Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийн талаар холбогдох хүмүүс дараах мэдээллийг өглөө.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.БАЯРАА:
-Хотын өвөлжилтийн бэлтгэл хангаж ажил үргэлжилж байна. Хот тохижилтын газар, дүүргүүдийн хувийн хэвшлийнхэн нийт 7258 тонн бодис, 5500 тонн давс нөөцлөхөөр төлөвлөсөн. Арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар 3351 тонн бодис, 4574 тонн давс нөөцлөөд байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба 2700 тонн бодис, 1200 тонн давс худалдан авах ажлыг зохион байгуулсан.
Зам цэвэрлэгээний тухайд нийт 24 байгууллага байгаа.
Нийт 847 талбайн үйлчлэгч ажиллаж байна. 312 тусгай зориулалтын машин ажиллаж байгаагаас давс бодис цацах 49 машин, шүүрдэгч 50 машин үйлчилгээнд ажиллана. Одоогоор нийслэлд хоёр удаа цас ороод байна. Тиймээс давс бодисын хэрэглээ их байгаа.
“Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.БАЯРСАЙХАН:
-Хотын дулаан хангамжийн хувьд 13480 орчим барилга обьектыг хангаж ажиллах ёстой. Өнөөдрийн байдлаар дөрвөн дулааны станцаас нийт сүлжээний халууныг 113 градустай барьж ажиллаж байна. Хэрэглэгчийн тоног төхөөрөмж дээр гарч байгаа усны халуун бол 60 градустай гарч байгаа.
Арваннэгдүгээр сарын 6-12-ны хооронд цаг агаар огцом хүйтрэх үед Амгалангийн дулааны станцын нэг зуух доголдсон. Тиймээс тухайн үед халаалтын гомдлууд албан байгууллагуудаас ирсэн.
Амгалангийн дулааны станц тухайн үед 8-10 градусаар сүлжээний халуун усны градусыг багасгасан. Одоо бол бүх дулааны станцын горим хэвийн ажиллаж байна. Хэрэглэгчийн хангамжийн тухайд хүйтрэлийн үеэр тодорхой хэмжээний гэмтлүүд гарсан.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ч.МЭНДБАЯР:
-Өнгөрсөн 14 хоногт "Амгалан дулааны станц", ТЭЦ 4 дээр гэмтэл гарсаны улмаас хэрэглэгчийн дуудлага тасраагүй. Нийт 550 хэрэглэгчээс дулааны гомдол дуудлага ирсэн. Өнгөрсөн долоо хоногт дулаан хангамжтай холбоотой 120 гомдол ирсэн.
Шугамын гэмтлүүдийг бид газар дээр нь засварлаж дууссан.
Холбоотой мэдээ