Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаа билээ. Уг хуулийн төсөлтэй хамт такси үйлчилгээг зохицуулах, бүртгэх тухай дагалдах хуулийн төслүүдийг оруулж ирсэн. Ингэхдээ такси үйлчилгээг зөвшөөрөлтэй ААН явуулах, нэг өнгийн тээврийн хэрэгслээр үйлчлэх, зөвшөөрөлгүй иргэн такси үйлчилгээнд явбал таван сая төгрөгөөр торгох зэрэг хатуу заалтууд оруулж байгааг такси үйлчилгээ эрхлэгчид эргүүцэж, дуу хоолойгоо эрх баригчдад хүргэх "1000 таски жолооч" чуулга уулзалтыг өчигдөр /2023.11.21/ зохион байгуулжээ.
Чуулга уулзалтыг иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон, хамгийн олон бүртгэлтэй “таксичид”-тай "Юбикаб" компаниас зохион байгуулав.
"UBCab" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.ОТГОНБАЯР:
-Сүүлийн үед манай улстөрчид, шийдвэр гаргагчдын амнаас такси үйлчилгээг бүртгэлжүүлнэ гэх үг гарах болсон. Бид нар өнгөрсөн хугацаанд юу хийж ирснээ энэ хүмүүст ойлгуулаагүй юм болов уу. Такси үйлчилгээ явуулахад зөвхөн нэг өнгийн такси байх ёстой гэдэг чинь Улаанбаатарт өмнө нь байсан шийдэл шүү дээ. Сити, Улаанбаатар такси гэж байсан. Яагаад тэр газрууд байхгүй болсон юм. Тухайн таксины жолооч хуримтлал үүсгэж таксинд явах машинаа худалдан авч байгаа шүү дээ.
Тэгвэл нэг өнгөтэй болговол тэр машин нь зарагдах уу, үгүй. Нэг өнгийн такситай байхын сул тал нь энэ. Тэгээд ч дэлхий дээр нэг өнгийн такситай улс хотууд байхгүй болж эхэлж байна.
Нэгэнт ардчилсан улс мөн юм бол бүртгэлжүүлэх, тусгай зөвшөөрөлтэй болгох хуульд жолоочид эрх ашгаа хамгаалж, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй учраас өнөөдрийн 1000 жолоочийн чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Бүртгэлжүүлэх нь мэдээж UBCab-д ашигтай. UBCab машин лизингийн үйлчилгээтэй, машин оруулж ирдэг. Бид тэр үйл ажиллагаагаа өргөжүүлээд явна л гэсэн үг. Гэхдээ өчигдөр приус машин зээлээр авсан залуу яах юм. Хууль тогтоосноо зөв талдаа рультай "Sonata" авч байж л таксинд яв гэдэг зөв зүйл биш байх. Бид бизнес хийж байгаа ч гэсэн зөвхөн өөрсдийн эрх ашгаа харахгүй. Бидний хамтрагч жолооч нарын асуудал хөндөгдөж байна шүү дээ.
UBCab-д явж байгаа 40 мянган жолооч байна. Эдгээрээс зөвхөн өглөөнөөс орой хүртэл таксинд явдаг нь хэд байгаа вэ. Ямар ч байсан шийдвэр гаргагчид “Авто тээврийн тухай” хуулиа эргэн хараасай.
Заавал 5000 машин оруулж ирж, шинээр такси бааз байгуулах юм бол дахиад л түгжирнэ. Үүнээс илүү өдөр бүр таксинд явж байгаа хүмүүсээ бүртгэлжүүлж болдоггүй юм уу. Энэ санал дээр байр сууриа нэгтгэх зорилгоор өнөөдрийн чуулга уулзалтыг зохион байгуулж байна гэлээ.
Таксины жолооч Н "Миний хувьд таксинуудыг нэг өнгөтэй болгох хуулийн зохицуулалтыг эсэргүүцэж байна. Өрх толгойлсон эмэгтэй хүний хувьд хоёр охиноо унтуулчихаад шөнөжин таксинд явдаг. Сарын зээл маань сая гаруй мянган төгрөг. Хоёр гарч, хоёр амардаг ажил хийдэг ч цалин нийгмийн даатгалаа суутгаад зээлээ төлөөд яг таардаг. Хоёр хүүхдээ тэжээх, амьдралаа залгуулахад мөнгө хэрэгтэй учраас боломжит цагаараа таксинд явах шаардлага гардаг" гэв.
Таксины жолооч Б "Би Х.Нямбаатар болон Д.Сумъяабазарын жолооч хийж явахдаа сардаа хоёр сая төгрөг авч үзээгүй. Харин UBCab надад боломж олгож байгаа. Магадгүй эрх баригчид Хятадаас цахилгаан машин оруулж ирээд бид нарт зарах гээд байгаа байх. Эсхүл Солонгосоос хугацаа нь дууссан, худлаа он шивсэн машин оруулж ирж биднийг дарамтлах гээд байна гэж харж байна гэлээ.
Холбоотой мэдээ