Хоёр Солонгос хилийн Панмунжом тосгонд хийх аяллын хөтөлбөрийг энэ долоо хоногоос хэсэгчлэн сэргээж байгааг Сөүлийн Нэгдлийн яам өнөөдөр /2023.11.21/ мэдэгдлээ.
Нэгдлийн сайд Ким Юн Хо НҮБ-ын командлалын дарга, генерал Пол ЛаКамератай уулзаж, 1950-1950 онд байгуулсан Зэвсэгт хүчний хэлэлцээрийг хэрэгжүүлэгч тус командлалтай хамтын ажиллагаагаа хэрхэн нэмэгдүүлэх талаар ярилцсаны дараа ингэж мэдэгдэв.
АНУ-ын армийн цэрэг Трэвис Кинг өндөр хамгаалалттай бүсэд аялсан жуулчдын дунд нуугдан Хойд Солонгосын хилийг давсан хэрэг өнгөрсөн долдугаар сард гарсан. Үүний дараа өнгөрсөн долдугаар сарын дунд үеэс энгийн жуулчдад зориулсан аяллын хөтөлбөрийг түр зогсоосон юм.
Өмнөд Солонгосын яамны мэдээлснээр, БНАСАУ-ын бодлогын зөвлөхүүд болон дүрвэгсэд зэрэг 20 орчим хүн маргааш Эв нэгдлийн боловсролын үндэсний хүрээлэнгээс зохион байгуулж буй "Эвлэрэл тосгоны тусгай аялал"-д оролцох гэнэ.
Тусгай аяллыг ихэвчлэн засгийн газраас зохион байгуулдаг бөгөөд энгийн жуулчдын онлайнаар бүртгүүлж болох ерөнхий аяллаас ялгаатай. Яамны албан тушаалтан хэлэхдээ, Өмнөд Солонгосын иргэдийн ерөнхий аяллыг сэргээхийн тулд цаашид ярилцах шаардлагатай гэв.
Хөтөлбөрийг түр зогсоохоос өмнө Мягмар, Лхагва, Баасан, Бямба гаригт өдөрт зургаан удаа зохион байгуулдаг байв.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP
Холбоотой мэдээ