Хулгайг боомилохоос илүү “хулгайчийг бариа” гэж бархирах…

Хуучирсан мэдээ: 2023.11.22-нд нийтлэгдсэн

Хулгайг боомилохоос илүү “хулгайчийг бариа” гэж бархирах…

Хулгайг боомилохоос илүү “хулгайчийг бариа” гэж бархирах…

Бид үндсэндээ хулгай л ярьсаар иржээ. Ярьдаг боллоо. Ярьсаар байх нь, цаашдаа.

Хулгай хийснийг нь мэдсээр байж, өөршөөх, тохирох, зохицох, хялбаршуулах замаар хулгайчдыг өөгшүүлж байна. Ер нь тогтолцоо нь тийм. Хулгайн эсрэг хуулийн зохицуулалтыг багадуулж, яг ижилхэн хэрэг үйлдсэн хоёр хүнд харилцан адилгүй шийтгэл оногдуулж ирсэн. Тэрбумаар хулгайлаад хэдэн сая төгрөгөөр торгоод явуулдаг нэгэн байхад сая төгрөг хулгайлаад тэрбумын төлбөрт унадаг нөгөө нь байна. Улстөрчид нэгнийгээ барьцаалах бүхэл бүтэн арга технологи нэвтрүүлчихсэн.

Тиймээс хэн ч авлигагүй орчин бий болгох, хулгайг үндсээр нь таслан зогсоох гарц шийдэл эрэлхийлж ярьдаггүй. Ярихыг хүсдэггүй. Наад зах нь хулгай хийх боломжийг хуулиар нээгээд өгчихдөг.

Эрх баригч МАН-ын үнэмлэхгүй олонхийг бүрдүүлж буй УИХ 2016 оноос хойш Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль (Тендерийн хууль)-д 20 удаа өөрчлөлт оруулжээ.

Ингэхдээ зөвхөн 2022 онд таван удаагийн өөрчлөлт хийсэн. Энэ хугацаанд Covid-19 цар тахлын төсөв, Хөгжлийн банк, нүүрс, автобусны зэрэг зууны луйвар хулгай гарсан гэхээр Тендерийн хуулийн хийдэл цоорхойг зассан бус харин ч хулгайлах боломжоо олшруулсан байгаа юм.

Тэгвэл 2007 оноос хойш Тендерийн хуульд нийт 36 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэ болгонд хулгай явагдсан. Ямар ч сонгон шалгаруулалтгүй төсвийн мөнгө зарцуулах эрхийг хэн нэгэн даргад шууд олгож ирэв. Хамгийн сүүлд илэрсэн хэрэг нь “Ногоон” автобусны хулгай бөгөөд Тагнуулын ерөнхий газар гэдэг ганцхан субъект нэг марзан тайлбар хийж өгснөөр Тендерийн хуулийн зүйл заалтууд үйлчлэлгүй болгосон. Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, улсын нууцад оруулсан гэдэг үндэслэлүүдээр Тендерийн хуулиар шууд худалдан авах эрх бий болгодог.

Тендерийн хуулийн 3.4-т “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасан.

Ердөө ганцхан энэ заалтаар олон их наядын дүнтэй хулгайг халхавчлав. Тэгэхээр энэ заалт өөрөө асар том хулгайн сүлжээг бий болгож байна. Үүнийг Тагнуулын байгууллагын зөвлөмжөөр хийсэн гэдгээ нийслэл Улаанбаатар хотын экс удирдлагууд мэдэгдчихсэн.

Нэгэнт Тагнуулын байгууллага улсын нууцаар хамгаалах тайлбар бичээд өгчихсөн байхад, түүнийх нь араас Авлигатай тэмцэх газар /АТГ/ хэрэг үүсгэж шалгана гэдэг бүтэшгүй зүйл болж хувирдаг. Тэр нь хуулийнхан хэрэгт үзэмжээрээ хандах боломж олгоод байна. Жишээлбэл, АТГ “ногоон” автобусны хулгайгаар түгжрэлийн сайд Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татсан гэж мэдэгдэл хийх далимаараа яг худалдан авалтыг хариуцсан хотын дарга асан Д.Сумъяабазарыг шалгаагүй гэж дуулгав.

Нэг л их цээжээ түмбийлгэсэн сайд дарга нар гарч ирэн, сүртэй мэдэгдэл хийхээс илүүтэй хулгай хийх боломжийг хуулиар хориглох нь чухал байна. "Хулайчийг бариарай" хэмээн бархиран гарыг нь үнсээгүй нэгнийг намнах…  Эцэстээ авлига, албан тушаалын хэрэг шагналын маягтай болж хувирсан. Хамгийн сүүлд нүүрсний ордын “Багануур”, Салхитын мөнгөний ордыг эзэмшигч “Эрдэнэс силвер ресурс” компанийн удирдлагууд тэрбумаар тоологдох авлига авсан нь тогтоогдсон байхад тус бүрийг нь 20 гаруй сая төгрөгөөр торгож, хэргийг хаав.

Гэтэл нөгөө шударга дарга нар үүнийг зүв зүгээр хараад сууж байсан. Энэ бол эс үйлдэхүүн асуудал.

Энэ бүгдээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, мөн УИХ дахь эрх баригчдын бүдүүн бүлэг үнэхээр хулгайтай чин хүсэл тэмүүллээр тэмцэж байна уу гэдэг асуулт гарч ирнэ. Тэд Тендерийн хуулийн цоорхойг өөрчлөлт хийх замаар нөхөхгүйгээр хулгайтай тэмцэж чадахгүй. Үүнийг ам, ажлын зөрүү гэдэг. Хэрвээ ам, ажил хоёр нь зөрж байгаа бол түүнийг “Бэлэн ам, шалдан гуя” гээд тодорхойлчиход гэмгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж