Өнөөдөр /2023.11.20/ "Дэлхийн хүүхдийн өдөр" тохиож байна. "Хүүхдийн эрхийн конвенц"-ыг одоогоос 34 жилийн өмнөх энэ өдөр дэлхийн удирдагчид чуулж баталсан түүхтэй. Түүнээс хойш жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-нд олон улсад хүүхдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна. Тухайлбал, 2017 онд энэ өдрийг тэмдэглэх талаар НҮБ-ын Хүүхдийн сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгдсэн байдаг.
Тунхаглалд хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатайг зааж өгчээ.
- Хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээний зардалд 2022 онд 3,8 тэрбум төгрөг,
- 2023 онд 5,7 тэрбум төгрөг,
- Шуурхай тусламж үйлчилгээний зардалд 2022 онд 467 сая төгрөг,
- 2023 онд 348 сая төгрөг,
- Урьдчилан сэргийлэх зардалд 2022 онд 3,075 тэрбум төгрөг,
- 2023 онд 1,8 тэрбум төгрөг хуваарилжээ.
УИХ-ын аравдугаар сарын 6-ны хуралдаанаар Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар мэдээллийг сонссон. Тухайн үед хүүхэд хамгааллын хөтөлбөрийн зардлын зарцуулалтад аудит хийхэд холбогдох хууль, журмыг мөрдөөгүй, гүйцэтгэлд суурилсан зардлын төлөвлөлт хийдэггүй, санхүүгийн сахилга бат сул зэрэг хэд хэдэн зөрчил гарсан гэдгийг Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Х.Булгантуяа онцолж байв.
ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын институтээс гаргасан судалгаагаар 10 хүүхэд тутмын найм нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн. Хоёр хүүхэд тутмын нэг нь бие махбодын хүчирхийлэлд, дөрвөн хүүхэд тутмын гурав нь сэтгэл санааны, гурван хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэл, найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байна.
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн дуудлага мэдээллийг авч үзвэл 2021 онд нийт тус төвд 26503, 2022 онд 117 мянган дуудлага, энэ оны есдүгээр сарын байдлаар 78310 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагыг задалж үзвэл, хүүхдийн эрх хамгаалал, бие махбодийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, сэтгэл санаа, үл хайхрах, гэр бүлийн харилцааны зэрэгт хуваагдаж байна.
Нийгэмд гарч байгаа хүүхдийн эсрэг нийт хүчирхийллийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг аж.
Тиймээс хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн орчин бүрдүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.
Холбоотой мэдээ