УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Төсвийн зарлагын хорооны даргаар та ажилладаг. Ирэх онд 27.4 их наяд төгрөгийн зарлагатай байхаар төсөв батлагдсан. Үүнийг юу гэж харж байна?
-МАН 2020 онд иргэдийн саналыг авахдаа тэдний орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж амласан. Харамсалтай нь, одоог хүртэл иргэдийн орлого хоёр дахин нэмэгдсэнгүй. Мөнгөний ханш унаж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Үүнээс улбаалж иргэдийн амьдрал харин хоёр дахин ядуурсан. Гэтэл эрх баригчдын зарцуулдаг төсвийн зардал 2020 онтой харьцуулахад хоёр дахин өслөө.
Өөрөөр хэлбэл, 2021 оны төсөв 14 их наяд төгрөг байсан бол ирэх оны төсөв 27.4 их наяд төгрөг боллоо. Нэг ёсондоо дарга нарын гарын салаагаар урсгадаг мөнгө хоёр дахин өссөн гэсэн үг.
Түүнчлэн төсвөөрөө дамжуулж чөлөөт зах зээлийг дэмжих замаар эдийн засгаа сэргээх, солонгоруулах ажлаа ч огт хийсэнгүй. Тийм учраас бизнесийн үйл ажиллагаа өдөр ирэх тусам хумигдаж байна. Гол орлого олж байгаа бүтээгдэхүүн нь уул уурхайн бүтээгдэхүүн байна. Түүнчлэн төрийн өмчит компаниудыг олноор байгуулж, төр томорч, бизнест эзлэх төрийн оролцоо, орон зай тэлсээр байна. Төр гол бизнес эрхлэгч болсон учраас хулгай, хээл хахууль гаарсан нөхцөл байдалтай байна. Ирэх 2024 оны төсөв бол УИХ-ын гишүүд дахин сонгогдох, тойрогтоо ажил хийсэн болж харагдах гэж ядсан агуулгатай төсөв боллоо.
-Таны хувьд зарлагыг бууруулах, үр ашигтай зарцуулах цаашлаад алдагдалгүй төсөв батлуулах тал дээр ямар санал, санаачилга гаргаж ажиллав?
-Төсвийн зарлагын дэд хороо заавал хуралдаж, 2024 оны төсөв дээр тодорхой дүгнэлт гаргадаг. Ирэх оны төсвийг батлахтай холбоотойгоор Төсвийн зарлагын дэд хорооны хурал болох үед Сангийн сайд Б.Жавхлан намайг “Хэтэрхий их улстөржлөө. Та дандаа ингэж улстөрждөг” гээд хурлаа хаяад гарсан.
Өнгөрсөн хугацаанд гарсан үр ашиггүй төсвийн хөрөнгө оруулалт, төсвийн зардлуудыг шүүмжилж дуугарсан. Мөн 2024 оны төсөв дээр нийт 241 төсөл, арга хэмжээг зарцаавал 927 тэрбум төгрөг хэмнэх боломж байсан.
Дээр дурдсан төсөл, арга хэмжээний тухайд бүгдийг нь хэрэггүй гэж хэлээгүй. Хамгийн гол нь эдийн засгийн хүндрэлтэй ийм цаг үед дээр дурдсан хөрөнгө оруулалтуудыг заавал хийхгүйгээр хойшлуулаад эдийн засаг сайжирсан үед хийж хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн.
Гэвч харамсалтай нь, эрх баригчид миний үгийг, Төсвийн зарлагын дэд хорооны дүгнэлтийг үл тоож олонхын хүчээр төсвийг баталсан.
Төсвийн зардал тэр дундаа хөрөнгийн зардал 6.2 их наяд төгрөг бий. Үүний 3.2 их наяд төгрөг нь төсвийн хөрөнгө оруулалт, цаана нь үлдэж байгаа 3 их наяд нь яам, тамгын газар, аймаг, орон нутгаар дамжиж төсвийн ерөнхийлөн захирагч нарт очиж байгаа хөрөнгө оруулалтын зардал юм. Монгол Улс үйлдвэрлэгч орон биш учраас энэ хэмжээний хөрөнгө оруулалт тавихаар эргээд БНХАУ-руу 80 орчим хувь нь буцаад гарна.
Нэг ёсондоо БНХАУ-ын зах зээл, эдийн засгийг таван их наядаар дэмжсэн ийм л хөрөнгө оруулалт боллоо.
-Тухайн жилийн төсөв гэдэг урт хугацаандаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг дээшлүүлэхэд чиглэх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо хувааж аваад найрлах байдал хавтгайрлаа. Энэ гажуудлыг хэрхэн засах вэ?
-Өнөөдөр эрх баригчдын хүний олноор дураараа дургих байдал хэрээс хэтэрсэн. Наад зах нь төсөв дээр илэрч байна. Монгол Улсын төсөв бол 2016 оныхоос хэд дахин тэлсэн. Энэ хугацаанд 4 томоохон хэмжээний мега төслийг 3 жилийн хугацаанд санхүүжүүлж, ашиглалтад оруулах, үүний үр дүнд эдийн засаг тэлэх, солонгорох боломж байсан. Мөн төсвөөрөө дамжуулж бизнесийн орчноо дэмжсэн улс орнууд хөгжиж байна. Түүний нэг жишээ бол Турк улс. Тус улс хэдэн арван жилийн турш жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид нь банкнаас зээл авч тодорхой бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдааны сүлжээнд нэгдэж, татвар төлвөл тухайн аж ахуйн нэгжийн банкнаас авсан зээлийн хүүг нь төсвөөсөө төлдөг. Үүний үр дүнд Турк улсад ЖДҮ асар хурдацтай хөгжсөн. Европын бүхий л бараа бүтээгдэхүүнийг өмнө нь БНХАУ дангаараа хангадаг байсан бол өнөөдөр Турк улс тэдэнтэй өрсөлдөж байна. Энэ хэрээр ажлын байр нэмэгдэж, иргэдийн бодит орлого сайжирсан.
Гэтэл Монгол Улсын төсөвт жижиг, дунд бизнесийг дэмжих талаар ямар ч ахиц дэвшил алга. ЖДҮХС-д 27.4 их наядаас дөнгөж 20 тэрбум төгрөг хуваарилсан байх жишээтэй".
Өөрөөр хэлбэл, эрх баригчид бидний зарцуулах мөнгө том байна. Та нарт ч юу ч өгөхгүй гэсэн зарчмаар төсвийг хуваариллаа.
-Төсөвт эзлэх урсгал зардлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Ирэх онд бараг л 80 орчим хувь нь урсгал зардал байна. Тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, төрөөс урсгал зардлыг нь даадаг бүтцийн тоог нэмэгдүүлээд байгаа нь хэр зохистой вэ?
-Сангийн сайдын надад уурлаж байгаа гол шалтгаан бол үүнтэй холбоотой. Би “Та нар эхлээд дарга нарынхаа зарцуулдаг зардлыг эхлээд зурчихаад байна. Түүний дараа ийм хэмжээний орлого олно гэж зурж байна. Ийм байж болохгүй. Айлаар жишээ авъя л даа. Эхнэр нөхөр хоёр ирэх оныхоо төсвийг зураад олох орлого нь тодорхой байхад зарлага нь тодорхой л байна. Гэтэл дундаас нь гэнэт нөхөр приус машин авна гээд тооцож. Орлогоо хаанаас олох талаар эхнэр нь асуухаар нөхөр нь сугалаанаас эсвэл хөзөр тоглоод хожчихно” гээд суудаггүй биз дээ. Гэтэл Монгол Улсын төсвийг өргөн барьж байгаа процесс нь дээрх жишээтэй адил болчихоод байна. Дураараа төлөвлөдөг, зарцуулдаг, орлого дутахаар 60 сая тонн нүүрс гаргана гээд сууж байна. Гэтэл нүүрсний үнэлгээгээ хэт өөдрөг төсөөлчихсөн. Мөн зэсийн үнэ нь 7000 ам доллар байхад 9000 ам.доллараар борлуулна гэсэн төсөөлөлтэй байна.
Ингэж төсвийн орлогыг зохиомлоор өсгөх замаар баталж байгааг шүүмжилсэн. Үүнд Сангийн сайд их эгдүүцээд байгаа юм.
Ирэх оны хувьд уул уурхайн бүтээгдэхүүний хэрэглээний, үнийн супер цикл буурах ийм хандлагатай байна. БНХАУ-ын эдийн засаг буурсан үзүүлэлттэй байна. Ялангуяа барилгын салбар уналттай байгаа энэ үед Монгол Улсын нүүрсний борлуулалт өндөр, үнэтэй байх уу гэх мэт эрсдлүүд бий. Тиймээс зөвхөн нүүрс, зэс, алтнаас хамааралтай эдийн засагтай байхаас илүүтэй ЖДҮ-ийг хөгжүүлсэн, бизнесийг солонгоруулахад хөрөнгө оруулалт хийх ёстой.
Хэрэв 2024 онд Ардчилсан нам ялвал 2025 оны төсөвт нэг ширхэг ч шинэ хөрөнгө оруулалт тавихгүй. Харин ЖДҮХС-ийн мөнгийг нэмэгдүүлнэ гэсэн зорилттой байна. Монголчууд заавал гадагшаа явж ажилладаг биш эх орондоо өндөр орлого олох боломжийг бүрдүүлнэ.
–Ирэх онд танай намын гишүүд тойрогтоо хэдий хэмжээний төсөв тавиулж чадав?
-Миний хувьд өнгөрсөн долоон жилийн хугацаанд тойргийнхоо иргэдэд нэн шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг хангалттай хэмжээнд тавьсан. Нэг зүйл хэлэхэд Монгол Улс парламентын засаглалтай орон. Тийм учраас төсвийг парламент баталдаг. Гэтэл төсвийг Засгийн газар дээр шийдчихээд парламент зөвхөн батлах үүрэгтэй байх юм бол Засгийн газрын дур зоргоороо аашлах явдал хэрээс хэтэрнэ. Тиймээс Засгийн газраас оруулж ирсэн төсвөөс ажлын хэсэг ярьж байгаад зардлуудыг танасан. Хэрэггүй хөрөнгө оруулалтуудыг хассан. Үүний үр дүнд 500 гаруй тэрбум төгрөгийн таналт хийж байж тэтгэвэрийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ. Мөн парламентын засаглалтай учраас гишүүд төсөв батлуулах, дээрээс нь тэд сонгогдсон тойргийнхоо иргэдээс ирсэн саналуудыг шийдүүлэх боломжуудыг зардлаас нь танаж байж л оруулж ирж байгаа. Өөрөөр хэлбэл бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлыг 1.81 хувиар танасан. Үүний үр дүнд 300 орчим тэрбум төгрөг гаргасан. Ийм байдлаар парламентад тодорхой эрхийг нь өгөхгүй бол болохгүй. Парламентын гишүүд төсөв батлах эрхийнхээ хүрээнд тодорхой хэмжээний төсөв батлуулдаг.
Хөрөнгө оруулалтыг нь тавиад өгч байгаа болохоос парламентын гишүүн гүйцэтгэх ажлын тендер шалгаруулах тэр бүх зүйлд нэг ч оролцоо байхгүй. Хэрэв надад тийм тохиолдол байсан бол МАН-ынхан намайг тал талаас бариад шоронд суулгачихсан байгаа. Миний хувьд тендерийн асуудалд огт холбогдож байгаагүй.
-Сүүлийн жилүүдэд Хэнтий аймагт улсын төсвийн тал хувийг хуваарилдаг болсон. Үлдсэн тал хувийг нь 20 аймагт хувааж байна. Та үүнийг юу гэж харж байна?
-Монголын ард иргэд төсвийг өөрсдийн төлсөн татвараараа бий болгож байгаа. Энэ монголын ард түмэнд жигд, тэгш очих ёстой. Энэ бол Үндсэн хуулийн суурь зарчим. Гэтэл энэ зарчмыг зөрсөн хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд Хэнтий аймагт тавигдаж байгаа. Тиймээс цаашид хөрөнгө оруулалтыг эрх мэдэл төвлөрсөн нэг аймагт хуваарилдаг зүйлийг төсвийн хуулиараа хязгаарлаж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, хэн давуу эрх мэдэлтэй байна тэр нь их хөрөнгө оруулалт авна гэдэг бол Үндсэн хууль зөрчсөн асуудал.
-Тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчийн цалин дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс нэмэх цаг хугацааг юу гэж харж байна. Үнэхээр төсөв мөнгөндөө баригдав уу эсвэл сонгууль дөхөөд нэмэх гэж байна уу?
-Нэгдүгээр сарын 01-нээс цалин, тэтгэьр нэмбэл мөнгөний ханш унана. Үүний илрэл нь ойролцоогоор таван сарын дараа бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдснээр иргэдэд илүү тод мэдрэгдэнэ. Тийм учраас цалин тэтгэврийг он гараад нэмбэл тавдугаар сард аль хэдий нь бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд цалин, тэтгэврийн нэмэгдэл мэдрэгдэхгүй. Тийм учраас дөрөвдүгээр сарын 01-нд цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнээс үүдсэн үнийн өсөлт сонгуулийн үед тод харагдахгүй учраас тэр шүү дээ.
-Тэгвэл ирэх оны аравдугаар сард буюу сонгуулийн дараа инфляци өсөх нь тодорхой юм байна тийм үү. Тэр үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээг тооцсон болов уу?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ханш уналт асар их бий болсон. Статистикийн төв газраас 10-15 хувийн үнийн өсөлттэй байгааг мэдээлж байна. Гэтэл бодит амьдрал дээр нэг жил хагасын дотор 140 хувь өссөн байна. Өөрөөр хэлбэл, 2022 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр 50 кг гурил 50 мянган төгрөгийн үнэтэй байв. Тухайн өдөр тэтгэвэр нэмсэн. Тэтгэврээрээ арван шуудай гурил авдаг байсан гэж бодоё. Гэтэл өнөөдөр 50 кг гурил 120 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэтгэвэр 550 мянган төгрөгт хүрсэн ч 4.5 шуудай гурил авахаар болж. Үнийн өсөлт өндөр байгаа учраас эрх баригчид цалин, тэтгэврийг нэмэхээс өөр аргагүйд хүрсэн. Тиймээс тухайн нэмэлттэй холбоотой өөрчлөлт 9-10 сард мэдрэгдэх учраас сонгуульд орохдоо тэтгэвэр, цалинг нэмэгдүүлсэн гэх сайн үнэлгээтэй орохын төлөө л явж байна.
Эргээд оны сүүлээр ханш хурдацтай өснө. Сонгуулийн дараа яах нь эрх баригчдад хамаагүй гэсэн байдлаар хандаж байна.
-Эцэст нь АН сөрөг хүчнийхээ ажлыг маш муу хийж байна гэдэгтэй санал нийлэх үү?
-Монголын гол улс төр УИХ дээр явдаг. УИХ-ын гишүүд өөр өөрсдийн хэмжээнд улс төр хийж байгаа. Иргэдийн хувьд сөрөг хүчин ийм зүйл хэлж, дугараасай гэсэн үг бүрийг хэлж чадаж байгаа юу гэвэл асуудал бий. Манай намын удирдлагууд парламентын гадна байгаа учраас сөрөг хүчний байр суурийг хүчтэй илэрхийлж чадахгүй байна. Тийм учраас сонгуулийн уур амьсгал МАН-ын хувьд хангалттай орчихсон.
Өнөөдөр бүх шатанд хэдэн зуун уулзалт, семинар, зөвлөгөөн хийж байна. Тэр бүхэндээ төрийн мөнгөөр сонгуулийн улстөр хийж байна. Гэтэл манай намынхан дотроо бүрэн дүүрэн учраа олохгүй, ойлголцохгүй байдалтай байгаа нь харамсалтай. Тиймээс маш хурдан сөрөг хүчнийхээ байр суурь дээр очиж иргэдийн хүсэн хүлээсэн байр суурин дээр очихгүй бол ирэх сонгуульд өндөр амжилт үзүүлж чадахааргүй байна.
Холбоотой мэдээ