачид хэлж байна. Харин ямар нэгэн үндэслэлгүйгээр гажиг төл, малын зүй бус хорогдол, өвчний буруутан болж чичлүүлдэг уул уурхайн зарим компани санаачилга гаргаж, нийгмийн хариуцлагын хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нөхцөл байдлыг тогтоох, бодит байдлыг харуулахаар зарим халдваргүй өвчний талаар тандан судалгаа хийлгэсэн нь наад захын ийм үр дүнг гаргажээ.
"Мон-Атом" болон "Бадрах Энержи" компанийн захиалгаар Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршоо болон Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэн хамтран хийсэн Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл болон Айраг сумын 57 малчин айлын 32,571 толгой малд гурван сарын хугацаанд эмнэл зүйн үзлэг болон лабораторийн шинжилгээ судалгаа хийсэн байна. Улаанбадрах бол Зөөвч-Овоо ураны орд оршдог сум. Уран олборлох үйлдвэрийн туршилт өнгөрсөн жил амжилттай явагдаж дуусаад төсөл эхлэхээр зэхэж буй. Харин Хөвсгөл сум Улаанбадрах сумаас 200 орчим км зайтай бол Айраг сум 500 орчим км-ийн цаана бий. Айраг суманд хэд хэдэн уурхай үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрсөн бол Хөвсгөл сум огт уул уурхайгүй. Тийм ч учраас “Ашигт малтмалын хайгуулийн бүс нутагт байгаа малд үзүүлэх нөлөөг тандан судлаж, үнэлгээ өгөх” судалгаа хийж, малын эрүүл мэндийн нөхцөл байдлыг харьцуулахад тохиромжтой хэмээн судалгааны баг сонгожээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл болон Айраг сумдын 57 малчин айлын 32.571 толгой хонь, ямаанд эмнэл зүйн үзлэг хийж, Улаанбадрах сумаас 136 малын, Хөвсгөл сумаас 113 малын, Айраг сумаас 118 малын нийт 367 малын цусны 367, ийлдэсний 367 бүгд 734 нэгж дээжийг ашиглан цусны болон биохимийн шинжилгээг “Анд” клиникийн лабораторит хийлгэж, үр дүнг малчин, мал болон тус бүр дээр 14 үзүүлэлтээр гаргаж, нийт 10686 нэгж анализын дүнд малчин, мал тус бүрээр хэвийн, ихэссэн болон багассан үзүүлэлтээр нь дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргажээ.
МОНГОЛ МАЛ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДЛААС ӨВЧИЛЖ БАЙНА
Энэхүү судалгааны ажилд мал эмнэлгийн 18 мэргэжилтэн оролцсон бөгөөд тэдний нэг болох Хөдөө аж ахуйн ШУА-ийн гишүүн, академич, мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, профессор, Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэнгийн захирал Я.Ганболдоос судалгааны гол үр дүнгийн талаар тодрууллаа. Тэрбээр гурван сумын малд аль нэгээсээ ялгаатай онцлох өвчлөл гараагүй, бүх малд жигд байсан гэдгийг тодотгосон юм. "Гурван сумын бүх мал, ялангуяа ямаа борлонд 100% илэрсэн нэг өвчин бол Эймериоз гэж мал чацга алддаг, турж эцдэг өвчлөлийн үүсгэгч илэрсэн. Газар байршил хамаарахгүйгээр илэрсэн энэ үүсгэгч ямар нэгэн байдлаар онош нь тодорхойгүй үхэл, хорогдлын шалтгаан байж болно.
Бас нэг онцлох үр дүн бол, хүнд металлын үлдэгдэл ч юм уу, хордлого үүсгэж байгаа бодис аль ч сумаас илрээгүй. Кальц, фосфор гэх мэт зарим нэг микро элементийн илүүдэл, дутагдал байсан. Тэрийг бэлчээр ашиглалтаар тэнцвэржүүлэх, эсвэл малд нэмэгдэл тэжээл, долооц өгөх замаар сэргийлж, хамгаалах боломжтой юм. Түүнээс биш малд өвчин үүсгэж байгаа янз бүрийн хортой, хүнд металлын үлдэгдэл судалгаагаар огт гараагүй" хэмээн тайлбарлав.
Гурван сар үргэлжилсэн уг судалгаагаар малын эрүүл мэндийг бүх талаар шинжилсэн талаар дээр дурдсан. Энэ хүрээнд гурван сумын тус бүр хоёр малд задлан шинжилгээ хийсэн байна. Тухайлбал, нүд, амны салст зэрэг гадна бүрхүүлээс шинжилгээ авч, эрхтэн системийн өөрчлөлт байгаа эсэхийг үзсэн бол таван цул эрхтэнд эд эсийн шинжилгээ хийжээ. Ийнхүү үзэхэд зургаан хонины нэгийнх нь уушги хавиргатайгаа наалдсанаас өөр онцлог шинж байгаагүй аж. Харин зургаан хонины бүгдийнх нь зүрхэнд саркоцист гэдэг паразитын үүсгэгч илэрсэн байна.
Хамгийн анхаарал татсан зүйл бол биохими болон цусны шинжилгээгээр судалгаанд хамрагдсан бүх малын 98 орчим хувьд тэжээл боловсруулах замын эмгэг илэрчээ. Үүний гол шалтгаан нь тэжээл, усны дутагдал хэмээн судлаачид дүгнэсэн байна.
