Ц.Цэрэннадмид Чингэлтэй дүүргийн 12-р хороонд амьдардаг. Арав гаруй жилийн өмнө хашаа байшин худалдан авч, тэнд амьдрах болжээ. Тэрбээр арав гаруй жил болохдоо хашаандаа хоёр удаа жорлонгийн нүх ухсан байна. Одоогийн ашиглаж буй нүхэн жорлон нь 6-7 жил болж байгаа гэв. Жорлонгийнх нь бохир дүүрч, гадагшаа халих дөхсөн харагдав. Өнгөрсөн хугацаанд тэднийх жорлонгоо нэг ч удаа соруулж үзээгүй байна. Жорлонгоо дүүрчихээр ахиад шинийг ухах газар үлдсэн үү гэх асуултад "Одоо нэг ломоор цохиж, дундруулна. Орж гарахаас эхлээд л хэцүү байна. Би 3-4 жилийн өмнөөс л эко жорлонтой болъё гэж бодоод хороондоо хэлж байсан. Зунд нэг удаа ариутгалынхан ирдэг. Бороо орохоор халих нь зовлонтой. Хашаа дүүрээд гудамж руу урсаад гарна. Үнэр танар нь хэцүүдэхээр машиныхаа сольсон тосыг хийчихдэг юм. Тэгэхээр үнэр нь арай гайгүй болдог" гэж Ц.Цэрэннадмид хариуллаа. Хорооны зүгээс ч удахгүй төсвийн мөнгөөр эко жорлон барьж өгнө гэдгээ илэрхийлсэн гэнэ.
Ц.Цэрэннадмидынхтай хөршилж амьдарч буй айл бол Ц.Дэмбэрэлсамбуугийнх. Наян настай тэрбээр нүхэн жорлонгоосоо татгалзаж эко болгосон байна. Тэдний жорлонг өнгөрсөн хавар хороо, хориныхон төсвийн мөнгөөр шинэчилж өгчээ. Агааржуулалт, гэрэлтүүлэг нь сайтай ч өндөр настай, хөл гар муутай хүмүүст бие засахад хүндрэлтэй байдаг гэв. Тэрбээр "Хөл гар муутай над шиг хүмүүст зориулаад суудалтай жорлон байвал зүгээр юм шигээ. Өмнөх нүхэн жорлонтойгоо харьцуулахад сайжирсан. Ариун цэвэр, үзэмж гээд бүх зүйлд нь баяртай байгаа. Гагцхүү суудалтай жорлон хийж өгмөөр байна. Хавардаа нэг ариутгал хийдэг" гэлээ.
Эко жорлонг соруулдаг бөгөөд өмнө нь нүхэн жорлонтой байхдаа соруулалгүй хөрсийг нь л хуулдаг байжээ.
"Улаанбаатарт 17 мянга орчим худаг, 680 мянга орчим нүхэн жорлон байна. Нийт 680 мянган жорлонтой, 17 мянган худагтай хотод ус, гол цэвэр байх боломж тун бага" гэж Усны газрын дарга, доктор З.Батбаяр "Дэлхийн жорлонгийн өдөр”-ийг тохиолдуулан мэдээлэл хийх үеэрээ ярьж байв. Нүхэн жорлон бол төрөл бүрийн өвчин үүсгэгч, нян, бактерийн эх уурхай гэж ойлгож болно. Урин дулаан цагт нэг жорлонгоос ялгарах, агаарт дэгдэх хорт бодис нь утаа их ялгаруулдаг автомашинаас илүү гэхээр энэ асуудлыг анхаарахгүй байж боломгүй.
Өчигдөр/2023.11.20/ З.Батбаяр ярихдаа "Монголын нийт хүн амын гуравны хоёр нь гэр хороололд амьдарч буй. Гэр хороолол гэхээр нүхэн жорлон гэж ойлгож болно. Нүхэн жорлонгийн улмаас Улаанбаатарын ундны ус бохирдож байна. Ус сувгийн удирдах газраас гарч буй ус найдвартай буюу өглөө бүхэн шинжилгээ хийж, чанарын шаардлага хангаж байгаа. Үлдсэн хэсэг буюу Улаанбаатарын 17 мянган худгаас ус ууж байгаа хүмүүс эрсдэлд байна. Нүхэн жорлонгийн тоог худгийн тоотой харьцуулахад үзэхэд нэг худгийг тойроод 40 жорлон байна гэсэн үг. Тэгэхээр худаг цэвэрхэн байх уу? Та бүхэн бодоод үзээрэй" гэв.
Усны газар өнгөрөгч есдүгээр сарын сүүлээр шинжилгээ хийхэд Сэлбэ голын уснаас гэдэсний савханцар илэрчээ. Тиймээс тус гол дээр тоглож байгаа, туулж байгаа хүмүүс, хүүхдүүд эрсдэлд байгаа аж. Мөн Зайсангийн гурван хотхоноос гэдэсний савханцар илэрсэн бөгөөд бусад хотхоноос нь ч илрэх боломжтой гэнэ.
Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан бид гэр хорооллын айл өрхүүдийн жорлон өвлийн цагт ямар нөхцөл байдалтай байгаа талаар сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй хороодын нэг болох 12-р хороог зорилоо. “Нарантуул-2” захын хажууханд орших тус хорооны "Булагийн 10" гудамжны айл өрхүүд эхнээсээ экотой жорлонтой болж эхэлсэн ч бүрэн дуусаагүй аж.
Чингэлтэй дүүрэгт "Эко жорлон" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2024 онд 2.8 тэрбум төгрөгийг улсын төсөвд суулгажээ.
Нүхэн жорлонгийн асуудлыг хэрхэн шийдэх талаар Усны газрын дарга, доктор З.Батбаяр дараах зүйлийг ярьсан юм. Түүний хэлснээр гэр хорооллын жорлонг гурав ангилна. Нэгдүгээрт, айлын жорлон. Хоёрдугаарт, зуслангийн бүст байдаг өдөр бүр хэрэглэдэггүй жорлон. Гуравдугаарт, аж ахуй нэгж байгууллагуудын жорлон. Эхний ээлжинд зуслангийн бүст байгаа жорлонгуудын яаралтай нурааж, нэгдсэн байдлаар шийдэх ёстой. Хоёрдугаарт, аж ахуй нэгж байгууллагуудад жорлонгийн асуудлыг шууд тулгаж, стандартын шаардлагад нийцсэн жорлон байлгах ёстой. Одоо бид жорлонгийн тооллого хийх ёстой. Стандарт нийцэж байгаа эсэхийг нь шалгах хэрэгтэй. Хаалга нь хаашаа харсан байх ёстой вэ? Тэр жорлонгоос хэдэн метрийн зайтай дараагийн жорлон байх вэ? гэх мэт шалгалтыг хийнэ. Энэ тооллогын дараа Улаанбаатар хотод худаг ухах зөвшөөрлийг өгөх эсэхээ шийднэ. Шинээр барьж байгаа хашаа бүрт жорлон гарах нь ойлгомжтой учир газар шинээр олгох уу гэдгийг бас ярих ёстой гэж тэрбээр онцолсон.
Холбоотой мэдээ