АН: Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох ёстой

Хуучирсан мэдээ: 2023.11.20-нд нийтлэгдсэн

АН: Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох ёстой

АН: Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр (2023.11.20)сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-2017 оноос хойш 20 залуу амиа алдсан байна. Жилд хоёроос дээш залуу нас барж байна. Батлан хамгаалах тогтолцоонд томоохон асуудал байна. Өнгөрсөн хугацаанд Батлан хамгаалахын сайд иргэний төлөөлөл байна гэсэн зүйл заалт хэрэгжиж ирсэн. Зэвсэгт хүчний жанжин штаб гэдэг нь мэргэжлийн байгууллага байдаг. Гэвч хүний эрхийн асуудлаа тэнцүүлж авч явах зарчим зөрчигдөж ирлээ.

Ардчилсан намын бүлгийн гишүүд “Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох ёстой, иргэний төлөөлөл, иргэний эрх ашгийг хамгаалдаг төлөөлөл Батлан хамгаалахын сайдаар ажиллах ёстой” гэдэг дээр санал нэгдэж, бодлого боловсруулж ажиллахаар болсон гэлээ.

УИХ-ын дэд дарга С.ОДОНТУЯА:

-Цэргийн амь нас хохирч байгаа асуудалд Ардчилсан намын бүлэг шүүмжлэлтэй хандаж байгаа. 2021 оны гуравдугаар сарын 31 нд Ардчилсан намын бүлгээс минийн нэр дээр Зэвсэгт хүчин жанжин штаб руу албан бичиг явуулсан байдаг. Энэний дагуу Хүний эрхийн дэд хороог хуралдуулсан. Цэргийн амь нас хохирдог юм байна, хүний эрхийн зөрчил маш их байна, маш олон ажил хийх шаардлагатай юм байна гэдэг чиглэлийг гаргаж, Ерөнхийлөгч болон Засгийн газарт өгч байсан.  Энэ дагуу хяналт тавьж ажиллана гэлээ.

Ардчилсан намын дэд дарга О.АЛТАНГЭРЭЛ:

-Бүлгийн хуралдаанд сэтгүүлчийн болон иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой хоёр санал оруулж хэлэлцүүллээ.

2017 оноос гүтгэх, доромжлох гэмт хэргийг Эрүүгийн хуульд оруулж шийдвэрлэж байгаад 2020 оноос худал мэдээлэл тараах гэсэн нэр томъёоны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Олон жил хэвлэл мэдээлэл болон иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг ярихдаа Эрүүгийн, Иргэний хуулиар шийдэхийг яриад байснаас биш  хууль зүйн зохицуулалтыг нарийвчилж оруулах асуудлыг хөндөөгүй байна гэсэн дүгнэлт гарсан.

2002 оны Иргэний хуулиар нэр төр, ажил хэргийн нэр хүндтэй холбоотой заалтууд шинэчлэгдээгүй. Худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэрэг ойлголтын хувьд бүрхэг. Хуучин Эрүүгийн хуульд байсан гүтгэх, доромжлох гэмт хэргийн агуулгуудыг хольсон, дураараа тайлбарлаж ирлээ. 2016 онд НҮБ-аас энэ төрлийн гэмт хэргийг халах зөвлөмж өгч, УИХ хүлээж авсан. Харамсалтай нь эрх баригчид үүнээс ухарсан. Өнгөрсөн жил хэвлэлийн эрх чөлөөний индексээр 280 орноос 90-д байсан орон өнгөрсөн жил хоёр байр урагшилсан.

Ийм учраас энэ хуулийн зохицуулалтуудад хуульч, судлаачид, сэтгүүлчдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал орууллаа.

2022 оны байдлаар 300 гаруй эрүүгийн хэрэг нээж шалгаснаас 10 орчим нь шүүхээр шийдэгдсэн тоо байна. Үүнийг тайлбарлавал худал мэдээлэл тараах гэсэн том малгайн доор үзэл бодлоо илэрхийлсэн иргэн болон сэтгүүлчдийн эсрэг эрүүгийн хэрэг нээдэг. Дахин дахин дуудаж, залхаан цээрлүүлэх, энэ хугацаанд гомдол гаргагч нь тохирох, уучлал гуйвал гомдлоо татна гэдэг. Нэг ёсны энэ гэмт хэргийг хянан шийдвэрлэж байгаа процесс нь үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлчид болон иргэдийг залхаан цээрлүүлэх шинжтэй, мөрдөн байцаах байгууллагын ачааллыг нэмэгдүүлж байна гэсэн дүгнэлт гарч байгаа.

Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэмт хэрэг, ял шийтгэлтэй холбоотой Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төсөл эцсийн хэлэлцүүлэг болох гэж байна. Энэ зүйл заалт буюу 21.9.1-д мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг задруулсан бол ял шийтгэл оноохоор заачихаж байна. Монгол Улсад Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, энэ байгууллагуудын мөрдөн шалгах ажиллагааны талаар баримт мэдээллийг олж мэдсэн хүн задруулсан бол гээд хүн гэдэг малгайн доор үзэл бодлоо илэрхийлэх иргэн хүний эрх чөлөө, иргэдэд мэдээллийг хүргэдэг сэтгүүлчид хамт орж ирж байна.

Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн 21.9.3-т шүүх, прокурор, өмгөөлөгч, хууль сахиулагч гэж мөрдөн шалгах ажиллагааны нууцыг мэддэг хүмүүсийг тодотгож оруулж ирсэн. 21.9.1-д аливаа шалгагдаж буй хэргийн талаар мэдээлсэн хувь хүн, сэтгүүлчийг яллах цоорхой нээгдэж байна. Мөрдөн байцаалтын хавтаст хэрэг олон төрлийн нотлох баримт цуглуулдаг. Олон нийтэд ил болсон  гэрчийн мэдүүлэг байж болно. Аливаа нэг гэмт хэргийн талаар үйл баримтаас сэтгүүлч мэдээлэл бэлтгээд, тэр тухайгаа цагдаа болон мөрдөн байцаах байгууллагад мэдээлэл өгөөд мөрдөн байцаалтад орсон байж болно. Үүнийг мэдээлснээр гэмт хэргийн субъект болоод  эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл гарч байна. Үүнийг анхаарах ёстой гээд санал оруулсан юм гэлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж