“Дахиад нэг явъя” нэг, хоёр, гурав.. хэмээн удирдаач дохиход хар өнгийн хувцсаар жигдэрсэн хөгжимчид нэгэн зэрэг хөгжмөө тоглоно. Ард түмний сэтгэлд хоногшиж, "Илүү сартай зун" киноны хөгжим гэдгээр нь сайн мэдэх “Манан” аяз эгшиглэх аж. Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан суут бүтээлийн эзэн бол Хөдөлмөрийн баатар, Чингис хааны одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав. Түүний бүтээлүүдээс хамгийн олон тоглогдсон нь “Сэрсэн тал”. Өдгөө энэ бүтээл 39 жил монголчуудыг огшоож, Монголыг сэрээж байна.
Тиймээс “Сэрсэн тал" уран бүтээлийн 39 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоор үзэгч олны сонорыг мялаахаар Монголын үндэсний их найрал хөгжмийн уран бүтээлчид бэлтгэлээ базааж буй нь энэ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хүндэтгэлийн тоглолт энэ жилийн арваннэгдүгээр сарын 27-ны 19.00 цагаас Соёлын төв өргөөнд болох товтой. Уран бүтээлчдийн бэлтгэл ажил шувтарч, үзэгчидтэйгээ уулзахаар яарч байгаагаа хэлж байлаа.
Энэ удаагийн тоглолтод Үндэсний хөгжмийн их найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ мөн Гавьяат жүжигчин, ятгын хатан хаан гэгддэг Ч.Мөнх-Эрдэнэ, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбат, хийлч, Гавьяат жүжигчин Ч.Дэлгэрцэцэг, Гавьяат жүжигчин Ө.Уянга, Ш.Наранчимэг, Б.Гомбо-Очир, соёлын тэргүүний ажилтан О.Хүрэлбаатар, Б.Энхнаран, Э.Отгонбат нар оролцож, уран бүтээлээ хүргэх гэнэ.
Э.ОТГОНБАТ: Б.ШАРАВ АГСНЫ СҮҮЛД БИЧСЭН “ХӨГЖИМ БА НУЛИМС” РОМАНСЫГ ДУУЛНА
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дуучин Э.Отгонбатын хувьд хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит “Мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмчдийн олон улсын гуравдугаар уралдааны "Гран При" шагналыг хүртсэн уран бүтээлч. Тэрбээр “Миний хувьд “Сэрсэн тал-35” тоглолтоос хойш дөрөв дэх жилдээ оролцох гэж байна. Жил болгон ирэх жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг. Ерөнхийдөө энэ жилийн тоглолтын бэлтгэл жигдэрсэн.
Мэргэжлийн дуулаачдын Монголын хамгийн босго өндөртэй уралдаан бол Б.Шаравын нэрэмжит тэмцээн байдаг. Уран бүтээлчдээс өндөр түвшний ур чадварыг шаарддаг. Өөрийгөө дөрвөн жил бэлдэж байж энэ уралдаанд ордог" гэсэн юм.
Тэрбээр нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав амьдралынхаа сүүлийн мөчид бичсэн романс буюу “Хөгжим ба нулимс” бүтээлийг хүндэтгэлийн тоглолт дээр дуулах аж.
Б.ЧИНБАТ: ЯМАР Ч ТАЙЗАН ДЭЭР "МАНАН" БҮТЭЭЛИЙГ ТОГЛОМООР САНАГДДАГ
Тэртээ 1987 онд бүтээж байсан Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, "Чингис хаан" одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын "Илүү сартай зун” киноны хөгжим "Манан” аязыг 39 жилийн дараа анх удаа Монголын үндэсний их найралтай хамтран төгөлдөр хуурч, продюсер Б.Чинбат шинэчилсэн найруулгаар тоглох гэж байна.
ХХ зууны шилдэг хөгжим, тухайн үеийн сор бүтээлийн нэг гэгдэх киноны аяз болох "Манан” нь аливаа бэрхшээлийг даван туулах, сэтгэлийн хаттай байх тухай илэрхийлдэг. Магадгүй тэртээх 39 жилийн өмнөх аязын утга, мөн чанар өнөөдөр бидэнд хамгийн ихээр үгүйлэгдэж буй мэт.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбат “Юуны өмнө “Сэрсэн тал-39” хүндэтгэлийн тоглолтод оролцож байгаадаа маш их баяртай байна. Хөгжмийн зохиолч Б.Шарав агсан маань нэг удаа намайг гэртээ дуудсан юм. Тухайн үед бие нь харьцангуй сайн байсан. Тэгсэн надад “Илүү сартай зун” уран сайхны киноны “Манан” бүтээлийг тоглож өгөөд “Чи энэ бүтээлийг өөрөө найруулж, маш сайхнаар тоглооч” гэдэг хүсэлтийг тавьсан.
