Дарамт доорх ашиг сонирхол

Хуучирсан мэдээ: 2023.11.22-нд нийтлэгдсэн

Дарамт доорх ашиг сонирхол

Дарамт доорх ашиг сонирхол

Саудын Арабт хүүхдүүд хятад хэл сурахыг эрмэлзэж байна. Учир нь тус улсын Боловсролын яамнаас улс даяарх хувь, хувьсгалын бүх ерөнхий боловсролын сургуульд долоо хоногт хоёроос доошгүй удаа мандарин хэлний хичээл орох үүрэг өгчээ. Удахгүй энэ ажил их, дээд сургуулиудад ч хэрэгжих юм.

Энэ нь Хятадтай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулах алсын харааг баримталж буйтай холбоотой.

Тухайлбал, Хятад тэргүүтэй “BRICS” бүлэгт Саудын Арабыг албан бусаар нэгдэхийг энэ оны наймдугаар сард урьсан билээ. Угсаа залгамжлагч хунтайж Мохаммед бин Салманы хувьд эдийн засгийг газрын тосны салбараас ангид төрөлжүүлэхэд онцгой ач холбогдол өгч буй.

Саудын Араб нь 2022 оны эхний хагаст Хятадын “Бүс ба зам” санаачлагаар дамжуулан 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ хийжээ. Энэ нь бусад улсаас илүү байгааг “Экономист” сэтгүүлд бичжээ. Сүүлийн үеийн хөрөнгө оруулалтын гэрээнүүд нь технологи, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, үл хөдлөх хөрөнгө, ашигт малтмал, ложистик, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарыг хамарч байна.

“Enovate Motors” зэрэг Хятадын цахилгаан машин үйлдвэрлэгч компанийг АНУ болон Европт төдийлөн таатай хүлээж аваагүй бол Саудын Арабт эсрэгээрээ байжээ.

Гэсэн хэдий ч сүүлийн үед бүс нутагт үүссэн хурцадмал байдал хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна. Аравдугаар сарын 7-нд Хамас бүлэг Газын зурваст халдсанаас хойш 13 мянга гаруй хүн амь үрэгдэв. Мөн мөргөлдөөний улмаас хүнс, ус, түлшний импортыг хязгаарлажээ.

АНУ-ын дэмжлэгтэйгээр Саудын Араб, Израилийн хооронд түүхэн хэлэлцээр байгуулж магадгүй байсан эгзэгтэй үед Газын зурвасын мөргөлдөөн гарсан юм.

Нефтийн үнэ нэг баррель нь 92 ам.долларт хүрсний дараа Хятадын Ойрхи Дорнод дахь тусгай элч Жай Жун бүс нутгаар айлчилсан. Хятад нь том түүхий нефтийн худалдан авалтаараа дэлхийд тэргүүлдэг. Газрын тосныхоо 50 гаруй хувийг Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлөөс импортолдог бол 18 хувь нь Саудын Арабаас орж ирж байна.

Ойрхи Дорнодод нөлөөлөхийн тулд Хятад, АНУ хоёр өрсөлддөг гэхэд болно. Гэхдээ АНУ-ын хувьд Трампийн үед ч, Байдены үед ч Израилийг дэмжсэн бол Хятад улс үгүй юм. Хамасын халдлагын хариуд Хятад улс ердийн төвийг сахисан байр суурьтай байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мөргөлдөөнийг даамжрах магадлалтай байна гэж мэдэгдсэн бол Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мөргөлдөөн хурцдаж байгаад гүнээ санаа зовж байна гэсэн ерөнхий мэдэгдэл хийжээ.

Гэхдээ Хятадын зүгээс Палестинд үзүүлсэн тусламж тийм ч их байгаагүйг Тель-Авив дахь Израиль-Хятадын бодлогын төвийн судлаач, дэд захирал Галиа Лави хэлжээ. “Хятад улс олон жилийн турш Палестинд бодит дэмжлэг бага хэмжээнд л үзүүлсэн. Хөрөнгө оруулалт, худалдааны хэмжээ маш бага. Палестинчуудад үзүүлэх хүмүүнлэгийн тусламж бусад орны тусламжаас нэлээд хоцорч байна” гэв.

Галиа Лавигийн хэлснээр “Мөргөлдөөн эхэлснээс хойш Энтони Блинкенээр тогтохгүй АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өөрөө хүртэл Ойрхи Дорнодод айлчилсан нь АНУ бүс нутгаас анхаарлаа холдуулаагүй гэдгийн илэрхийлэл. Харин Хятадын дарга Ши Жиньпин айлчлах биш юм гэхэд бүс нутгийн аль нэг удирдагчтай утсаар ч яриагүй. Тиймээс Арабын орнууд өдгөө хүнд хэцүү цагт хэнд итгэж болохыг харж байна.”

Саудын Арабын хувьд эхэндээ Израилийн эсрэг байр суурийг төдийлөн хүчтэй илэрхийлээгүй. Гэвч Израилийн хүчний довтолгоо эрчимжихийн хэрээр улам бүр шүүмжлэлтэй хандах болжээ. Тиймээс Газын зурвас дахь мөргөлдөөн удаан үргэлжилбэл Израиль, Саудын Арабын харилцааг хэвийн болгоход улам хүнд болно гэж үзэж байна.

Саудын Арабын бас нэг онцлог шинж нь аюулгүй байдлын асуудлаар АНУ-тай ч, Хятадтай ч хамтран ажиллах хүсэлтэй.

Тухайлбал, Саудын Араб нь өнгөрсөн сард Хятадын тэнгисийн цэргийн хүчинтэй Гуандун мужийн Жаньжян хотод хамтарсан цэргийн сургуулилалт хийжээ.

“Хятадтай ийм харилцаатай байгаа ч АНУ-тай улс төр, стратегийн хувьд ойр дотно харилцахаас татгалзах магадлал бага. АНУ бол Саудын Арабын аюулгүй байдлын гол баталгаа. Саудын Арабт Америкийн 2700 гаруй цэргийн албан хаагч байдаг. Мөн АНУ-ын Агаарын хүчин нь агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах хүчин чадал бүхий таван баазтай. Хэрвээ Израиль, Хамасын мөргөлдөөн хурцадвал Саудын Араб нь АНУ-аас хамгаалалт хүснэ. Учир нь Ойрхи Дорнод дахь АНУ-ын цэргийн оролцоо хүчтэй хэвээр байна” гэж эрсдэлийн зөвлөх Мерси Куо хэлжээ.

Энэ мэт ацан шалаанд орсон, дарамттай нөхцөл байдал дор Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман урт хугацааны эдийн засаг, геополитикийн ашиг сонирхлоо урагшлуулахыг хичээж байна.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж