Нийслэлийн удирдлагууд өнөөдөр /2023.11.21/ барилгын суурь хэтрүүлж татсан хашааг эргүүлэн татаж, аюулгүй байдлыг хангах үүрэг өгөв.Тодруулбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шар байрнуудын дахин төлөвлөлтийн төслийг “Фүжи Девелопмент” ХХК хэрэгжүүлж буй. Тус компани Архитектур төлөвлөлтийн даалгавраас хэтрүүлэн барилгын суурь ухсан зөрчил гаргасан байна.
Уг асуудалтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар газар дээр нь ажиллаж зөрчил арилгах үүрэг өгчээ.
Нийслэл болон дүүргийн холбогдох байгууллагуудаас тус байршилд хэмжилт хийхэд дахин төлөвлөлтийн байршлаас урагшаа 4.5 метр, хажуу тийш есөн метр хэтрүүлж барилгын сууриа ухсан байж. Өөрөөр хэлбэл, шинээр барилгажих талбайн зөвшөөрлөө Хот байгуулалт, хөгжлийн газраас авалгүйгээр дур мэдэн суурь ухсан бөгөөд тус компанид Хотын стандарт, хяналтын газар, Хан-Уул дүүргээс зөрчлөө арилгах талаарх шаардлага, мэдэгдлийг хүргүүлсэн боловч биелүүлээгүй байна.
Иймд Хотын дарга "Фүжи Девелопмент" ХХК-ийг нэн даруй илүү татсан хашаагаа эргүүлэн татаж, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгожээ.