Араб, Исламын орнуудын Гадаад хэргийн яамны төлөөлөгчид өнөөдөр /2023.11.20/ Хятадад айлчилж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Саудын Араб, Йордан, Египет, Индонези, Палестины Гадаад хэргийн сайд нар болон Исламын хамтын ажиллагааны байгууллагын тэргүүн багтжээ. Энэхүү айлчлалын үеэр Газын зурвас дахь мөргөлдөөнийг намжаах, энгийн иргэдийг хамгаалах, Палестины асуудлыг шударгаар шийдвэрлэх арга замыг хэлэлцэнэ гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдлээ.
Хятад улсын хувьд гал зогсоохыг уриалж буй орнуудын тоонд багтана. Мөн яриа хэлэлцээг ахиулах, энх тайвныг тогтоохын тулд юу ч хийхэд бэлэн гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан.
"Газын зурваст хоёр улсын зохицуулалтыг бий болгохыг Хятад бүрэн дэмжиж байна. Олон улсын хамтын нийгэмлэг хүмүүнлэгийн гамшгийг шийдвэрлэхийн тулд ажиллаж, үр дүнтэй арга хэмжээ авах ёстой" гэж Эр-Рияд болсон Ислам-Арабын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хэлсэн. Мөн тэрбээр чуулганыг нээж үг хэлэхдээ Араб, Исламын удирдагчдад хандан "Газын зурвас дахь нөхцөл байдлыг яаралтай намжааж, Ойрхи Дорнодод энх тайвныг аль болох хурдан сэргээхийн төлөө хамтдаа зүтгэцгээе" гэжээ.
Нөгөөтэйгүүр Газын зурвас дахь мөргөлдөөн нь Хятадад Арабын ертөнцийн хэд хэдэн оронтой аль хэдийнэ бэхэжсэн харилцаагаа улам гүнзгийрүүлэх боломжийг олгосон гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