1.Сошиалд баахан хүний чарлалдахыг харахаар шийдлээ. Тэгж гарчгаа сонгож авлаа. Путин Украиныг ялчихаад, дараа нь АНУ ба «Өрнөд»-ийг ялаад, Орост СССР-ээ эргэж байгуулаад, дараа нь Монголд капитализмыг үүрд булшилна, баян ядуугийн ялгааг үүрд устгана гэж итгэгчдэд зориулсан өгүүлэл маань Танд очлоо!
2.Орос-Украины дайн; Израиль-ХАМАС-ын дайн; Европын Холбоо, НАТО-гоос ОХУ-тай харилцаагаа дээд цэгт нь тултал нь хурцатгаад байгаа; дэлхийн хүнсний ба дүрвэгсдийн хямрал; Хятад-Америкийн харилцааны зөрчил ба мөргөлдөх эрсдэл гээд томоор авч яримгүй байна.
3.Мэдлэгийн эрин зуун руу зөвхөн «Өрнөд» хошуучилна гэсэн итгэл үнэмшлээсээ би огтоос ухрахгүй ба цаашид улам нотлох болно!
4.Энэ сэдвийг хөндөхгүй байж түвдсэнгүй. «Өрнөд»-ийг яагаад заавал буруушааж, муутгаж, үзэн ядах ёстой вэ–Хариулт нь: Ердөө Таны арчаагүй атаархал чинь байж байгаа нь тэр! Бэртэгчин хөгийн амьдралдaa бачимдаад уур уцаараа «Өрнөд»-ийнхөн рүү гаргаж байгаа царай чинь тэр!
АНУ ба «Өрнөд» рүү дайсагнан харьцах нь «Өрнөд биш ертөнц»-ийн нэг ёсны феномена болсон энэ цаг үед МОНГОЛ ХҮН, МОНГОЛЧУУД заавал хэн нэгнийг буруутан болгож, хэн нэгний талд зогсох ёстой гэж үзэж байгаа бол миний энд бичсэнтэй эвлэрэх үү гэж хэргээр ам асууж байгаад толилуулъя.
Үндсэн сэдэв. XXI зуун бол хүн төрөлхтөн хөгжил дэвшилдээ ид жигдэрч яваа үе юм. Сайны хажуугаар саар гэгчээр коронавирүс дэлхий дахиныг сулрууж, хямруулсан, эцэст нь дүр төрхийг нь өөрчлөх магадлалтай болсон. Ямар ч атугай тоглоомын дүрэмд өөрчлөлт оруулсан. Залгаад геополитикийн ноцтой мөргөлдөөнүүд дэгдсэн. Одоо яг тэр цаг үе нь. Тоглоомын дүрэм дахиад өөрчлөгдөнө, тэгэхдээ «Өрнөдийнхөн»-д ашигтайгаар.
Хөгжил ба амьдралын стандартын ялгаа тив, бүс нутаг, улс орнуудаар авч яривал сүхээр цавчсан мэт хуваагдаад байна, энэ цаг үед. Улс орны дотоодод хүртэл социал ялгарал доозоо хэтрүүлсэн, ялангуяа хөгжиж буй ертөнцөд, Монгол түүний бодит тусгал нь.
Ядуу дорой явагсдын өнийн гомдол (хөгжиж буй ихэнхи улс оронд) ба ял зэмлэл нь төр–засаг, улс төр рүү гэхээсээ, төр засгийг араас нь “шордогч” барууныхан руу чиглэнэ. “Хамаг муу муухай юмны буруутан нь янкууд!”, “Янкуудаас л болж бид зовлоо!”–хөгжиж буй лалын, арабын, ираны, хойд солонгосын зовогчдын гаслан нь энэ л дээ. Жүүд нарыг, Израиль Улсыг үзэн ядагчид үнэн хэрэгтээ Израилийн хөгжил дэвшил, технологи, эрх чөлөөт ардчилсан нийгэмд нь өсөрхдөг. Өөрсдийнх нь хүрээгүй өндөрлөгт хүрчихсэн, тэр өндөрлөгөөс нь буулгаж хэзээ ч чадахгүй. Хөгжлийн өсөрхөл гэж нэрлэж болно.
Америк ба Баруун Европ гэж дээрэмдэж ханахгүй, алж талж ханахгүй аюулт дайсны тухай хий сүүдэр амь бөхтэй. Хөгжлийн өсөрхөл нь тийм шалтагтай. Монголд яг зэрэглээтэн харагдаад, ядарч яваа, бүдэрч яваа зуу зуун, мянга мянган хүний амны бай болчихсон.
Энгийн зураглал. Улаан арьстаны диваажин байсныг европын өлөн нүдтэнгүүд очоод орвонгоор нь эргүүлээд хаячихсан, Ази, Африк, Араб ертөнцийн хамаг сайн сайхныг Америк ба Баруун Европ колоничолж дээрэмдэж аваад баяжаад жаргачихсан, лалын жихад–ХАМАС нь чухам түүнийх нь төлөө шударга тэмцэлд боссон нь зөв гэсэн ойлголттой бүр монгол хүмүүс байдагт нь миний сэтгэл эмзэглэдэг.
Сэтгэл эмзэглэлээ гээд хоосон хэрүүл дэгдээх гээгүй, байгаа бодитой баримт сэлтийг эргэж сануулах нь зөв юм. Америкийг нээсэн европчууд, дэлхийд колонийн дэглэм тогтоосон европчууд чинь ямагт зэрлэг дээрэнгүй явсан юм биш ээ. Түүх бичлэг нь дэндүү сайн бичигдээд хадгалагдаад үлдчихсэн учраас л харин бид тэдэн рүү өлөн нүдлээд байгаа юм.
Европ хүн сэтгэн бодох, бүтээх туурвих их авьяастай явсан, тиймдээ ч анхдагч нь тэд байсан, иновац гэж яриад байдаг бол чухам түүний чинь эцэг нь европчууд юм. Шинжлэх ухааны тэсрэлтийг тэд л хийсэн.
Наад захын жишээ. Дунд сургуулийн физикийн хичээл үзсэн, тэгээд одоо цахилгаан эрчим хүч хэрэглэдэг, ампер, вольт, ватт гээд ярьдаг бол түүнийг чинь европын Андре Мари Ампер, Александр Вольт, Жеймс Ватт нар бүтээсэн юм аа. Өөр хар шар, өнгөт арьстан бүтээгээгүй юм. Эднээс түрүүлээд хийж хэвтэхгүй юугаа хийж суусан юм бол?
Андре Ампер нь цахилгаан соронзонг анх нээж, түүгээрээ цахилгаан динамикийг үндэслэгч хэмээн түүхэнд үлдэж, эдүгээ гүйдлийн нэгж болох “ампер” нь түүний нэрээр нэрлэгдэн, тэр нь цахилгаан гүйдлийн хүчийг хэмждэг олон улсын нэгжийн системийн үндсэн нэгж болжээ. 1791 онд Александр Вольт хоёр өөр металл ба давсны уусмал бүхий хэлхээгээр цахилгаан гүйдэл гүйлгэж, 1799 онд “Вольтын давхраа” гэх анхны батарейг бүтээжээ. “Амьд биеийн цахилгаан”-ыг итали Луй Гальвани 1780 онд нээж, анхны цахилгаан хөдөлгүүрийг 1821 онд Фарадей, электроныг 1897 онд физикч Жозеф Жон Томсон нээсэн, 1866 оны үед франц инженер Жорже Леланже хуурай зай зохиосон, цахилгаан соронзонг Христиан Эрстэд 1820 онд нээсний дараа европ эрдэмтэд хэлхээнд гүйдэл үүсгэх арга замыг хөгжүүлсээр цахилгаан генератор буй болгосон гээд жагсаалт гаргаж болно. Тэгвэл Александр Флеминг гэж англи хүн микробны эрлэг эм болох пенициллин бүтээж, францын Шарль Фредерик Жерар 1853 онд аспириныг синтезийн аргаар гаргаж авсан, германы физикч Вильгельм Конрад Рентген 1895 онд электрон оптикоо нээж, хожим 1901 онд энэ нээлтээрээ физикийн салбар дахь анхны Нобелийн шагнал хүртжээ.
