Социализмын үед Сүхбаатарын талбай тойрсон барилга байгууламжуудыг нэг ансамбль болгосон. Өөрөөр хэлбэл, архитектурын чуулбар хэлбэрээр барьсан гэсэн үг. Ихэнх нь неокласизмын үеийн загвартай буюу урдаа баганатай барилга. Үүнд, Монгол Улсын их сургуулийн барилга ч багтдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд түүхэн дурсгалт музей, театрын барилгаас гадна их сургуулийн барилгуудыг нураах болсон нь олны шүүмжлэл дагуулж байгаа юм. Тэгвэл энэ асуудалд холбогдох мэргэжилтэн, судлаачдын байр суурийг хүргэж байна.
"ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИМТ БИЧГЭЭС ДАВСАН ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙНА"
Улаанбаатар хотын түүх судлаач Г.Очбаяр:
-Ер нь Улаанбаатар хотын удирдлагууд өөрсдийн гаргасан бодлогоо огт хэрэгжүүлэхгүй байна. Хотын төв хэсэгт байрладаг барилга байраа шинэчлэмээр байна гэх тоолонд шууд нураах шийдвэрийг гаргадаг боллоо. Бид огт бодлогоо хэрэгжүүлэхгүй явж ирсний хор уршиг гарч байна. НИТХ-аас 2015 онд Бага тойруугийн хот төлөвлөлтийн баримт бичгийг баталж, Урт цагаан, МУИС-ийн I, II, III зэрэг барилгыг нураахгүйгээр зэрэглэл тогтоон хамгаалалтад авч үлдэнэ гэж тусгасан. Энэ баримт бичиг одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тийм учраас бид НИТХ-аас баталсан баримт бичгийг дагаж мөрдөх шаардлагатай. Одоо нурааж байгаа түүхэн дурсгалт барилгуудын үндэслэлийг үзэхээр мэргэжлийн хяналтын дүгнэлт, хотын дарга нарын зөвшөөрлөөр нурааж байна.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн Хот төлөвлөлт, хөгжлийн газарт мэргэжлийн зөвлөл ажиллаж, хот төлөвлөлтийнхөө баримт бичгээс давсан шийдвэрийг гаргаж байна гэсэн үг.
Тэрийг нь хотын дарга баталгаажуулж байна. Хот төлөвлөлтийн баримт бичгийг баталснаар хот төлөвлөлт, бодлоготойгоор барилгажуулж, орон зайн дэд бүтцүүдийг бий болгодог. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ яваад байна. Хот байгуулалтын үндэслэлгүй шийдвэрийг гаргаж байна. Улс төрийн шийдвэр гаргаж байгаа нь харамсалтай. Анх Байгалийн түүхийн музейг соёлын өвд бүртгэсэн байхад шууд нураасан. Мөн Урт цагааны гудамжийг улс төрийн шийдвэрээр нураах гэж байна. МУИС-ийн гуравдугаар байр соёлын өвд бүртгэгдээгүй ч тэр орчмын гудамж, эсрэг талын 72 айлын орон сууц Монгол Улсын орчин цагийн хот байгуулалтын эхэн үед баригдсан орон зай, гудамж. Эдгээр цогц төлөвлөлтийн үзэл санааг алдагдуулах ажлуудыг хийж байна. Сүүлийн 20-30 жил Улаанбаатар хотын түүхэн дүр төрхийг алдагдуулж, устгах ажиллагааг хотын захиргаанаас зөвшөөрснөөр орчин үеийн түүхийг устгаж байна.
"ТӨРИЙН БОДЛОГО ХУУЧНЫ ТҮҮХЭН ДУРСГАЛТ БАРИЛГАА СҮЙТГЭЖ НУРААХ БОЛЛОО"
Архитектор Б.Батзориг:
-НИТХ-аар 2015 онд баталсан баримт бичигт Урт цагааны гудамж, МУИС-ийн барилгыг хамгаалалтад авсан. Ийм бичиг баримтаа мөрдөж ажиллахгүйгээр нураах шийдвэр гаргаж байгааг эсэргүүцэж байна. Хамгийн гол нь иргэдээс нураах талаар санал асуулга авч хандаж байгаа нь буруу. Мэргэжлийн хяналтын дүгнэлт нь дутуу дулимаг санагддаг.
Орчин үед техник технологи, арга зүй, шинжлэх ухаан улам хөгжсөн учраас барилгыг засварлах, хүчитгэх зөвлөмжийг өгч болно шүү дээ.
Хэчнээн муудсан хуучны барилга байсан ч яаж сайжруулах вэ гэдэг тал дээр ямар ч арга хэмжээ авахгүй байна. Төрийн бодлого хуучны түүхэн дурсгалт барилгаа огт засварлахгүй, сүйтгэж байгаад нураадаг боллоо. Эдгээр түүхэн дурсгалт барилгаа засч сайжруулах тал дээр арга хэмжээ авдаггүй. МУИС-ийн гуравдугаар байрны нэгдүгээр давхарт хөгз үнэртэж, хүйтэн байдаг гэдгийг багш, ажилчид хэлдэг. Яг тухайн асуудлыг нь дор дор нь шийдэж, засварыг нь хийдэггүй. Мэргэжлийн хүмүүс ч гэсэн хомс байна.
"ЭНЭ ЦАГ ҮЕИЙН ТҮҮХЭН БАРИМТУУДЫГ УСТГАЖ БАЙГАА НЬ БУРУУ"
Хот төлөвлөгч З.Туяа:
-Улаанбаатар хотын түүхэн барилгуудаас аль нь бидэнд өв соёл болж үлдэх ёстой вэ гэдэг барилга байгууламжийн жагсаалтыг гаргаж, НИТХ-аар 2015 онд баталсан байдаг. Энэ жагсаалтад их сургуулийн барилгаас гадна нийтийн орон сууцны барилгуудыг ч гэсэн хамгаална гэж тусгасан байдаг. Бодлогын залгамж халаа хотын захиргаа, УИХ, Засгийн газрын түвшинд ч алга. Хамгийн гол нь хувийн хэвшилд байгаа барилга байгууламжийг тордож, засч сайжруулж болж байхад улсын болон нийслэлийн өмчид байгаа барилгуудыг шууд нурааж байна вэ.
Улс өөрөө түүхэн дурсгалт барилгаа хамгаалах, арчлах бодлогогүй байгаагийн илрэл. Энэ цаг үеийн түүхэн баримтуудыг устгаж байгаа нь буруу.
Зарим нэг нь бидэнд үнэ цэнэтэй түүхэн дурсгалт барилга биш гэдэг. Улаанбаатар хотын хүн амын хэдэн хувь нь орон нутгаас шилжин ирсэн иргэд билээ. Нэг ёсондоо хотын соёл мэдэгдэхгүй болсон байна. Нийслэл хотын 300 гаруй жилийн түүхийн үнэ цэнэ гурван сая хүн амд огт мэдэгдэхгүй байна. Улаанбаатар хот ямар үнэ цэнэтэй хот вэ. Хотын үнэ цэнийг юугаар илэрхийлэх гээд байна вэ. Эрээвэр хураавар хот болох нь. Соёлын яамтай болоод ч бодлого нь тодорхой болж, огт сайжирсангүй. Хуучин түүхэн барилга байгууламж гэдэг чинь ганц барилга бус тэр орчмын орчин нь чухал байдаг. Гэтэл тэр барилгатай холбоотой түүхэн хүмүүсийн амьдрал мартагдаад удаж байна. Зарим хүмүүс коммунистуудын барьсан барилга гэдэг. Үгүй ээ. Энэ бол бидний туулаад ирсэн цаг үе, амьдралын түүх. Тэр бүгдийг шууд баллуурдах гээд байна.
Холбоотой мэдээ