АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын хоёр талын уулзалт өнгөрсөн долоо хоногт болсон. Тус уулзалтын дараа Ши Жиньпин АНУ-Хятадын харилцааг "дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа" хэмээн нэрлэсэн. Тэгвэл энэ уулзалтын үр дүнг хэрхэн харж байгаа, энэ нь дэлхийн нийгэм, эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар олон улс судлаач, Шинжлэх ухааны доктор, профессор Д.Уламбаяртай ярилцллаа.
-Хятадын удирдагч Ши Жиньпин АНУ-д айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч Байдентай уулзсан. Энэхүү айлчлалыг үр дүнг та юу гэж харж байна?
-Хятад, Америкийн дээд түвшний энэ удаагийн уулзалтын талаар ярихын өмнө АПЕК-ийн талаар зарим нэг зүйлийг тодруулахыг хүсч байна. 1989 онд үндэс суурь нь тавигдсан Ази-Номхон далай эдийн засгийн хамтын ажиллагаа буюу АПЕК хэмээх энэхүү эдийн засгийн интеграцийн үйл явцын дээд түвшний уулзалтыг 1993 онд тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтоны санаачилгаар Сиэтл хотноо амжилттай зохион байгуулснаас хойш энэ жил 30 жилийн ой нь тохиож байна.
21 гишүүн эдийн засгийг эгнээндээ нэгтгэсэн АПЕК Дональд Трампын үеэс ач холбогдол нь мэдэгдэхүйц буурсан.
2018 онд Папуа Шинэ Гвинейд зохион байгуулагдсан дээд уулзалтад АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс оролцож байв. 2019 онд Чилийн нийслэл Сантьяго хотно болох байсан уулзалт дотоодын жагсаал цуглааны улмаас цуцлагдаж, 2020, 2021 оны Малайз, Шинэ Зеландад зохион байгуулагдах дээд түвшний уулзалтууд Covid-19 цар тахлын улмаас виртуал болж, 2022 оны Бангкокийн уулзалтад АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, ОХУ-Украины дайнтай холбоотойгоор ерөнхий сайдын орлогчийн түвшинд оролцож байсан.
Жилийн өмнө Индонезийн Бали аралд зохиогдсон Их 20-ийн уулзалтад Ши Жиньпин, Жо Байден хоёр анх удаа нүүр тулж уулзсан. Өнгөрсөн есдүгээр сард Нью-Дели хотноо зохиогдсон Их 20-ийн уулзалтад Ши Жиньпин оролцоогүйгээс хоёр улсын удирдагчид уулзаж чадаагүй. Энэ удаагийн уулзалт нь Ши Жиньпиний АНУ-д хийж буй албан ёсны, эсвэл ажлын айлчлал биш юм.
Харин Сан-Франциско хотноо “Бүх нийтийн тэсвэртэй, тогтвортой ирээдүйг цогцлоон байгуулахуй” уриан дор зохион байгуулагдах АПЕК-ийн дээд түвшний уулзалтад оролцох арга хэмжээний хүрээнд Калифорнийн Вүүдсайд дахь Филоли эдлэнд Хятад, Америкийн удирдагчдын дээд түвшний хоёрдахь удаагийн уулзалт зохион байгуулагдаж дөрвөн цаг орчим үргэлжилсэн.
Уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд хандаж “Хоёр улс амжилтад хүрэхэд дэлхий хангалттай том” гэж хэлсэн. Өнгөрсөн долдугаар сард АНУ-ын Сангийн сайд хатагтай Жанет Йеллен Бээжинд хийсэн айлчлалынхаа үеэр Хятадын Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэнтэй уулзах үеэрээ “АНУ, БНХАУ зэрэгцэн хөгжихөд дэлхий ертөнц хангалттай том” уг нь гэж хэлж байсан юм л даа.
Хятадын удирдагч дараа нь “Хятад, АНУ-ын харилцаа хэзээ ч саадгүй байгаагүй, гэхдээ урагшилсаар байна. Ийм хэмжээний хоёр улсын хувьд бие биеэсээ нүүр буруулах нь байж боломгүй сонголт юм. Нэг тал нөгөөдөө яаж өөрчлөгдөхийг заах нь бодитой бус, мөргөлдөөн, сөргөлдөөн аль аль талдаа тэвчих аргагүй үр дагавартай” гэж хэлжээ. Уулзалтын гол үр дүн хэд хэдэн голлох чиглэлд төвлөрч байгаа болов уу. Үүнд, Жо Байден, Ши Жиньпин нар өнгөрсөн оны зун АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосийн Тайваньд хийсэн айлчлалын дараа тасраад байсан хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа холбооны шугамыг сэргээхээр тохиролцсон нь уулзалтын хамгийн гол үр дүн болж байна.
