Эрлин Холанд, Мартин Эдегор гэсэн өнөө цагийн дэлхийн шилдэг довтолгооны хослолтой Норвегийн шигшээ баг ирэх Европын аваргыг өнжихөөр боллоо. Тэд 2024 оны Европын аваргын эрх олгох урьдчилсан шатны А хэсэгт Испани, Шотланд, Гүрж, Кипр зэрэг дөрвөн улстай орсон бөгөөд найман тоглолтын дараах байдлаар 11 оноотой явна. Гэтэл урьдчилсан шат өндөрлөхөд ердөө хоёр тоглолт үлдэж, Испани 21 оноотой, Шотланд 17 оноотой нэгэнт эрхээ авчээ.
Норвегийн шигшээ баг өчигдөр/2023.11.19/ Шотландын эсрэг тоглож, 3-3 гэсэн харьцаатай өндөрлөв. Хэрэв энэхүү тоглолтод ялалт байгуулсан бол скандинавчуудад боломж үлдэх байсан юм. Харамсалтай нь эвийн гэрээ байгуулснаар ирэх жил тивийнхээ аваргад зодоглож чадахгүй боллоо.
Норвегийн шигшээн азгүйтэл үргэлжилсээр байна. Катарын дэлхийн аваргыг өнжсөн тэд ирэх Европын аваргыг мөн гэрээсээ үзэхээр болж, 2026 оны дэлхийн аваргад бэлтгэлээ базаахаар болов. Угтаа Норвегид Эрлин Холанд гэх өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг довтлогч, Мартин Эдегор гэх довтолгооны санаачлага тун өндөртэй хагас хамгаалагч бий.
Өчигдрийн тоглолтын дараа Норвегийн ахлах дасгалжуулагч Стэйл Солбаккен “Стив Кларк багаа сайн бэлджээ. Тэр бол сахилга бат сайтай тоглогчидтой, сайн дасгалжуулагч. Тамирчид нь ямар ч дүр эсгэдэггүй. Бие биедээ тусч, хоёр системээр тоглож чаддаг. Ирэх Европын аваргаар Шотландын эсрэг тоглох багуудад амаргүй байх болов уу” гэжээ.
Холбоотой мэдээ