Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар ажиллаж байсан Х.Бадамсүрэн нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар ажиллаж байсан Х.Бадамсүрэн, Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг болон мэргэжилтэн нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авч, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн онд /2022.08.31/ "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал Х.Бадамсүрэнг чөлөөлсөн. Ингэхдээ түүнийг өмнө нь томилсон  "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл тогтоолоор "Зэс, металлын групп"-ийн даргаар томилсон шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар ажиллаж байсан Х.Б, Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч дарга Ж.Г, мэргэжилтэн М.Ж нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авч, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Улсын тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр гянтболдыг тусгай зөвшөөрөлгүйгээр олборлож БНХАУ-д экспортолсон, мөнгө угаасан, ашиг олох зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, Ховд аймгийн эрх бүхий албан тушаалтнуудад хахууль өгсөн гэх Р.Б, Б.Ү, Х.Б нарын 18 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйлийн 1 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах олборлох/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 21.10 дугаар зүйлийн 1 /Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын газар зохион байгуулагч О.С, чиглүүлэгч Э.Ц нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэдэд газар эзэмших эрх олгох нөхцөлийг бүрдүүлэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн  22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн захирал Д.О нь бусдаас хахууль авч, шалгалтад тэнцээгүй сурагчдыг тус сургуульд элсүүлж, суралцуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Дорноговь аймгийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн Ш нь визний ангилал зөрчиж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулсан тус улсын 11 иргэний зөрчлийг дарагдуулах зорилгоор бусдад хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 34 нэр төрлийн түүх соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар нэвтрүүлсэн иргэн Л.Б, Б.Э, мөн тус боомтоор 15 нэр төрлийн түүх соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар нэвтрүүлсэн иргэн С.Х нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.