Ингэснээр талууд санамсаргүй байдлаас мөргөлдөөнд хүрч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой боллоо.
Түүнчлэн Пентагоны тэргүүн Ллойд Остин энэ тохиролцооны дагуу Хятадын Батлан хамгаалахын шинэ сайд томилогдмогц уулзахаар тохиролцлоо. Үүнээс гадна хоёр удирдагчид харилцуураа шууд авч ярих боломжтой харилцаа холбооны шугамыг нээхээр болсон.
Өөр нэг чухал асуудал нь өвчин намдаагч фентанилын тухайд Хятадаас АНУ руу чиглэсэн нийлүүлэлтийг зогсоохоор болсон байна. Фентанилын хууль бус хэрэглээ, донтолт, тунг хэтрүүлснээс үүдэлтэй өвчин эмгэг, нас баралт АНУ-д гамшгийн хэмжээнд хүрээд байгаа. Мөн хиймэл оюун ухааны технологийн эрсдэлийн талаар хоёр талын өндөр түвшний мэргэжилтнүүдийн уулзалт зохион байгуулахаар тохиролцсон байна. Мэдээж Тайванийн статусын асуудлаарх санал зөрөлдөөн хэвээр үлдсэн.
АНУ “Нэг Хятадын бодлого” баримтлах ч Тайванийн одоогийн статусыг хэвээр хадгалах байр сууриа илэрхийлж, Тайванийн сонгуулийн үйл ажиллагааг хүндэтгэхийг уриалж байх шиг байна лээ.
Мөн ардчилал, геополитик, газар нутгийн маргаантай асуудлууд хэвээр үлдсэн. Гэхдээ үл ойлголцол гаргахгүйн тулд нүүр тулан уулзаж, илэн далангүй ярилцсан нь чухал ач холбогдолтой болсон гэж хоёр тал уулзалтын ач холбогдлыг дүгнэсэн.
Хятад олон арван жил хөгжиж буй орны статустайгаар АНУ-ын зах зээлд хөнгөлөлттэй тарифын нөхцөлөөр худалдаа хийж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Хятадын бараа бүтээгдэхүүн АНУ-ын зээл зээлд хөнгөлөлтэй тарифаар, америк бараа бүтээгдэхүүн Хятадын зах зээлд өндөр тарифаар нэвтэрч олон жил явж ирснээс үүдэлтэй худалдааны алдагдал юм. Тиймээс Хятадын хөгжиж буй орны статусыг цуцалж тарифыг ижил нөхцөлтэй болгох шаардлагаас үүссэн худалдааны эдүгээ харьцангуй намдаж буй боловч технологийн дайн үргэлжилж байна.
2022 онд Хятадын гадаад худалдааны нийт эргэлт 6,3 их наяд ам.доллар, үүнээс Хятад-АНУ-ын худалдааны эргэлт 877.6 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа нь Орос, Хятадын худалдаанаас даруй 4,5 дахин том байна гэсэн үг юм.
МОНГОЛ УЛСЫН АПЕК-Т ЭЛСЭХ ӨРГӨДЛИЙГ ҮНДСЭНДЭЭ 30 ГАРУЙ ЖИЛ ТҮДГЭЛЗСЭН
-Эдийн засгаараа дэлхийн нэг, хоёрдугаарт бичигддэг их гүрнүүдийн харилцаа сайжрах хандлага ажиглагдав уу?
-Ямар ч байсан худалдаа-эдийн засгийн салбарт эерэг үр дүн гарсан. Цэргийн салбарын харилцан итгэлцлийг урагшлуулахад зохих үр дүн гарсан.
-Байден, Ши Жиньпин нарын уулзалтаас дэлхий нийт ямар нэгэн ахиц дэвшил эсвэл бодлогын эрс өөрчлөлт гарна гэж хүлээх хэрэггүйг Цагаан ордноос мэдэгдсэн. Гэхдээ олон улс судлаачдын хувьд тус уулзалтыг хэр нөлөөтэй болсон гэж та бодож байна?
-Эрс өөрчлөлт гарна гэдэг урт удаан хугацааны яриа хэлэлцээ, итгэлцэл, геополитикийн хүчин зүйл нөлөөлөх нь тодорхой. Жо Байден, Ши Жиньпин нарын уулзалтын үр дүнгээс гадна, АПЕК-ийн дээд түвшний уулзалтаас “Golden Gate” хэмээх Калифорнийн алдарт гүүрийн нэрээр нэрлэгдсэн АПЕК-ийн удирдагчдын Тунхаглалыг батлан гаргалаа.
