УИХ өрх бүрийн үүдээр орох хууль батлахад ойрхон ирээд байна. Засгийн газраас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачилсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хуулийн төслөө "Хайр сэтгэл хуульчлагддаггүй” хэмээн хамгаалаад буй. Тэрбээр “Энэ бол цэвэр ёс суртахууны асуудал. Хуульчилж огт болдоггүй харилцаа гэж байна. Гэр бүлийн хосын нэг нь гуравдагч хүн лүү харсныг хайр, шохоорхол, дурлал юм уу гэдгийг дотор орсон юм шиг мэдэхгүй шүү дээ. Гуравдагч хүнийг харж болохгүй гэж хуульд бичиж болохгүй" гэсэн.
Гэр бүлийн хуулийн төслийг шинээр бичих явцад нууц амрагт хариуцлага тооцох, эхнэр эсвэл нөхрөө хашраах санал ихээр гарсан болохыг цахим хэлэлцүүлгээс харж болно. Мөн нийгэм эдийн засгийн хөгжлийг дагаад хамтын хөрөнгөө хуульчлах, хамтран амьдрагчийн харилцааг зохицуулах зэрэг бидний өдөр тутмын амьдрал уг хуулиас хамаарах юм. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаас заавал мэдэх ёстой заалтуудыг хүргэж байна. Ялангуяа гэрлэлтийн гэрээний гэгдэх ойлголт энэ хуулиар албан ёсны зүйл болж баталгаажих нь.
ХАМТРАН АМЬДРАГЧДЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛНА
Албан ёсны гэр бүл болоогүй ч хамтран амьдрах чиг хандлага залуусын дунд байдаг л болсон зүйл. Тэгвэл бүлийн хуулиар хамтран амьдрагчдын харилцааг нарийвчлан зохицуулахаар тусгажээ. Төсөлд тусгаснаар хамтран амьдрагч гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдрах хэлбэр нь гэр бүлийн зарим үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс гэр бүлтэй дүйцэх харилцаа гэж тодорхойлсон байна. Тухайлбал, 2014-2022 оны хооронд эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй буюу хамтран амьдарч байх хугацаанд нь 22,924 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Энэхүү тоо баримтаас үзэхэд хамтран амьдрах хэлбэр түгээмэл гэж үзжээ. Хуулийн 21 дүгээр зүйлд гэрлэлттэй адилтгах харилцааг зохицуулсан.
21.1.Хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болсноос үүсэх эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэхдээ дараах нөхцөлийг харгалзан хамтын амьдралыг гэрлэлттэй адилтган тооцож болно:
21.1.1.хамтран амьдрагчид бусад хүнтэй гэрлэлт бүртгүүлээгүй эсэх;
21.1.2.таваас доошгүй жилийн хугацааны туршид тогтмол хамтран амьдарсан эсэх;
21.1.3.эд хөрөнгө дундаа өмчилж байгаа эсэх, дундын эд хөрөнгө бий
болсон эсэх;
21.1.4.хамтран амьдрагчид нэг оршин суух хаягт бүртгэлтэй эсэх;
21.1.5.хамтран амьдрагчид дундаасаа хүүхэдтэй эсэх.
21.2.Хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болох тохиолдолд бие биеэ тэжээн тэтгэх, өв залгамжлах эрх, үүрэг үүсэхгүй.
21.3.Хамтран амьдрагчдын хамтын амьдралын үед, эсхүл хамтын амьдрал дуусгавар болоход тэдний хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлнэ.
ГЭРЛЭЛТИЙГ ГЭРЭЭЛЖ, ТЭЭГЧ ЭХИЙГ ХУУЛЬЧИЛНА
Өмчлөх эрхтэй холбоотойгоор гэрлэлтийг гэрээлэх шаардлага тулгардаг. Тэгвэл Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар үүнийг албан ёсны болгож хуульчлахаар тусгасан байна. Төсөлд гэрлэлтийн гэрээг ерөнхийд нь эд хөрөнгийн эрхтэй холбож өгчээ. Үүнээс гадна тээгч эхээр хүүхэд тээлгэх, зохиомлоор үр суулгах гэх зэрэг шинэлэг зохицуулалтууд багтаасан.
ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖЭЭ ТӨЛӨӨГҮЙ БОЛ 0.5 ХУВИЙН АЛДАНГИ ТООЦНО
Гэр бүлийн салалт улмаас хүүхдийн тэтгэмжийн асуудлыг хөнджээ. Хүүхдийн тэтгэлгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн мэдээллээс үзэхэд 50 гаруй хувь огт төлөгддөггүй ажээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2021 оны байдлаар тэтгэлэг авагч нийт 13,886 хүүхэд байгаагаас 9,739 хүүхэд тэтгэлгээ авч чадаагүй.
Тэгвэл шинэчилж байгаа хуулиар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож, алданги төлдөг байхаар тусгажээ. Ингэхдээ алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх босго тогтоосон байна. Мөн хүүхдийн тэтгэлэг төлөгчөөс нэмэлт тэтгэлэг, зардал гаргуулах асуудлыг дараах байдлаар хуульчлахаар байна.
Хуулийн төслийн 49.1-т Тэтгэлэг авагч хүндээр өвчилсөн, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй болсон, эсхүл байнгын асаргаа шаардлагатай, эсхүл сургуульд орсон зэрэг онцгой тохиолдолд тэтгэлэг төлөгчөөс нэмэлт тэтгэлэг, эсхүл зардлыг хариуцуулахаар сонирхогч тал шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэжээ.
Холбоотой мэдээ