Хятадын дипломат төлөөлөгч-ПАНДА

Хятадын дипломат төлөөлөгч-ПАНДА

Хятадын дипломат төлөөлөгч-ПАНДА

Тэд бол ердийн дипломат төлөөлөгч биш. Тэд хулсаар хооллож, өдрийнх цагийг нойрмоглон унтаж, зүлэг, цасанд өнхөрч цагийг өнгөрөөдөг. Гэсэн ч тэд  сүүлийн хагас зуун жилийн турш Хойд Америкийн цөөн хэдэн амьтны хүрээлэнгүүдээр тэнүүчлэн, АНУ, Хятадын харилцааны бэлгэ тэмдгийн үүрэг гүйцэтгэсэн. Харамсалтай нь, аварга пандануудыг Хятад руу буцаан авах шийдвэр олон америкчуудыг гуниглуулжээ.

АНУ-ын Смитсонианы үндэсний амьтны хүрээлэнгийн гурван панда энэ сарын эхээр "FedEx"-ээр нутаг буцсан бол Атланта дахь амьтны хүрээлэнгийн дөрвөн панда ирэх жил явахаар төлөвлөсөн байна. Хятад улс пандануудаа эргүүлэн авах шийдвэрийг АНУ-тай харилцаа муудсан үед гаргасан.

Гэхдээ  Хятадын дарга Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногт Сан-Франциско хотноо АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзах үеэрээ "Панда хамгаалах ажилд Вашингтонтой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн" гэж хэлсэн. Тэрбээр Калифорни муж улсын Сан Дьегогийн амьтны хүрээлэн болон америкчууд пандануудыг АНУ-д эргүүлэн авчирах хүсэлтэй байгааг нь харгалзаж үзнэ гэжээ.

Сан Дьегогийн амьтны хүрээлэн 2019 онд сүүлчийн пандагаа Хятадад буцаан өгсөн байна. "Манай хоёр улсын пандаг хамгаалах хүчин чармайлтыг үргэлжлүүлэх талаар Ши Жиньпин дарга амлалт өгч, хулсны баавгайг дахин авчирах калифорничууд болон Сан Диегогийн амьтны хүрээлэнгийнхний хүсэлд анхаарлаа хандуулж байгаад бид баяртай байна" гэж Сан Дьегогийн амьтны хүрээлэнгийн зэрлэг ан амьтдын холбооны ерөнхийлөгч Пол А.Барибо хэлэв.

"Пандагийн тухай гэрээ нь тагнуулын бөмбөлөг, Тайвань, фентанил болон бусад зүйлсийн асуудлыг шийдэхгүй гэдгийг бид ойлгож байна. Гэхдээ хятадууд бидэнтэй дахин хулсны баавгайгаа хуваалцахыг зөвшөөрнө гэдэг нь сайхан мэдээ" хэмээн тэрбээр онцолжээ.

Пандаг хамгаалах хамтарсан хөтөлбөр нь өхөөрдөм ховор амьтдыг бэлэглэхээс илүү онцгой зүйл байсан. АНУ-д  хулсны баавгайнууд 1972 онд Ерөнхийлөгч Никсоны Бээжинд хийсэн түүхэн айлчлалын дараа Хятадын Ерөнхий сайд Жоу Энлайгаас Америкийн ард түмэнд бэлэг болгон иржээ. Айлчлалын үеэр Тэргүүн хатагтай Пэт Никсон Хятадын Ерөнхий сайдад хулсны баавгайд хэр их дуртайгаа хэлсэн байв.

Вашингтонд 1970, 80-аад онд  амьдарч байсан хэн бүхэн амьтны хүрээлэнгийн Линг Линг пандаг хээлтүүлэхийн тулд хэрхэн тасралтгүй, нягт нямбай хүчин чармайлт гаргасныг мэднэ. (Панда үржүүлэхэд хэцүү гэдгээрээ алдартай.) Амьтны хүрээлэнгийнхэн хэд хэдэн удаа амжилттай хээлтүүлсэн ч түүний төллөсөн бүх бамбарууш нь төрснийхөө дараахан үхсэн.

АНУ-ын Үндэсний амьтны хүрээлэн, Атланта, Сан Дьего, Мемфис дэх амьтны хүрээлэн хамтран 20 гаруй пандаг өсгөж байсан бөгөөд цөөн хэдэн үр төл авч чадсан. Цаг хугацаа өнгөрөх тусам амьтны хүрээлэнгүүд пандаг үржүүлэх, эрүүл зулзага өсгөхөд гаршсан байна.

Пандаг хамгаалах хөтөлбөр нь тэднийг зэрлэг байгальд амьд үлдэхэд нь багагүй хувь нэмэр оруулжээ. Тодруулбал, АНУ-ын амьтны хүрээлэнгүүд пандануудыг авч өсгөснийхөө төлөө жил бүр Хятад дахь хулсны баавгай хамгаалах, судлах сангуудад нэг сая ам.долларыг төлдөг аж. Эдгээр сангууд бусад төслүүдийн дунд генетикийн олон янз байдал, нөөцийн менежментийн судалгааг дэмжин ажилладаг байна.

Зөвхөн Атланта дахь амьтны хүрээлэн гэхэд аварга хулсны баавгайг хамгаалахад 16 сая гаруй ам.долларыг хандивласан гэж цахим хуудаснаа  бичжээ. Түүнчлэн амьтны хүрээлэнд төрсөн аливаа зулзагыг бага дээр нь Хятад руу буцаах үүрэгтэй.

Пандаг амгаалах хүчин чармайлт нь Хятадын өмнөд хэсгийн хулсан ойд тэдний тоо толгойг нэмэгдүүлэхэд тусалсан. Тодруулбал, 1980-аад онд амьдрах орчиноо алдсаны улмаас 1100 орчим болтлоо цөөрснөөр аварга хулсны баавгайнууд "ховордсон" гэж тооцогддог байв. Хамгийн сүүлд зэрлэг байгальд 1,864 хулсны баавгай байгаа гэсэн тооцоо гарсан тул 2016 онд Олон улсын байгаль хамгаалах холбооноос тэдний статусыг "эмзэг" болгож өөрчилжээ.

Панда хамгаалах хөтөлбөрийг сэргээх нь АНУ, Хятадын хоорондох зөрчилдөөнийг шийдэж чадахгүй. Гэхдээ энэ нь нөгөө үеийн америкчуудад эдгээр гайхалтай амьтдыг таньж мэдэх боломжийг олгож байгаа нь байгаль хамгаалах нэг хүчин чармайлт юм.

ЭХ СУРВАЛЖ: LOS ANGELES TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-21 213.87.132.211

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж