Аминд халтай албадлагынх уу, дайсанд халтай мэргэжлийнх үү?

Хуучирсан мэдээ: 2023.11.22-нд нийтлэгдсэн

Аминд халтай албадлагынх уу, дайсанд халтай мэргэжлийнх үү?

Аминд халтай албадлагынх уу, дайсанд халтай мэргэжлийнх үү?

Монголын армид бугшсан асуудлыг эл өдрүүдэд ид хэлэлцэж байна. Хүн хийгээд хариуцлагыг сайжруулснаар өнөө, маргаашдаа өөрсдийгөө хуураад өнгөрөх ч хэсэг хугацааны дараа дахиад л амьдын зол, үхэсний хохь болгохгүйн тулд хойшдын харамслаас урьтаж, ухаан бодлоо уралдуулах цаг иржээ.

 ӨЧИГДРИЙН БА ӨНӨӨГИЙН ЗАЛУУС

Өнөөгийн залуус бие бялдарын хувьд туниа муутай болсон талаар цэргийн дарга нар боломж олговол завшааныг ашиглаад хэлэхийг хичээдэг. Цэрэг татлага болгоны дараа л халагладаг. Гэтэл тэгж хэлээд буй хүмүүсийн хүмүүжсэн байж мэдэх гурван жилийн хугацаатай цэргийн үеийн дууны утгыг сонсвол арай үгүй шиг.

Цэргийн албанд татагдан очоод

Цэрэг шинель даахтай үгүйтэй

Явган маршийн ард хоцорсон… гэснээр харвал тэр үед ч шинэ цэргийн нийтлэг төрх нь “доожоогүй” байжээ. Гэхдээ өнөөдөр өчигдөр, уржигдар биш. Дэлхий цэргийн хүчээр гэхээсээ технологи, эдийн засгийн хүчээр биенээ байлдан дагуулж байна. Гэтэл бид хуучнаараа. Хуучнаар зогсохгүй хуучны хүлээсэндээ улам бүр баглахыг Батлан хамгаалахын бодлоготнууд шаардаж байна. Өнөөдөр бие бялдраас илүүтэй технологийн мэдлэг, түүнийг эзэмшсэн байдлаараа улс орнуудын арми ялгарч байна. Хуучны суртал ухуулгаас илүү нийгмийн сүлжээнд олон нийтийн санаа бодолд нөлөөлөх аргад бусад улсууд суралцуулж, стратегийн мэргэжлийн боловсон хүчин хандуулж байхад бид “дота”-чдад хоцрогдсон танк ярьсаар… Товчхондоо орчин үеийн цэрэг эрсэд бие бялдраас илүү гадна мэдлэг, технологи ашиглах чадвар чухалд тооцогдох болжээ. Цэргийн жавхаа жагсаалдаа гэдэг ч жавелин эзэмшсэн хоёрхон залуу танкийг цувааг таг зогсоож, маш их хохирол учруулж буйг бид орой болгон шахуу Орос, Украины дайны мэдээнээс харж л байна. Тиймээс өнөөгийн залуусын бие бялдарт анхаарахаас илүүтэй өөрсдийн тархи, толгойд цэргийн дарга нар анхаарлаа хандуулах цаг болжээ.

ЦЭРЭГ ЯЛТАН БИШ…

Хөвгүүд насанд хүрсэн л бол цэргийн алба хаах албадан хуультай. Хэдийгээр мөнгөн төлбөрөөр, дүйцүүлэх хаах боломжтой ч халааснаасаа гаргаад өгдөг нь ховор. Тиймээс хууль, журмаас илүүтэй үзэмжээр цэрэгт татагдах нь олонтаа. Хамгийн сүүлд цэргийн ангид унтаад босч ирээгүй гэх байлдагч үүний гэрч болон цэрэгт татагдсан. Түүнд сонголт байсан бол цэрэгт явахгүй байсан амьд байх магадлал өндөр байсан. Хаахгүй гэвэл хуулиар хэрэгт унах байсан учраас түүний адил олон залуус цэрэгт явдаг. Өөрөөр хэлбэл, хэрэг хийгээд ял эдэлж буй хэрэгтэн, цэрэг хоёр хоёулаа эрхээ хасуулж, төрийн мэдэлд очдог. Албадлагын аюул нь энэ. Хүн өөрийн итгэл үнэмшил, шашин шүтлэгээсээ хамаарч цэргийн алба хаахгүй байх эрхийг хуулиар хасчихдагт хамаг учир байна. “Эх орон чинь дуудаж байна гэх хоосон цэцэрхэлээр үүнийг цагаатгах бөгөөд хамгаас чимээгүй байсан нь харин эх орон байж мэднэ. Хугацаат цэргийн эгнээг жирийн иргэдийн хүүхэд эсвэл танил талгүй, төлбөрийн чадамж тааруухан айлын хүүхдүүд л бүрдүүлж байх шиг. Энэ эцэстээ олон нийтийн дунд батлан хамгаалах салбарыг буруушаах, нэр хүнд нь унах болж хувирав. Дэлхийн талыг донсолгож явсан монголчуудын хувьд цэрэг эрс үнэт зүйлсийн нэг мөн гэвэл тийм. Гэхдээ ийм байдлаар цааш явбал цэргийн нэр хүнд, түүний ач холбогдол улам бүр унах аюултай аж. Эрүүл саруул хүүхдээ цэргийн албанд татуулах нь эрсдэлтэй өндөр тулгалт болоод буйд Монгол эд эс бүр санаа зовж байна.

АЛБАДЛАГЫН ЦЭРЭГ ХЭРЭГТЭЙ ЮУ?

Хуучны цагт барилгын цэрэг гэж байсантай адил төмөр замыг цэргүүд барьж буй мэтээр бишгүй шуугисан. Үүндээ урамшаад ажиллах хүчний хомсдлыг цэргээр нөхөх тухай УИХ-ын түвшинд яриад эхэлжээ. Ургац хураалтын үеэр цэргүүдийг ажиллуулан дарга нар мөнгө олдог явдал өнөөдөр бодитоор бий. Гэтэл бүх нийтийн албадан цэрэг татлагын түүх хүн төрөлхтний дайн байлдааны түүхийн хожим хэсэгт л дэлгэрсэн бөгөөд 1790-ээд оны Францын хувьсгалын үеэс эхэлжээ. Монголд ч энэ л үеэс Манж цэрэгт татах болсон бөгөөд айлын удам залгах ганц хүүг албадан татахыг хориглосон хууль, эрх зүйл зохицуулалтуудыг ч бодож олсон байна. Ихэнхи Өрнөдийн улс орнууд бүх нийтийг хамарсан цэргийн албан татлагыг 19-р зууны эхэн гэхэд хэрэгжүүлэх болж цэргийн насны эрчүүдийг 1-8 жилийн хугацаатайгаар алба хаалгах болсон байна. Цэргийн албан татлагын тухай сэдэв нь олон янзын шалтгаантайгаар маш маргаантай сэдэв байсаар иржээ. Сонсохыг хүсвэл хугацаагүй цэрэгт мордсон эр нөхөр нь эхнэр хүүхдээ, янаг амрагаа санан дуулсан "Хулсан ташуур" дууг өнөө хэр нь амандаа аялсаар л яваа.

Нэн ялангуяа цэргийн албан татлагыг эсэргүүцэх хамгийн том шалтгаан нь хувь хүний эрхийн зөрчил гэж тооцогддогтой нь холбоотой. Тиймээс ч гадны цэрэгт татагдах насны залуус бидний нэгэн адилаар алба хаахаас зайлсхийж, заримдаа улс орноо орхин өөр улсаас орогнол хүсэх тохиолдол ч байдаг аж. Цэргийн албан татлагын тогтолцоог тухайлбал Финляндад гэхэд siviilipalvelus/төрийн өөр алба/, Австри, Герман, Швейцарь дахь Zivildienst (олон нийтийн алба) зэрэг байлдааны ажиллагаанаас гадуур эсвэл бүр цэргийн албаас гадуур өөр үйлчилгээ үзүүлэх замаар зохицуулах болжээ.

2023 оны байдлаар тун олон улс орон иргэдээ цэрэгт татахаа больж, оронд нь сайн дурын мэргэжлийн цэрэгт улс орныхоо батлан хамгаалахыг даатгах болсон байна. Гэвч цэрэг татлагыг цуцалсан олон улс орны засгийн газрууд дайны болон хямралын цаг үед цэргийн албан татлага явуулах эрхээ хадгалсаар байна. Дайн эсвэл улс хоорондын мөргөлдөөнд оролцож буй талууд цэргийн албан татлагыг хэрэгжүүлэх магадлал маш өндөр байдаг ба ардчилсан улсуудад автократ улсуудыг бодвол цэргийн албан татлага явуулах магадлал бага гэж тооцогддог байна. Их Британи 1960 онд цэрэг татлагыг халсан бол АНУ 1973 онд цэргийн албан татлагыг халсан аж.

Мэдээж цэрэг хэрэгтэй. Гэхдээ албадлагаас илүүтэй сайн дурын цэргийг гадны улс орнууд сонгож байна. Харин Монгол шиг хүн ам цөөтэй, батлан хамгаалах салбар нь өчүүхэн төсөвтэй улс оронд сайн дурын цэрэгтэй байх нь учир дутагдалтай. Хагархай цонх, халцарч мөөгөнцөртсөн хана, туургатай, хоцрогдлын хоцрогдол болсон өнөөгийн цэрэгт хэн сайн дураараа очиж, шанаа авч, хуучинтай зууралдахыг хүсэх билээ.