Ард түмний сэтгэлд хоногшсон уран бүтээлийг дахин шинээр найруулж, тоглоно гэдэг маш том хариуцлага.
Өмнө нь Гавьяат жүжигчин, “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай хамтран “Voice Mongoliа” шоуны тайзнаа анх удаа "Манан" бүтээлийг тоглож, маш гайхамшигтай мэдрэмжийг авсан. Ямар ч тайзан дээр гарсан энэ бүтээлийг тоглоод баймаар санагддаг" тухайгаа ярилаа.
Хэдийнэ бидний зүрх сэтгэлд хоногшсон энэ аялгууг төгөлдөр хуур, Үндэсний их найрал хөгжимтэй хослуулан эгшиглүүлэх хэсэг бол тоглолтын гол чимэг гэдгийг тодотгон хэлэх нь зүйтэй биз.
Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар “Сэрсэн тал” үндэсний найрал хөгжимд зориулсан удиртгал хөгжмийн 39 жилийн ой 2023 оны арваннэгдүгээр сарын 25-нд тохионо. Хөгжмийн зохиолч Б.Шарав агсны энэ бүтээл нь 2014 онд 30 дахь жилтэйгээ золгосон. Уг бүтээлийг Үндэсний найрал хөгжим 1984 оноос хойш 30 жил тоглосон учраас ойн баярын тоглолтыг тогтмол хийхээр болсон юм.
Цаашдаа жил бүр уламжлал болгон ойн баярын тоглолтоо хийж байя гэдэг санал тавьсны дагуу Үндэсний найрал хөгжмийн хамт олон, Үндэсний урлагийн их театрын захиргаа, уран сайхны зөвлөл хүлээж аваад, 2014 онд “Сэрсэн тал-30” хүндэтгэлийн тоглолтыг хийсэн" тухай дурслаа.
Өдгөө “Сэрсэн тал” хүндэтгэлийн тоглолтын зургаа дахь тоглолт нь болох гэж байна. Цар тахал болон бусад хүндэтгэх шалтгааны улмаас хэд хэдэн удаа уламжлалт тоглолт өнжсөн байдаг. Үндсэндээ, 30, 33, 35, 37, 38, 39 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг хийж, өнгөрсөн жилээс хөгжмийн зохиолч Б.Шаравын романсын төрлүүдээс болон “Чингис хаан” дуурийн ариг оруулсан гэдгийг уран бүтээлчид онцолж байв.
Удирдаач Н.Буянбаатар "Хүндэтгэлийн тоглолтод хөгжмийн зохиолчийн үндэсний хөгжимд зориулсан концертууд, найрал хөгжимд зориулсан удиртгалууд, мэргэжлийн дуулаачдад зориулсан дуу, романс, ари багтана. Энэ тоглолтод Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучид ая дуугаа өргөнө. Бид энэ удаад хөгжмийн зохиолч Б.Шаравын хөгжмийн бүтээлүүдийг өөрийн стиль, төрөл жанраар хүргэсэн уран бүтээлчдийг урьж, оролцуулж байгаа.
Жишээлбэл, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Манан” бүтээлийг төгөлдөр хуурч Б.Чинбат гитарчин Д.Отгонбаяртай телевизийн шоуны тайзнаа анх удаа олон түмэнд хүргэсэн. Чинбаа маань Үндэсний найрал хөгжимтэй олон жил хамтран ажиллаж байгаа ч энэ удаа төгөлдөр хуур хөгжимтэй үндэсний оркестртойгоо тоглох гэж байгаагаараа онцлог" гэдгийг тодотголоо.
Мөн тэрбээр "Энэ жил “Чингис хаан” дуурийн Хадааны ариг оруулж ирж байгаа. Яваандаа Б.Шарав багшийн “Чингис хаан” дуурийн аринуудыг бүгдийг нь оруулж, дөрвөн жилийн дараа Үндэсний урлагийн их театр шинэ байранд орчих байх гэж найдаж байна. Тэр цаг үед “Чингис хаан” дуурийг бүтнээр нь тоглох төлөвлөгөөтэй байгаа. Үндэснийхээ томоохон хөгжмийн зохиолчийн бүтээлийг Үндэсний урлагийн театрын уран бүтээлчид, театр нь тоглож байх ёстой" гэдгийг хэлсэн юм.
Гэрэл зургийг Ч.Дарханбаяр
Холбоотой мэдээ