Энэ талаар академич Я.Ганболд “Хамгийн гол асуудал бол бэлчээр ашиглалт, бэлчээрийн өвс ургамлын тоо цөөрсөн, усны дутагдалд орсон. Өөрөөр хэлбэл, тус гурван суманд ажиглагдсан гол зүйл бол өвлийн нэмэгдэл тэжээл ерөөсөө байхгүй байна. Тийм учраас мал турж эцдэг, тэрнээсээ болоод өвчилдөг, онош нь тодорхой бус өвчин гардаг, улмаар мал нь хорогддог байна” гэсэн юм. Малчид өвөл малдаа нэмэгдэл тэжээл өгөхөөсөө өгөхгүй нь их, малаа өдөр бүр биш 3-4 өдөрт нэг удаа усалдаг тохиолдол ч цөөнгүй гэх.
Өнгөрсөн 2022 оны ес, аравдугаар сард Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан гэсэн хоёр суманд хийсэн малын эрүүл мэндийн талаарх судалгаагаар мөн л ийм дүр зураг гарсан гэдгийг Я.Ганболд доктор мөн нэмж хэлэв. Тус хоёр сумын мал мөн тэжээл, усны дутагдалд орж, бодисын солилцоо нь муудсан нь өвчлөх шалтгаан болжээ. Ингээд үзвэл энэ бүхэн байгал, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор бусад аймагт ч байж мэдэх дүр зураг ажээ.
Дорноговь аймгийн хувьд 2014 онд мөн малын эрүүл мэндийн талаар судалгаа хийхэд бас л өнөөгийнхтэй ойролцоо үр дүн гарсан талаар Монголын Мал эмнэлгүүдийн дундын хоршооны гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаатар хэлсэн юм. Тиймээс энэ удаагийн судалгааны үр дүнг аймаг, сумдын Засаг дарга, мэргэжлийн байгууллагуудад нь танилцуулж, шинжилгээний бүх хариуг малчин тус бүрд, шинжилгээний дүн тус бүрээр нэг бүрчлэн тайлбарлан зөвлөгөө өгчээ. Тодруулбал, Улаанбадрах, Айраг, Хөвсгөл сумын малчдад судалгааны баг малын эрүүл мэндийн талаар сургалт зохион байгуулж, судалгааны дүнг bалын эрүүл мэндийн судалгаанд хамрагдсан айл бүрээр биечлэн явж танилцуулсан байна. Түүнчлэн судалгааны үр дүнг өнгөрсөн аравдугаар сарын эхээр орон нутгийн удирдлагууд, тэр дундаа Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Сайншанд сумын Зүүнбаян баг, Улаанбадрах сумын удирдлага болон иргэдийн төлөөлөлд танилцуулсныг онцлох хэрэгтэй.
Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршоо “Бадрах Энержи” компани хамтран Дорноговь аймагт 2015-2017 онд малын эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байж. Тухайн гурван жилд малд зөвхөн паразитын эсрэг үйлчилгээ үзүүлэхэд малын тарга тэвээрэг эрс сайжирч, хорогдолгүй болсон тухай Мал эмнэлгүүдийн дундын хоршооны Малын их эмч Г.Бат-Ирээдүй ярилаа. Харин төсөл дуусаж, дөрвөн жил болсны дараа хийсэн энэ удаагийн судалгаагаар нөхцөл байдал ямар болсныг дээрх үр дүнгүүд харуулж байна.
ЦААШИД ЯАХ ВЭ?
Юун түрүүнд малчид малынхаа эрүүл мэндийн чиглэлээр хөрөнгө оруулах шаардлагатай байна. Наад зах нь мал эмнэлгийн авбал зохих үйлчилгээг жилдээ авч хэвшиж, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байж эрүүл мал-эрүүл хүнс гэдгээ ухамсарлах хэрэгтэй аж. Үүний тулд мэдээж малчдад мэдээлэл өгч, малын эрүүл мэндийн талаарх мэдлэгийг нь сайжруулах шаардлагатай байх нь. Малчид ноосоо самнаад зарахдаа төрөөс бас татаас авдаг. Ноолуур, мах, сүүг орхиод зөвхөн нэг хонины ноосноос олох мөнгөнийхөө тал хувийг тухайн хониныхоо эрүүл мэндэд зарцуулахад хангалттай аж.
Хоёрдугаарт, бэлчээрийн зохиостой ашиглалтыг нэмэгдүүлэхийн тулд орон нутгийн засаг захиргаа санаачилгатай ажиллаж, малын ногоон тэжээл тарьж ургуулж, өвөлдөө малд нэмэлт тэжээл өгөх, аль ч улиралд усан хангамжийг асуудалгүй байлгахад анхаарах шаардлага үүсэж байна.
Гуравдугаарт, малчдын мал маллах, арчлах, сувилах, тэрчлэн төрөл бүрийн өвчнөөс малаа хамгаалах, өвчнөөс сэргийлэх талын мэдлэгийг дээшлүүлэх шаардлага үүсжээ. Үүнийг хэрэгжүүлэх нэг боломж нь 2018 оноос эхлэн Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооноос хэрэгжүүлж байгаа “Сайн малчин” төслийг түгээн дэлгэрүүлж, малчдын хүртээл болгох асуудал гэж харж байна.
Дээрх судалгааны үр дүнгүүд буюу малын өвчлөл, хорогдлын нэг үндсэн шалтгаан болсон ус, бэлчээрийн хомсдол, түүнийг дагасан бодис солилцооны болон бусад өвчин, эмгэгүүдийн илрэл нь зөвхөн Дорноговь аймгийн асуудал гэж харж болохгүй гэдгийг эцэст нь сануулах хэрэгтэй.
Б.АРИУНГЭРЭЛ
Холбоотой мэдээ