Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Энхийн цагт залуус цэрэгт амь насаа алдах нь байж боломгүй зүйл. Нөгөө талаасаа цэргүүд хатуужилтай байх хэрэгтэй. Гэхдээ, хүний амь нас ялангуяа энхийн цагт үрэгдэх ёсгүй. Б.Энхбаяр сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Үнэхээр тэр хүүхэд хатгаа авсан бол яагаад эмч үзэж, шуурхай арга хэмжээ авч болоогүй юм бэ. Хэт их дэглэлт байгаа юу. Шалтгаан юу байгааг асуумаар байна.
НББХ-ны дарга П.Анужин:
-Энэ асуудал гарахад тань руу байнгын хорооны даргын хувьд холбогдоход та нэг ч хариу өгөөгүй.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр:
-М.Оюунчимэг гишүүний асуусан асуултад тайлбар мэдээлэл өгсөн. Энэ асуудалд Засгийн газраас ажлын хэсэг гарсан. Хууль хяналтын байгууллага эцсийн дүгнэлт гараагүй байна. Учир шалтгааны талаарх хариултыг хууль хяналтын байгууллага өгөх байх. Зэсэгт хүчний салбарт гаргахгүй алдаа, эндэгдэл гаргахгүй байх тал дээр олон ажил хэрэгжүүлж байгаа. Энэ талаарх мэдээллээ Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Бид өөрсдийгөө өмгөөлж, аливаа иргэдээс нуусан зүйл байхгүй. Болсон процессын үйл ажиллагаа, авч буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг иргэдэд нээлттэй танилцуулж сурталчилж байгаа. Зэвсэгт хүчний салбарын хэмжээнд харилцааны зөрчил, гэмт хэргийн чанартай зөрчил дутагдал байхгүй. Нас барсан цэрэгтэй холбоотой асуудлаар эмнэлэг, хууль хяналтын байгууллагын дүгнэлт хэрхэн яаж гарахыг мэдэхгүй. Тэр ангид алба хааж байсан, алба хаагаад 20 хонож буй алба хаагчдыг эрүүл мэндийн давтан шинжилгээнд хамруулсан. Тухайн ангиас зүрхний хэм алдагдалтай, ханиадтай, харшилтай, хатгаа авсан тав орчим цэргийн алба хаагч байсан. Одоогоор эмнэлэгт хэвтүүлж байна. Эхнээсээ эмчилгээ хийлгээд гарч байна. Тухайн нас барсан цэргийг ямар шалтгааны улмаас нас барсныг бид хэлэх боломжгүй байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Зэвсэгт хүчин цэргийн эмнэлгийн том албатай. Зөвхөн хавар, намар цэрэгт татлагын үеэр эрүүл мэндийн үзлэг хийгээд тэнцэх, тэнцэхгүйн асуудал ярихаас илүүтэй үзлэгийг чанартай болгох хэрэгтэй. Ачаалал даах чадвар хүн бүрт харилцан адилгүй. Үзлэгээр илрэх боломжгүй. Жишээ нь уушгины артерийн даралт ихтэй хүн үзлэгт ороход ямар ч шинж тэмдэггүй. Мэс засал эмчилгээний дараах хүндрэлийг бууруулж буй том дэвшил бол зүрхний эхо шинжилгээ хийж, уушгины артерийн даралтыг хэмжиж чаддаг болсон. Алба хааж байх үед нь тогтмол эрүүл мэндийн үзлэг хийж байх нь чухал.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-…дугаар ангийн цэргийн алба хаагч амь насаа алдсан нь харамсалтай байна. Эмэгтэй цэргийн алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх энэ цаг хугацаанд гэнэтийн, эмгэнэлт үйл явдал болж нийгмийг цочроолоо. Ялангуяа тухайн салбарт нь тэр чигээр нь дээрх асуудал байгаа мэт ойлгогдохоор мэдээ, мэдээлэл явж буйд харамсч байна. Гэхдээ, үйл явдлыг зөвтгөх гэж хэлээгүй. Нэг асуудал үүсэхээр сошиалаар давлагаалж, салбарыг тэр чигээр нь буруутгадаг зуршил бий. Эцэг эхчүүд хүүгээ цэргийн албанд нэг жилийн хугацаанд мордуулснаар юу сургасан байх ёстой юм бэ. Батлан хамгаалах яам залуусыг ямар эрчүүд болгосон байх ёстой юм. Тэсвэр хатуужил, үг даах, биеэ даах чадвар, батлан хамгаалах чиглэлээр сургалт мэдээлэл авдаг, эх орноо хайрлах сэтгэлтэй болгох гэх мэт янз бүрийн ойлголттой үр хүүхдээ цэрэг татлагад өгч байна. Нэг жилийн хугацаанд ямар чиглэлээр сургаж, бэлтгэл ажлыг хангаж байгаа юм бэ.
Холбоотой мэдээ