Дурдсан тунхаглалд Ази, Номхон далайн бүс нутгийг урьдчилан таамаглах боломжтой, өрсөлдөх чадвартай, дижитал байдлаар харилцан уялдаатай, найдвартай, үр дүнтэй, хүртээмжтэй, үл ялгаварлах, уян хатан, тогтвортой, ил тод, нээлттэй нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, дэлхий уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс үүдэлтэй гүн гүнзгий сорилтод хариу барихын тулд хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хурдасгах, дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх, эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог өргөжүүлэх, бүгдэд хүртээмжтэй дижитал эдийн засгийг дэмжих АПЕК-ийн Интернэт ба дижитал эдийн засгийн замын зураглалыг (AIDER) хэрэгжүүлэх хүчин чармайлтыг сайшааж, өгөгдлийн нууцлал, үүлэн тооцоолол, харилцаа холбооны сүлжээ, харилцан үйлчлэл, кибер аюулгүй байдал, дижитал худалдаа, шинээр гарч ирж буй технологи, инновацийг дэмжих, дижитал суурь бүтцийг хөгжүүлэх, дижитал ялгааг арилгах, хүнсний аюулгүй байдлыг хангах, дэд бүс нутгуудын холболтыг хэрэгжүүлэх, эцэст нь илүү уян хатан, бүтээмжтэй, хүртээмжтэй шинэлэг, тэсвэртэй, тогтвортой байдлыг хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэхийн зэрэгцээ “бүгдэд тохирох хэмжээс байхгүй” (no-one-size-fits-all) гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Сан-Францискогийн уулзалтад ОХУ-ын Засгийн газрын орлогч сайдын (Алексей Л.Оберчук) түвшинд л оролцлоо. АНУ-ын санаачилгаар Орос-Украины дайн, Хамасыг буруушаасан зүйл оруулахыг оролдсон ч эдийн засгийн интеграцийн байгууллага улс төр, геополитикийн асуудлыг хөндөхгүй гэж үзсэн байна.
-АПЕК-ийн өргөжилтийн талаар тодруулмаар байна. Монгол Улс АПЕК-т гишүүнээр элсэх хүсэлтээ янз бүрийн түвшинд илэрхийлдэг. Саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Вьетнамд хийсэн айлчлалын үеэр ч энэ асуудал хөндөгдөж байсан.
-Монгол Улс АПЕК-т элсэх өргөдлөө гаргаад 30 гаруй жил болж байна. Бүр 1994 оны анхны Гадаад бодлогын үзэл баримтлалд ч тусгагдсан. 1997 оны Зүүн Азийн санхүүгийн хямралын дараа АПЕК шинэ гишүүдээр өргөжүүлэх хугацааг 2007 он хүртэл хойшлуулснаас хойш өнөөг хүртэл үндсэндээ түдгэлзсэн байдалтай байгаа бөгөөд дотоод дахь худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчлах үйл явц бүрэн дуусч зүгширээгүй, сорилтуудтай тулгарсаар байгаа зэрэг тайлбарууд гардаг. Энэтхэг АПЕК-т гишүүнээр элсэх хүсэлт гаргасан бөгөөд АНУ, Япон, Австрали, Папуа Шинэ Гвиней зэрэг улсуудаас анхны дэмжлэг авч байсан ч тус улсыг Номхон далайтай хиллэдэггүй гэх янз бүрийн шүүмжлэлийн улмаас өнөөг хүртэл хүлээлттэй байгаа юм. Гэсэн хэдий ч Энэтхэг улс 2011 оны арваннэгдүгээр сард Хавайд болсон дээд түвшний уулзалтад анх удаа ажиглагчаар уригдсан байдаг.
Монголоос гадна Бангладеш, Пакистан, Шри Ланка, Макао, Лаос, Камбож, Коста Рика, Колумб, Панам, Эквадор АПЕК-т элсэх хүсэлтээ гараад байгаа юм. Гуам ч мөн Хонгконгийн жишээг дагаж, тусдааь гишүүнээр элсэхийг идэвхтэй эрэлхийлж байгаа ч АНУ эсэргүүцэж байх жишээтэй.
Монголын хувьд манай хоёр хөрш АПЕК-ийн гишүүд, Тайвань АПЕК-т гишүүнчлэлтэй байдаг учраас тусгаар улс орнуудын интеграци биш, гишүүн эдийн засгуудын интеграц гэж нэрлэгддэг. Монгол Улс АПЕК-т элсэхэд худалдаа, хөрөнгө оруулалт бараг либералчлагдаж буй учраас хоёр хөршийн бараа бүтээгдэхүүн Монголд татварын үе шаттай хөнгөлөлттэйгээр цутган орж ирэх тохиолдолд үндэсний үйлдвэрүүдийн өрсөлдөх чадавх үүнд бэлэн байж чадах уу гэдэг асуудал байгаа юм. Вьетнам АПЕК-ийн гишүүн, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр манай байр суурийг Вьетнам дэмжсэн.
Холбоотой мэдээ