АЛБАДЛАГА БОЛ БООЛЧЛОЛ

Монголд төр данхайсан хэр нь ямар ч асуудал шийдэгдэх нь байтугай улам дордож буйн шалтгаан албан татвар, албадлагын цэрэгтэй болчихлоо. Хүний эрхийг нэгт тавьдаг барууны ойлголтоор бол хувь хүний эрхийн эсрэг хамгийн ноцтой зөрчилд албан татвар, албадлагыг цэрэг тооцогдоно. Үүний балгаар хувь хүний бие махбодь, сонголт тэр чигтээ бусдын эрхэнд тодорхой хугацааны туршид/төр, түүний эрх мэдэлтнүүдийн гарт/ орох төдийгүй шаардлага гарвал амь насаа золих эрсдлийг гаргах болдог. Харин албан татварын гайгаар монголчуудын дийлэнх олонх нь ядуурсан төдийгүй төрийн эрх мэдэл улам бүр хүчирхэгжиж байна.

Өөрөөр хэлбэл, хүний амьдрал тэр чигтээ төрийн мэдлийнх болж байгаа учраас энэ бол нэг төрлийн боолчлол гэж либертаричууд үздэг. Нөгөө талдаа улс төр-эдийн засгийн үүднээс нь дүгнэвэл бүх нийтийг хамарсан цэргийн албан татлага нь төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх хэрэгсэл, дайн тулаан дэгдээх томхон боломжийг нээж өгдөг. Түүхээс харвал цэргийн алба нь ямагт тоталитари шинжтэй байсаар ирсэн. Наполеон, Бисмарк тэргүүтэй дарангуйлагчид иргэдээсээ шаардсаар ирсэн цэргийн албан татлагыг цаашид ЗХУ, Нацист Герман мэтийн улс орнууд үргэлжлүүлсээр ирсэн түүхтэй. Түрэмгийлэгч улс орнууд цаг ямагт цэргийн албан татлагад найддаг.

Энэ бүх үзүүлэлтээр нь аваад үзвэл Монголын батлан хамгаалах хүчин хойгуур жагсах нь лавтай төдийгүй төсөв нь алба хаагчдын цалинг тавихад л зарцуулагддаг. Адаглаад цэргийн хоол хүнс, хувцас хэрэглэлд өчүүхэн төсөв зарцуулдаг нь өнөөдрийн асуудал болоод байна.

МЭРГЭЖЛИЙН ЦЭРЭГТЭЙ БОЛОХ УУ?

Монголын энхийг сахиулагчид дэлхийн тэргүүн эгнээнд жагсч буй талаар бид хангалттай мэднэ. Гэхдээ үүнийг албадлагын цэрэгтэй эсвэл гэрээт цэрэгтэй андуурав. Энхийг сахиулахаар илгээдэг цэрэг эрс бол Монголын мэргэжлийн цэргүүд. Цалинтай, ажилтай, тусгай бэлтгэгдсэн, сайн дураараа амьдралаа энэ салбарт зориулж буй эрс. Бусад орнууд ч мэргэжлийн цэргийг албадлагын цэргээс илүүд үздэг. Амьдрал дээр ч батлагдсан. Тиймээс цэргийн алба хаахаас татгалзах эрхийг хүлээн зөвшөөрсөн улс орнуудын жагсаалтыг АНУ, Англи, Австрали, Бельги, Швейцарь, Франц, Нидерланд, Хорват тэргүүлж буй бол Чех, Үзбек зэрэг 40 гаруй улсын эгнээнд оржээ. Харин бидний дуурайх дуртай Орос цэргийн албан татлагаар залуусыг үхэл рүү нь илгээж буйг дэлхийгээрээ шүүмжилж байна. Үүнээс үүдэн өнгөрсөн жилээс эхлэн албадлагын цэрэгт татагдаж, амиа алдахаас сэргийлсэн Орос залуус олноороо Монголд орж ирсэнийг албан мэдээ гэхээсээ илүүтэй гудмаар алхахад л бид мэднэ. Эдгээр улс орнуудын арми дэлхийд дээгүүрт жагсдаг. Учир нь тэд мэргэжлийн цэрэгтэй төдийгүй батлан хамгаалах салбартаа их хэмжээний төсөв зарцуулж, иргэд нь түүнийх нь төлөө дуртайяа татвараа төлдөг. Харин манайх шиг албадлагын, ард хормойгоор урдахаа нөхсөн, цалингаас цааш төсөвгүй арми биднийг хамгаалж чадах уу? Тэр дундаа дэлхийн эхний тавд эрэмбэлэгдсэн армитай хоёр аварга амьтнаас… гээд бодоод үзвэл бодит байдал "үгүй" л гэх асуулт руу чиглэх болов уу. Тиймээс бидэнд албадлагын хуучны арми бус төсвийнхөө 10 орчим хувийг зарцуулдаг мэргэжлийн арми хэрэгтэй. Мэргэжлийн армийг бий болгохын тулд амьдралын баталгааг нь бий болгох нь чухал. Цалингаас эхлээд зарцуулах төсвөө нэмэх ёстой. Ингэж гэмээн бид энх цагт эгэл цэрэг эрсийнхээ амь нас, эрүүл мэнд, ирээдүйг хамгаалж чадна. Батлан хамгаалах салбар бидэнд ад үзэгдэх бус бахархал дүүрэн орших ёстой…

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж