Хэрэвзээ, Монголд хууль шүүх үйлчилдэг байсансан бол, хууль шүүх нь өргөсөн тангарагтаа үнэнч ханддагсан бол, Х.Нямбаатар хэн нэгнийг хэлмэгдүүлж гүтгээгүй юм бол Х.Баттулга өдийд авлига, хулгайн хэргүүдээрээ АТГ-ын үүдийг манаад сууж байх байлаа.
АТГ-аас нүүрсний хулгайн гол сэжигтнээр зарласан Х.Баттулгыг авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан Т.Бадамжунайтай хамт “Эрдэнэт” үйлдвэрээс “ёндоо” хуваадаг байсныг Х.Нямбаатар хуулийн сайд байхдаа өөрийн амаараа мэдээлсэн. Авчиг Женко Баттулгыг хууль шүүхийнхэн баривчлах нь бүү хэл байцаасан тохиолдол бараг үгүй. Байх ч үгүй биз, Х.Баттулга өнөөдөр баавартай бас мөнгөтэй байна.
1. Өнгөрөгч Баасан гаригт нийслэлийн Ардчилсан намын хорооны даргын сунгаа явагдаж Т.Батцогт ялжээ. Т.Батцогт ялна гэдэг Д.Пүрэвдаваа ялсан гэсэн үг. Д.Пүрэвдаваа бол өндөр биетэй Женко шүү дээ. Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад нь Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан хүн.
Нийслэлийн АН-ын хорооны дарга бол эрэмбээрээ намдаа гуравт жагсдаг. Өнгөн дээрээ үе тэнгийн гурван залуу /М.Тулгат, Д.Бадарсан, Т.Батцогт/ өрсөлдсөн ч үүний цаана Д.Бадарсанг АН-ын дарга Лу.Гантөмөр, Т.Батцогтыг Х.Баттулга, М.Тулгатыг С.Баярцогт сойсон нь үнэн. Энэхүү үйл явдал АН-ын дарга Л.Гантөмөр манлайлалгүй болохыг, АН-д Х.Баттулга бяртай байгааг харууллаа. Бүр үнэн гэвэл АН-ын гишүүд алтан ембүү хараад алгаа тосдог хэвээрээ байгаа юм байна. Тэдэнд үзэл баримтлал, үнэт зүйл үзээд өгье гэхнээ үнэндээ алга болжээ.
Өнгөрсөн найман жилийн алдаагаа өөрөөр харж, өөрчлөгдөж, шинэчлэгдэх хүсэл өнөөдрийн АН-д бүр алга, харамсалтай нь. Өнөөх өнгө мөнгөөр наймаалцдаг, хор хов хутгадаг, хуйвалдаан, хулгайгаар асуудлаа шийддэг, даргаа сонгодог АН-аас олон дэмжигч нь нүүрээ буруулж, нүдээ таглах дээрээ тулсан нь бас баараггүй үнэн билээ.
2. Нийслэлийн Ардчилсан намын хорооны даргын сунгааны өмнөхөн авлигын хэргээр албан тушаалаасаа огцорсон Д.Сумъяабазар Х.Баттулгатай сэм уулзсан гэх тамхины цэгийн мэдээлэл оргүй хоосон үг биш байх. Тэдэнд хувь, хувьсгалын олон асуудлаар уулзах шалтгаан байсан нь гарцаагүй. Д.Сумъяабазарын нэр холбогдсон “ногоон баас”-ны асуудалд Х.Баттулгын нэр ч давхар яригдаж буй. Тэр тусмаа “Тэнүүн-Огоо” компанийг сайн ухвал араас нь Женко гарч ирж мэднэ. “Олон хавар нэгэндээ” гэгчээр өнгөрсөн хугацаанд нийтийн тээврийн салбараас мөнгө угааж ирсэн “Тэнүүн-Огоо” компанийн эзэн А.Ганхуяг, экс Ерөнхийлөгч Х.Баттулгын дүү Х.Баттуул нар дундын халаастай, тэр нь “Капитал авто сервис” компани. “Капитал авто сервис” нь усны сан бүхий газарт хууль бусаар олборлолт явуулж байгаад 2019 онд МХЕГ-ын шалгалтаар баригдсан байдаг. Гэвч хэрэг нь тэгсхийгээд “нам дарагдсан”-ы ард ах Х.Баттулгын нөлөөлөл байсан ч биз, тухайн үед Х.Баттулга Монголын “номер” нэг явсан.
Х.Нямбаатар нийслэлийн Засаг даргаар очсон даруйдаа нэгэн шинэ мэдээлэл цацсан нь АН-ын засаг барих үед Х.Баттулгын авч хэрэгжүүлсэн нийтийн тээврийн шинэчлэлт нэрээр төсвийн хөрөнгөөс зарцуулсан мөнгөний тухай. С.Баярын Засгийн газрын хуралдаанаар Х.Баттулгад нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийх үүрэг өгсний дагуу нийтдээ 35 тэрбум төгрөгөөр 140 автобус авчээ. Үүний ард мөнгө угаах үйл ажиллагаа явагдсан байж болзошгүй гэдгээ Х.Нямбаатар нуугаагүй.
Зам болгон Ром хүрдэг ч байх,очиж үзсэн хүн л мэдэх биз. Харин хулгай болгон Х.Баттулгатай очиж наалддаг учрыг нь шалгах ёстой.
Х.Нямбаатар Х.Баттулгыг гүтгэсэн бол ялаа үүрэх нь зүйн хэрэг. Х.Баттулга хэрэг хийсэн нь үнэн юм бол түүнийг ял завшуулж үл болно. Л.Оюун-Эрдэнэ анд нөхдийнхөө хулгайтай жинхнээсээ тэмцмээр байгаа бол “хуурай ах”-ынхаа хулгайг хамгаалах ёсгүй гэсэн үг.
3. Төрийн ордноос хүрэн дээлтэй явсан Х.Баттулга хөх дээлтэй эргэн ирэхийн хүсч буй нь үг-үйлдэл акц-амбийцаас нь тов тодорхой, нэн ойлгомжтой байна. Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвших эрх нь хязгаарлагдсан ч Х.Баттулгын Ерөнхий сайд болох эрх нь өнөөдөр нээлттэй. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр хоёртой зэрэгцээд өнгөрсөн намаржин хөдөө, орон нутгаар хөх туг намирууланхан явсан. Бизнесийнх нь бохир замнал, хувь хүнийх нь хүсэл шуналыг харсан ч Х.Баттулга Монголын төрөөс тийм ч амархан зайлахгүй биз. Ц.Нямдорж нэгэнтээ түүнийг давхар дээлээ тайлж байхад нь Монголын төрөөс зайлж байгаад нь баяр хүргэж суусан. Удалгүй Х.Баттулга Монголын “намбар ван” болоод улс төрийн хэлмэгдүүлэлт эхлүүлсэн ч улс төрийн түүх болж үлдэх биз.
Эрүүгийн яллагдагчаас Төрийн тэргүүн болж үзсэн тэрбээр уг нь “жар хүрээд жаргаж уух” биологийн настайгаа энэ жил золгосон билээ. Гэвч улс төрийн хувьд тэтгэвэртээ гарах сонирхолгүй, Л.Оюун-Эрдэнийн одоогийн суудалд суух нь түүний мөрөөдөл биш зорилго болсон. Энэхүү хүслийг нь гүйцээхэд түүнд туслах МоАХ гэх төрийн бус байгууллагаас гадна улс төрийн намууд бий. Жижиг улс төрийн намуудтай наймаалцах бэл, бэнчин, бяр чадал Х.Баттулгад байна. Х.Баттулга гэдэг чинь хэн билээ, юу билээ. Долларын тэрбумтан төдийгүй Монголын хулгай, луйврын загалмайлсан эцэг шүү дээ.
4. Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул гэж монголчууд ярьдаг, бичдэг. Женко.Баттулгад төрийн жолоог атгуулж үзсэн. Гэвч, түүний характер, харизм, акц, амбийц болгон үндсэндээ Монголыг хорлож, хагалаж, унагаж, нурааж ирсэн. Хамгийн том баримт гэвэл хоёрын хоёр мухар төмөр замыг нэрлэх байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засгаас ердөө 287 км-ын наана оршиж буй Монгол өнөөг хүртэл төмөр замаар түүхий эдээ зөөж чадахгүй байгаа нь Женко.Баттулгын улс төртэй холбоотой. За тэгээд, Женкотой АН ялснаас бараг ялагдсан нь дээр биз. Хээрийн чонотой нийлсэн гэрийн боохой илүү аюултай гэж байнга л сануулж бичдэг дээ?!
Холбоотой мэдээ