Рентгенд дурандуулдаггүй орчин үеийн хүн нэгээхэн ч үгүй. Тэгвэл энэ бүхнийг араб, африк, мусульман, индиан, энэтхэг, хятад, монгол, япон хүн сэдэж олоогүй ба ийм бүтээл туурвихдаа европын дээрхи эрдэмтэд дээрэм тонуул, колоничлолын ямар ч арга хэрэглээгүй юм билээ.
Америкийн империалист нэг харгис нөхөр төрийн толгойд хэсэг суужээ. Түүний нэр нь Бенжамен Франклин. Харин түүнийг тодорхойлъё гэвэл тэрээр цүнх дүүрэн мэргэжлийн үнэмлэхтэй, тэр бол шинжлэх ухааны эрдэмтэн, хэвлэгч, зохиолч, нийтлэлч, дипломатч, номын санч, шинийг санаачлагч, өглөгч, Америкийн хувьсгалын удирдагчдын нэг гээд гарч өгнө. Франклин шинжлэх ухаанд олон шинэ зүйл өвлүүлсэн төдийгүй физикт зарим нэгэн нэр томьёо тухайбал нэмэх ба хасах цэнэг, туршилтын явцад “батарей”, “цэнэг”, “багтаамж” “дамжуулагч”–ийг техникийн дэвшилд оруулсан байдаг юмсанж.
Бенжамен Франклины энэ үйлсийг тэр үеийн хар, шар, бор, өнгөт, буддист, мусульман, бөө шүтлэгт үндэстэн ястнууд булааж аваад түрүүлээд хийчихээгүй л юм. Зам нь нээлттэй байсан уу гэвэл байсан.
XIX зуунаа орхиод ХХ зуун руу ороод үз. Эхэн үеийн цахим компьютер, микрочип бол бас л нөгөө муу нэртэн барууныхны оюуны бүтээл байв. Хамгийн анхны олон талын зориулалттай цахим компьютер нь 1946 онд бүтээгдсэн ENIAC (Electronic Numerical Integrator аnd Computer) юм. Энэ компьютерыг АНУ-ын армийн хэрэгцээнд баллистик тооцоо бодохын тулд бүтээжээ. Түүний жин нь 27 тонн бөгөөд бүхэл бүтэн тасалгааг эзэлж байлаа, 1946 онд шүү дээ.
Европын эрдэмтдийн бүтээсэн эгэл бөөмийг гэрлээс илүү хурдан дамжуулах хурдасгуур хоолой гэх тодорхой том төсөл байна. Эдүгээ судалгаа шинжилгээ–туршилт–зохион бүтээх үйл ажиллагаа–үйлдвэрлэл–борлуулалт–үйлдвэрлэлийг дэмжих үйлчилгээг цогцоор нь нэгтгэсэн цоо шинэ технологийг европчууд бүтээчихлээ. Түүнийгээ бүтээгчид нь метатехнологи гэж нэрлэжээ.
1979 онд метатехнологи гэх тэр нэр томъёо Шведээс цууриатаж, ийм технологиор XXI зуун урагшлан хөгжих тухай зөгнөлт бүтээл хэвлэгдэж түүнд нь шинжлэх ухаанч иргэншил (Scientific Civilization) гэх төсөөлөл анхлан түгсэн байдаг. Технологийг бүтээх технологи; технологийг хөгжүүлэх технологи; технологийг нэвтрүүлэх технологи буюу дээд эрэмбийн тэр л технологи дэлхий дээрхи иргэншил, соёлуудыг давж гарна, шинжлэх ухаанч шал өмнөө иргэншлийг хүн төрөлхтөнд авчирна хэмээн Шведэд цугларсан эрдэмтэд шуугиж байв. Шинжлэх ухаан–технологийн хөгжлийн их хурд нь яван явсаар технологийг өөрийг нь бүтээдэг цоо шинэ технологийн эрин үедээ очих юм байна л даа.
За ийм л байна. Хөгжлийн түлхүүрийг Таны үзэн яддаг барууныхан атгачихаж. Хойд Солонгосыг эс тооцвол хүн төрөлхтөн мэдээллийн нэг орон зайд зэрэгцэн оршиж байна. Мэдээллээс бүхнийг олж нээх бололцоотой. Харин тэрхүү мэдээллийн орон зайг бүтээгч, сэдэгч, хөгжүүлэгчид нь Баруун юм байна. Яах ч арга алга.
Хараасаар байгаад ялагдуулчихдаг бол коммунизмын 70 жил, түүний дараахи 30 жил, нийт 100 жил тэднийг хараажээ. Одоо ч харааж байна. Нөгөөдүүл нь сөнөж өгдөггүй, улам бэхжээд байдаг гачлантай. Энэхэн цаг үед ах нар маань «Өрнөд»-ийн эсрэг хараалыг оройлж байна. “АНУ байгаа учраас гай зовлон мөнхөд” гэж ярих нь ОХУ-д төрийн үзэл суртлын хэмжээнд очиж цэцэглэхийн наагуур. Иймэрхүү яриа ХАМАС-ын террор, ХАМАС-ын ялагдлын өнгөн дээр лалын ба Арабын ертөнцөд түглээ. Латин Америк, Африк, Өмнөд Ази, Зүүн өмнөд Ази, ер нь явсан газар болгондоо иймэрхүү яриатай бид тааралддаг даа. Тэр сонин биш.
Харин энд нэг асуултад хариулт таалгая. Яагаад, яагаад сая сая оросууд барууны орнууд руу зугтахыг хүснэв, яагаад Оростоо эргэж ирэхгүй байнав. Баруун ба АНУ-д аж төрдөг монголчуудад ч хамаатай асуулт. Тэнд нь хэд дахин илүү сайхан амьдрал, орчин, нөхцөл байгаа болоод л тийшээ шүлэнгтээд байдаг юм биш үү? Оросын нийгмийг хэрсэн авилга, архидалт, хулгай, залилан, ер нь байхгүй муу зүйл алга. Ираны ба Хойд Солонгосын дэглэм нурахад л маргааш нь яг тийм болно.
Мунхаг харанхуй, зөрүүд гөжүүд монголчууд минь! Aрдчилал, эрх чөлөөг чинь гарт чинь атгуулчихлаа, гэтэл хатуу ширүүн хувь заяанд нэрвэгдэж хоосорсон өчүүхэн амьтад болж хувирах гэж? Амьдрал чинь бүтэхгүй дэлбэрч үхчих гээд байгаа бол эрдэм мэдлэг, оюун ухаан, шинэ технологи, нэг үгээр барууны хөгжлийн туршлага руу хуйлрагтун! Өөр зам алга!
Таны бүтэлгүй амьдралын буруутан чухамдаа «Өрнөд» биш шүү! Буруутныг хайгаад байгаа бол хамгийн том буруутан нь Та өөрөө, Таны үр хүүхэд, Та амьдралын төрх чинь. Энэ нийтлэлийг бичсэн би Таны өмнө буруутан биш. Тэгэхдээ буруутан гэж үзэж байгаа бол зөвхөн над руу хараалаа урсгагтун!
Үргэлжлэл бий.
Ахмад дипломатч, судлаач-профессор Дашдоржийн Баярхүү
Холбоотой мэдээ