Украины ерөнхийлөгч Зеленский болон армийн ерөнхий командлагч, генерал Валерий Залужный нарын хооронд үл ойлголцол үүссэн тухай хэвлэлд бичих болсон. Тодруулбал, генерал Валерий Залужный энэ сарын эхээр "Украин хурдан маневртай дайны стратегиэс татгалзаж байгаа. Хөдөлгөөн багатай энэ хэлбэр нь Орост боломж олгоно. Тиймээс энэ аюулыг эсэргүүцэхийн тулд Украинд нэмэлт зэвсэг нийлүүлэхийг холбоотнуудаас уриалж байна. Мөн нисэх хүчний чадавхийг бэхжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй" гэж мэдэгджээ.
Үүний дараахан Зеленский үгүйсгэсэн утгатай мэдэгдэл хийсэн. "Энэ бол мухардмал байдал биш. ОХУ агаарын бүсийг хянаж байна. Бид цэрэг армиа хамгаалж байна. Оросууд хүмүүсээ зүгээр л мах шиг хаячихсантай адил бид тэгэхийг хүсэхгүй. Бид "F-16″ онгоцнуудаа, залуусаа түүн дээр дадлагажиж дуусаад эргэж ирэхийг хүлээх ёстой. Украинд бууж өгөх эрх үгүй. Царцсан мөргөлдөөн гэж юу болохыг бид мэднэ" гэж Зеленский хэлжээ.
Эдгээр мэдэгдлийн дараа дайны нөхцөл байдлын талаар Зеленский, Залужный нар ялгаатай үнэлэлт дүгнэлт хийж байна гэх яриа гарсан.
Тэгвэл ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк тэдний хооронд ямар ч зөрчил байхгүй гэдгийг Даваа гаригт мэдэгдлээ. "Зеленский бол Залужныйн шууд удирдлага. Зарчмын хувьд зөрчил байх боломжгүй" гэж тэр хэлэв.
ОХУ нь Украины засгийн газар, арми хоёрын хооронд зөрчил үүсгэхийн тулд зориудаар Залужныйг гутаах кампанит ажил явуулж байна гэж Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн Худал мэдээлэлтэй тэмцэх төв мэдээллээ.
Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE